Оны төгсгөлд нийслэлийн төсвийн зарлагын мэдээллийг УИХ-ын Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо сонслоо.
Энэ үеэр өндөр дүнгээр төсвийн мөнгийг торгуулийн камерт зарцуулсан нь цагаа олсон, оновчтой шийдэл байсан эсэх болон Үндэсний аюулгүй байдал эрсдэлд учирсан эсэх асуудал хөндөгдөв.
Нийслэл сүүлийн 5 жил 225 тэрбум төгрөгөөр мэдээллийн технологийн төслүүд хэрэгжүүлснээс 2024-2026 онд 211 тэрбум төгрөг зарцуулж байна. 2025 онд Нийслэлийн төсвөөс 125 тэрбум, гадаадын зээлээр 24.67 сая доллар буюу 86 тэрбумын ажил хэрэгжүүлжээ.
Эдгээрээс сүүлийн таван жилийн төсвийн тал нь буюу 100 тэрбумыг камерт зарцуулсан байна.



Харин хүүхдийн сургууль, цэцэрлэгийн аюулгүй байдлын камерт ганцхан тэрбум ногджээ.
Ч.Анар камерын хяналтын төсөв болон аюулгүй байдал ихээхэн анхаарал татаж байгааг цохон тэмдэглэсэн.
Мөн “Бодлого, шийдвэр гаргахдаа богино хугацааны ашиг бус, улсын тусгаар тогтнол, иргэдийн эрх ашиг, мэдээллийн аюулгүй байдлыг урт хугацаанд хамгаалах зарчмыг дээдлэх ёстой. Монгол Улсад Кибер аюулгүй байдлын тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинэчлэх нь зайлшгүй шаардлагатай” хэмээн анхааруулсан.
Уг хуралд Нийслэлийн төслүүд дунд давхардсан агуулгатай болон зах зээлийн ханшнаас өндөр үнэтэй төслүүд байгааг гишүүд тодруулан асууж, зарцуулж эхлээгүй төслүүдээс хэмнэх шаардлага тавьжээ.
Нийслэлийн мэдээллийн технологийн шийдлүүдэд дараах зүйлсийг анхаарах шаардлагатай талаар салбарын мэргэжилтнүүд дүгнэсэн байна.
- Авто зогсоолын ухаалаг системд энэ жил гадаадын зээлээр 5.8 сая ам.доллар буюу 20.3 тэрбум төгрөг төсөвлөсөн нь өмнөх ажилтай давхацсан агуулгатай.
- Авто замын хөдөлгөөний зохицуулалттай холбоотой Гадаадын зээл, тусламжийн хавсралт хүснэгтийн 2 дугаар мөрөнд тусгагдсан 9.5 сая ам.долларын төсөл нь Улс, Нийслэлийн төсвийн хүснэгтийн 24–26 дугаар мөртэй давхцаж байна.
- Гадаадын зээлээр хэрэгжиж буй “Зам, тээврийн ослын бүртгэл, мэдээллийн платформ хөгжүүлэх” төсөл нь 2025 онд Улсын төсвөөр тендер зарлаж байсан ажилтай ижил харагдаж байна.
- Улаанбаатар хотын хөгжлийн корпорац ХК нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай, PPP зарчмаар авто зогсоолын төслүүдийг хэрэгжүүлж байгаа атлаа, ижил чиглэлийн төслийг гадаадын зээлээр 5.8 сая ам.доллароор хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь мөн давхардал мэт харагдаж байна.
- 2022–2025 онд авто тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ (RFID tag) нэвтрүүлэх ажил хэрэгжиж, гүйцэтгэл 80 хувьтай гэсэн байна. Энэхүү шийдлээр ямар асуудлыг шийдэх, ямар бодит үр дүнд хүрэх, ашиглалтын дараах үр өгөөжийг хэрхэн хэмжих талаар тодорхой тайлбар, үнэлгээ дутмаг байна.
- Нийслэл, орон нутгийн өмчийн бүртгэл, мэдээллийн цогц системийг 1.4 тэрбум төгрөгийн төсөвтэйгөөр хэрэгжүүлсэн байна. Гэтэл Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт ижил зорилготой, улсын хэмжээнд ашиглах системийг 750 сая төгрөгөөр хөгжүүлсэн. Нийслэлийн төсвөөр хөгжүүлсэн систем нь хэрэглээний шаардлага хангахгүй болсон тул ТӨБЗГ-ын системийг ашиглахаар шийдсэн нь ижил ажлын даалгавартай төслийг 2 дахин өндөр өртгөөр давхардуулан хэрэгжүүлснийг харуулж байна.
- 2022–2023 онд хэрэгжүүлсэн “Улсын хаягийн нэгдсэн систем”-д бүрэн холбох ажилд 173 сая төгрөгийн гэрээ байгуулсан боловч гүйцэтгэл 80 хувьтай, ажил бүрэн дуусаагүй байна (хүснэгтийн 18 дугаар мөр).
- 2024 онд UB Engineering буюу Улаанбаатар хотын нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн ашиглалт, үйлчилгээний нэгдсэн хяналтын системийг хөгжүүлэх 3 тэрбум төгрөгийн төсвөөс 2.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон ч гүйцэтгэл 80 хувьтай байна.
- 2025 онд Нийслэлийн тээврийн төлбөрийн менежментийн системийг хөгжүүлэх 22.7 тэрбум төгрөгийн гэрээний хүрээнд ажлын гүйцэтгэл 58 хувьтай байхад санхүүжилтийн 90 хувь буюу 20.6 тэрбум төгрөгийг авсан байна. Уг гэрээ нь төрийн нууцаар хэрэгжсэн, нээлттэй сонгон шалгаруулалт хийгдээгүй байна.
- Хүснэгтийн 1–3 дугаар мөрөнд тусгагдсан нийт ~80 тэрбум төгрөгийн ажлыг төрийн нууц гэрээгээр хэрэгжүүлсэн.
- Харин гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж буй төслүүдийг нээлттэй сонгон шалгаруулалтаар хэрэгжүүлж байгаа нь харьцуулбал ил тод байдал алдагдсан харагдаж байна.
Технологийн шийдэл худалдан авахдаа салбарын яамнаас хэрэгцээ шаардлага, үнэ өртгийн зөвлөмж авах талаар Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан байдаг.
Гэтэл энэ заалт хэрэгжээгүй явж ирсэн учраас Инновац, цахим бодлогын байнгын хороо “Яамнаас зөвлөмж аваагүй бол төсөв олгохгүй байх” талаар тогтоол гаргаж Засгийн газар, Сангийн яаманд чиглэл өгсөн ч хэрэгжилт хангалтгүй байгаа талаар уг байнгын хорооны дарга Ж.Золжаргал цахим сүлжээнд илэрхийлж байсан удаатай.
Мөн тус байнгын хороо төрийн байгууллагуудын зарцуулсан мэдээллийн технологийн ажлуудын жагсаалтыг гаргуулж авахад, 370 орчим тэрбум төгрөг болж байсан. Үүнд нийслэл болон хүчний байгууллагуудыг төсөв ороогүй. Эдгээрийг нэмбэл их наяд гарах магадлал бий хэмээн эх сурвалж мэдээлж байна.
Сэтгэгдэл үлдээх