НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар жагсаал зохион байгууллаа.
Түүний вайбер(viber) платформ дахь зурвас өчигдөр орой задарч, олон нийтийн дунд хуурамч эсэхэд нь эргэлзээ үүсээд байсан юм.
Тэгвэл түүний бичиж байсанчлан кардон цаасан дээр уриа бичиж, дүүрэг, хорооноос “дуудагдсан” иргэд цуглажээ. Энэ талаараа ч Х.Нямбаатар нуусангүй. Нийслэлийн намын даргын хувьд цугласан бүрэлдэхүүнээрээ штаб байгуулна гэдгээ мэдэгдэв.
Нөгөө талд “Туул голоо хамгаалъя” хөдөлгөөн энэ сарын 21-ээс эхлэн үргэлжилж, мөн өнөөдөр УИХ дахь АН-ын бүлгийн санаачилгаар оролцогч талуудыг хамруулсан хэлэлцүүлэг өрнөж байна.
Тус хөдөлгөөнийнхөн Нийслэлийн 24 мега төслийн 3-т эрэмбэлэгдэж, өдгөө ажил хэрэг болох шатандаа буй Туулын хурдны замыг дараах шалтгааны улмаас эсэргүүцэж буй юм.
Дээрх үндэслэл болон хэрэгжүүлж буй НЗДТГ-ын тайлбарыг харилцан хэлэлцэж, ойлголцлын зөрүүгээ гаргах, мэдээллээ солилцох боломж байсан ч татгалзаж, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлээр иргэдийн өр лүү өшиглөлөө.
Тэгвэл НЗД бөгөөд УБ хотын захирагч Х.Нямбаатар жагсаал зохион байгуулах үеэрээ гэмт хэргийн шинжтэй гурав, зөрчлийн шинжтэй нэг үйлдэл гаргав.
Гэмт хэргийн шинжтэй
Нэгдүгээрт, жагсаалыг шууд дамжуулах үеэр нээх үгээ хэлсний дараа “Туул голоос савраа тат” гэх бичигтэй эмэгтэйг “Энэ одоо олигархуудын төлөөлөл, эндээс явуулъя, наадахыг нь булааж ав” хэмээн турхирав.
Энэ үйлдэл бол Эрүүгийн хуульд зааснаар олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг буюу “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн зүйлчилсэн шинжтэй байж болзошгүй үйлдэл боллоо.
Энэхүү гэмт хэрэгт холбоотой бас нэг мэдэгдэл нь маршалын гүүр орчмын айлуудтай тэмцэхийг мөн цугласан иргэдэд уриалсан явдал юм.
Хоёрдугаарт, “Туулын хурдны замын эсрэг ажилласан, худалдагдсан newsroom.mn, record.mn сайтуудыг буллидэж, хаалгая” хэмээн турхирав.
Энэ нь мөн Эрүүгийн хуульд заасн Үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдах гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй байна.
Тус гэмт хэргийг “өөрийн, эсхүл бусдын хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн аливаа мэдээллийг олон нийтэд тараах, тараалгахгүй байхын тулд хэвлэн нийтлэгчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн, ... эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулахаар сүрдүүлсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” хэмээн зүйлчилсэн байдаг.
Гуравдугаарт, “Туул голоо хамгаалъя” хөдөлгөөнийхний халдашгүй байдалд халдаж, мөн хуульд заасан “Заналхийлэх” гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үйлдэл гаргав. Ингэхдээ “10-аадхан хүн байгаа, гэрийн хаягийг ээлж дарааллаар нь зарлаж, 100, 100-аараа хаалга үүдийг нь сахь” зэргээр орон байрны халдашгүй байдал зэрэгт илт заналхийлсэн үг хэллээ.
Тус гэмт хэргийг “Бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” хэмээн зүйлчилжээ.
Зөрчлийн хууль зөрчсөн нь
"Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 8.5-д ''Зохих журмын дагуу бүртгэгдсэн жагсаал, цуглаан хийх газарт мөн цаг хугацаанд түүний эсрэг агуулга, зорилготой өөр жагсаал, цуглаан давхардуулан хийхийг хориглоно'' гэж заасан.
Уг хуулийн 1.1-д ''...Хуулийн зорилт нь иргэдийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулна'' гэж заасан бөгөөд жагсаал цуглаан давхардуулахыг хориглосон атал зохион байгуулж байгаа нь иргэдийн аюулгүй байдлыг хангаж чадахгүй нөхцөл байдал хүргэхээр байна" гэсэн байдаг.
Тэгвэл Х.Нямбаатарын зохион байгуулсан жагсаал нь зөвшөөрөл авсан эсэх нь тодорхойгүй. Мөн “Туул голоо хамгаалъя” хөдөлгөөнийхний эсрэг, тэдний жагсаж байсан байршилд болж, хамгийн эхэнд дурдсан эмэгтэй рүү бусад иргэдийг турхирч, биед нь халдаж болохуйц нөхцөл үүсгээд байгаа юм.
Дээрх үйлдлийг зөрчлийн тухай хуульд “Хуулиар хориглосон газарт, эрх бүхий байгууллагад бүртгүүлэлгүйгээр, эсхүл мэдэгдэл хүргүүлснээс хойш хуульд заасан хугацаа өнгөрөөгүй байхад жагсаал, цуглаан зохион байгуулсан, эсхүл жагсаал, цуглааны явцад түүний зорилгыг өөрчилж хориглосон жагсаал, цуглаан зохион байгуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн тусгажээ.
Сэтгэгдэл үлдээх
delhiin hamgiin mulguu sda shu neeree yaana daa
n
Дэмжих үү?
3 0