Graph.mn сайт харааны бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн хүртээмж хэр байдаг талаар сурвалжиллаа.
Бид сурвалжилгаа хийхдээ сурвалжлагчийн нүдийг боож Улаанбаатар хотын явган хүний замаар явж, автобусанд сууж, гэрлэн дохиогоор гарахад хэр ээлтэй шийдэлтэй байгааг харуулахыг хичээсэн юм.
Гэрлэн дохиогоор гарахад
Ногоон гэрэл асах үед дуугардаг дохиолол нь өөр газраас дуугарч, андуурах тохиолдол гарч байв. Цагаан шугамаар гарч байх үед борооны тогтоол усанд шавар тогтсон байсан бөгөөд түүнийг мэдэлгүй гишгэх шахсан. Цагаан шугам дуусангуут харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан тэмдэглэгээтэй зам байхгүй болсон нь хаашаа явахаа мэдэхгүй байдалд хүргэсэн юм. Өөрөөр хэлбэл, харааны бэрхшээлтэй иргэн хаана машины зам, хаана явган хүний зам, хаана дугуйн зам байгаа вэ гэдгийг мэдэхгүйгээр ямар нэг байдлаар эрсдэлд өртөхөөр байв.
Цаашаа явж байтал гэнэт л харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан тэмдэглэгээтэй явган хүний зам гарч ирсэн. Түүнийг дагаад явтал шууд машины зам руу орчихов. Нэг үгээр хэлбэл, тэр замыг дагаад явсан харааны бэрхшээлтэй иргэн шууд л машины зам руу орж, дайруулах эрсдэлтэй байна.
Автобусанд суух үед
Ямар чиглэлийн автобус, хаанаас хаашаа явж байгаа талаарх мэдээллийг хаанаас авах нь тодорхойгүй байлаа. Тухайн үед автобусны буудал дээр автобус хүлээн зогсож байсан иргэдээс асууж сурагласны эцэст арай гэж мэдэх боломжтой байна.
Гудамжаар алхах үед
Цааш бид гудамжаар алхаж үзлээ. Алхаж байх үед явган хүний зам дээр машинаа тавьсан байх нь энгийн л үзэгдэл байв. Харааны бэрхшээлтэй иргэн бол энэ замд саатаж, хүний тусламж авахаас аргагүйд хүрлээ.
Энэ зам бол харааны бэрхшээлтэй иргэдэд өдөр тутамд тулгардаг асуудал юм. Манай улсад 12696 харааны бэрхшээлтэй иргэн байдаг ажээ. Тэд бусдын тусламжгүй л бол Улаанбаатар хотод явах боломжгүй байна.
Сэтгэгдэл үлдээх