Ж.Золжаргал: Эрдэнэс таван толгой иргэдийн компани биш төрийн касс болжээ

.Graph
2026-02-05

Сүүлийн жилүүдэд “Эрдэнэс Тавантолгой” компаниас иргэд ноогдол ашиг авах тухай сэдэв байнга итгэл төрүүлээд, талаар өнгөрдөг болсон. Үүнийг зарим нь зах зээлийн нөхцөл, нүүрсний үнэ, экспортын сааталтай холбон тайлбарладаг. Гэвч бодит тоо баримт өөр зүйлийг өгүүлж байна.

"ЭТТ" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Цэрэнсамбуу: 2025 оны санхүүгийн үзүүлэлтээр Эрдэнэс Тавантолгой компаниас ноогдол ашиг тараахад хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Учир нь сүүлийн жилүүдэд компанийн орлогын ихэнх хэсгийг бэлэн мөнгөөр олон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зарцуулсан.

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал энэ талаар холбогдох дэлгэрэнгүй мэдээллийг цуглуулж, олон нийтэд мэдээллээ.

ЭТТ компани ашиггүйдээ бус, харин ашгаа иргэдэд хүргэхээсээ өмнө төрийн олон төсөл, хөтөлбөрүүдэд бэлэн мөнгөөр урсгаснаас ноогдол ашиг тараах боломжгүй байдалд хүрчээ.

Сүүлийн таван жилд тус компани нийт 8.7 их наяд төгрөг зарцуулсан байна. Үүний 5.8 их наяд нь төмөр зам, нүүрс баяжуулах үйлдвэр, газрын тос дамжуулах хоолой зэрэг томоохон төслүүдэд чиглэжээ. Харин 1.7 их наяд төгрөг нь шахмал түлшний татаас, менежментийн төлбөр, нийгмийн шинжтэй зардлуудад зарцуулагдсан байна.

Асуудал нь эдгээр төслүүдийн ихэнх нь өнөөдөр бодит орлого авчирч эхлээгүй, зарим нь бүр ашиглалтад ч ороогүй байхад хөрөнгө нь бүрэн гарсан явдал юм. Өөрөөр хэлбэл ЭТТ-гийн бэлэн мөнгө ашиг бий болгохоосоо өмнө “царцаж”, иргэдэд очих ёстой өгөөж хаагдсан гэсэн үг.

Илүү анхаарал татах нэг баримт бол компанийн ирээдүйн стратеги, зах зээл, боловсруулах үйлдвэрлэлийн судалгаанд зарцуулсан мөнгө бараг байхгүйтэй адил хэмжээтэй байгаа явдал. Тоног төхөөрөмжид их наяд төгрөг урсгасан атлаа ашиг нэмэгдүүлэх бодлого судалгаанд ердөө хэдхэн арван сая төгрөг хуваарилсан нь ЭТТ богино хугацааны олборлолтын логикоор л ажиллаж ирснийг харуулна.

Үүн дээр нэмэгдээд хамгийн ноцтой асуудал нь — ийм хэмжээний их наядын зарцуулалт парламентын бодит хяналтад ордоггүй, иргэдийн төлөөлөл шийдвэр гаргалтад нөлөөлөх боломжгүй тогтолцоогоор явж ирсэн явдал юм. ЭТТ бодитоороо уул уурхайн компани гэхээсээ илүү төрийн далд санхүүжилтийн эх үүсвэр болж хувирсан байна.

Төсөв хүрэлцэхгүй үед шахмал түлш, зам засвар, нийгмийн төслүүдийг улсын төсвөөр биш ЭТТ-гийн ашгаас санхүүжүүлдэг практик тогтсон нь өнөөдрийн ноогдол ашиггүй байдлын жинхэнэ шалтгаан болжээ.

Ингэснээр компани ашигтай ч иргэд ашиг хүртэхгүй, улс төрийн шийдвэрээр урсгаж байдаг гаж тогтолцоо бий болсон байна.

Хэрэв энэ хэвээр үргэлжилбэл ЭТТ хэчнээн их нүүрс олборлож, хэчнээн их орлого олсон ч иргэдийн гар дээр бодит өгөөж очихгүй хэвээр үлдэнэ. 

Иймээс асуудлын шийдэл нь нүүрсний үнэд ч биш, экспортод ч биш. Харин зарцуулалтад хатуу хяналт тогтоох, улс төрийн санхүүжилтийн хэрэгсэл болгохоо зогсоох, иргэдийн төлөөллийг бодитой оролцуулсан засаглал бий болгох юм.

Зургаар үзэх бол энд дараарай.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe