Ерөнхий сайд асан Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн Баттогтохын Энхбаяр болон холбогдох нэр бүхий албан тушаалтнуудтай холбоотой ноцтой авлигын шинжтэй асуудлаар Авлигатай тэмцэх газар (АТГ)-т гомдол гаргаж, баримт материал хүлээлгэн өгсөн талаар мэдэгдлээ.
Мэдэгдэлд Б.Энхбаярыг Бодь Интернэшнл компанитай холбоотойгоор нийт 1.3 сая ам.долларыг бэлнээр авсан байж болзошгүй гэж үзэж буйгаа дурдсан байна. Уг мөнгийг хоёр удаагийн гүйлгээгээр авсан бөгөөд энэ талаар гэрчүүдийн мэдүүлэг болон хоёр цаг гаруйн видео бичлэг байгаа гэв.
Мөн тухайн асуудалд холбогдох гэрчүүдийн нэр, мэдээллийг АТГ-т өгсөн бөгөөд шаардлагатай тохиолдолд бичлэг зэрэг нотлох баримтуудыг хууль хяналтын байгууллагад гаргаж өгөх боломжтой гэсэн байна.
Төмөр замын төсөлтэй холбоотой асуудал
Тавантолгой төмөр зам-ын төслийн хүрээнд хийгдсэн санхүүгийн гүйлгээнүүдийг мөн хөндсөн.
Түүнчлэн нүүрс тээвэр, экспорттой холбоотой санхүүгийн урсгалд нөлөөлөхүйц хэмжээний (80–100 сая ам.долларын) мөнгөн дүн бүхий схем үргэлжилсэн байж болзошгүй гэж дурджээ.
Мэдэгдэлд мөн нэр бүхий албан тушаалтнууд, тухайлбал ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэ болон бусад хүмүүсийн оролцоотой байж болзошгүй үйлдлүүдийг дурдсан.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ уг асуудлыг Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйл (эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах) болон 22.4 дүгээр зүйл (хахууль авах)-д хамааруулан шалгуулах хүсэлт гаргасан байна.
Сэтгэгдэл үлдээх