Чуулганы "зөрчилтэй" нээлт

Ц.Чимэдцэеэ
2026-03-16

УИХ-ын дарга Н.Учрал 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээн 30 минут үг хэлжээ.

Илтгэл олон улсын нөхцөл байдал, парламентын ёс зүй, иргэдтэй хийсэн уулзалтын талаар эхэлж, эхлэн хаврын чуулганаах хэлэлцэх асуудал, ажлын хэсгүүдийг танилцуулснаар үргэлжилсэн юм.

Төрийн хүнд суртлыг бууруулах, эдийн засгийн эрх чөлөөг нэмэгдүүлэх тухай ярьсан атлаа төрийн оролцоог бүрэн бууруулахгүй гэсэн хоёрдмол байр суурь илэрхийлсэн нь анзаарагдлаа. Товчхондоо чуулганы индрээс “чөлөөлөх” тухай ярьсан ч төрийн нөлөө хэвээр үлдэх бодлогын дохио сонсогдсон гэж дүгнэж болохоор байна.

Зургаар үзэх бол энд дараарай.

Нэг. “Чөлөөлье” гэвч төрийн оролцоо хэвээр

УИХ-ын дарга “Чөлөөлье” санаачилгаа дахин онцолж, зөвшөөрөл, дүгнэлт, гэрчилгээ зэрэг нэрээр илэрдэг хүнд суртлыг бууруулах шаардлагатайг дурдав.

Түүний тайлбарласнаар зөвшөөрлийн тогтолцоог өөрчилж, бизнес эхлүүлэхэд тулгардаг шат дамжлагыг цөөлөх, “хориглоогүй бол зөвшөөрнө” гэсэн зарчим руу шилжих ёстой гэж үзжээ.

Гэвч энэ санаачилга бодит үр дүнд хүрэх эсэх нь эргэлзээтэй. Учир нь Монголд хүнд суртал зөвхөн зөвшөөрлийн тооноос бус төрийн байгууллагын давхардсан эрх мэдэл, журам, дүрэм, хяналтын тогтолцооноос үүсдэг.

Хуулийн өөрчлөлтөөс илүү төрийн  байгууллагын соёл, бүтцийг өөрчлөгдөхгүй бол “чөлөөлөх” бодлого цаасан дээр үлдэх эрсдэлтэй.

Хоёр. Эдийн засгийн эрх чөлөө

Илтгэлд хөрөнгө оруулалтыг хамгаалах, хувийн өмчийг баталгаажуулах, гадаадын банк нэвтрүүлэх зэрэг санхүүгийн зах зээлийн шинэчлэлийг онцолсон.

Үүний зэрэгцээ татварын бодлогыг төрөөр дамжуулан зохицуулах, эрчим хүчний салбарт төрийн оролцоог хадгалах, стратегийн салбарт төрийн нөлөөг хэвээр байлгах гэсэн агуулга давхар явж байв.

Энэ нь чөлөөт эдийн засгийг дэмжинэ гэж байгаа ч  бодит бодлого нь "төвлөрсөн" хэвээр байна.

Гурав. Зээлийн хүү, банкны салбар

Монголын эдийн засгийн нэг том асуудал болох өндөр зээлийн хүүг дахин хөндсөн. Гадаадын банк оруулж ирснээр өрсөлдөөн нэмэгдэж, зээлийн хүү буурна гэсэн санаа илэрхийлсэн боловч энэ нь шинэлэг шийдэл биш. Сүүлийн арваад жилийн турш улс төрийн түвшинд давтагдаж ирсэн энэ санал бодит ажил хэрэг болоогүй хэвээр байна.

Түүнчлэн зээлийн хүүгийн өндөр түвшин нь эдийн засгийн эрсдэл, инфляц, санхүүгийн зах зээлийн жижиг хэмжээ зэрэг суурь асуудалтай холбоотой тул зөвхөн банкны бүтцийн өөрчлөлтөөр шийдэх боломжгүй гэж эдийн засагчид үздэг.

Монголбанкны 2026 оны инфляцын голч зорилтыг 6 хувь хэмээн төсөөлж байсан. Гэтэл Мөнгөний бодлогын хорооны энэ оны нэгдүгээр сарын 16-ны хуралдааны тэмдэглэлд:

“Боловсрол, эрүүл мэндийн салбарын ажиллагсдын цалинг нэмэгдүүлэхэд 900 орчим тэрбум төгрөг нэмж зарцуулагдахаар байгаа нь тодорхой сувгуудаар дамжиж, хэрэглээний импортыг нэмэгдүүлэх, ханш, төлбөрийн тэнцлийн дарамтыг өсгөх, эрэлтийн шалтгаантай инфляцын дарамтыг нэмэгдүүлэн зээлийн халалттай байгаа энэ үед банкны салбарт эрсдэл хуримтлуулж болзошгүй. Улсын секторын цалингийн энэхүү өсөлтийг хувийн сектор дагах тохиолдолд хэрэглээний зээлийн эрэлт улам эрчимжиж инфляцын дарамтыг нэмэгдүүлнэ” хэмээн дурдсан байдаг.

Мөн Монгол Улсад олгогдсон ипотекийн зээлийн нийт үлдэгдэл 11 их наяд төгрөг давж, Монголбанкны ачааг улам нэмсэн.

Иймд эдийн засаг, тэр дундаа Монголбанк инфляцыг барих, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах, эдийн засгийн идэвхийг сааруулахгүй байх гэсэн зөрчилтэй зорилтын дунд тэнцвэр олох хүнд сорилттой тулгарсан.

Дээрх төвөгтэй нөхцөлөөс гарахын тулд Засгийн газар бонд босгон дээрх өрийг дарах арга хайхаас өөр замгүй харагдаж байна. 

Дөрөв. Авлигын эсрэг тэмцэл

Транспэрэнси Интернэшнл (Transparency International) байгууллагын авлигын төсөөллийн индексээр Монгол Улс 2025 онд 182 орноос 124-т эрэмбэлэгдсэн нь “ноцтой дохио” хэмээн УИХ-ын дарга тодотгосон.

Үүнтэй холбоотойгоор хууль бусаар олсон хөрөнгийг хураах, төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах тухай хуулийн төслүүдийг хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөжээ.

Гэхдээ Монголын улс төрийн бодит байдалд авлигын эсрэг хууль батлах нь өөрөө хангалтгүй. Гол асуудал нь хууль хэрэгжүүлэх улс төрийн хүсэл, институцийн хараат бус байдал байдаг гэдгийг өнгөрсөн жилүүдийн туршлага харуулсаар байна.

Тав. Толинд шивнэсэн үг

Илтгэлийн төгсгөлд УИХ-ын гишүүдийн ирц, оролцооны асуудлыг онцолсон нь анхаарал татав.

Тэр зарим гишүүн хуралдааны ердөө 19 хувьд нь оролцсон тухай дурдсан нь парламентын хариуцлага, чуулганы дэг сахиулах ажил хэр  байгааг харуулсан. Гол нь өөрийнхөө хариуцлагын асуудлыг ийнхүү хөндөв.

Үүний зэрэгцээ парламентын үйл ажиллагааг ил тод болгохоор e.parliament.mn платформ нэвтрүүлсэн тухай танилцуулсан нь технологийн шинэчлэлийн нэг алхам хэмээн өөртөө “алга ташлаа”.

Эцэст нь

Энэ удаагийн илтгэлээс харахад хаврын чуулганы гол сэдэв эдийн засгийн эрх чөлөө, хөрөнгө оруулалт, банк санхүүгийн шинэчлэл, авлигатай тэмцэл байх нь тодорхой болж байна.

Гэхдээ илтгэлд дэвшүүлсэн санаанууд бодит реформ болж хэрэгжих эсэх нь парламентын мэтгэлцээн, улс төрийн тохиролцооноос ихээхэн шалтгаална. “Чөлөөлөх” тухай улс төрийн уриа бодит бодлого болох эсэх нь энэ хаврын чуулганы жинхэнэ шалгуур байх бололтой.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe