УИХ-ын дарга намаасаа түдгэлзэх агуулгатай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэх эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэн дэмжлээ.
УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилсан. Үүнийг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцсэн.
Хуулийн төслийн гол агуулга
1 дүгээр зүйл. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“11 дүгээр зүйл.Улсын Их Хурлын даргыг сонгох
11.1.Олонх Их Хурлын даргад нэр дэвшүүлнэ.
11.2.Улсын Их Хурлын даргыг гишүүн саналаа илээр гаргаж, нийт гишүүдийн олонхын саналаар дэмжсэн бол Улсын Их Хурлын даргыг сонгох тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцно.
11.3.Нэр дэвшигч Улсын Их Хурлын нийт гишүүдийн олонхын дэмжлэг авч чадаагүй бол энэ хуулийн 11.1 дэх хэсэгт заасны дагуу өөр гишүүний нэрийг дэвшүүлж сонгоно.
11.4.Улсын Их Хурлын дарга нь намуудын улс төрөөс ангид бие даасан, төвийг сахисан байр сууринаас бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. Улсын Их Хурлын дарга Олон Улсын Парламентын Холбоо хоорондын тохиролцсон албан тушаалаас өөр ажил, албан тушаал давхар эрхлэхийг хориглоно.
11.5.Улсын Их Хурлын дарга бүрэн эрхийнхээ хугацаанд намаасаа түдгэлзэнэ. Улсын Их Хурлын дарга намаасаа түдгэлзсэн нь түүний Улсын Их Хурлын дараагийн ээлжит болон ээлжит бус сонгуульд намаасаа нэр дэвших эрхийг хязгаарлахгүй.” гэж тус тус заажээ.
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2025 оны 6-р сарын 12-ний өдөр Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, Ч.Лодойсамбуу, Ж.Баясгалан, С.Эрдэнэболд, С.Цэнгүүн, Б.Жаргалан, Д.Батбаяр, Б.Батбаатар, Г.Ганбаатар нар өргөн барьж байв.
Ингээд харвал УИХ дарга дээр өөрчлөлт орох бол дэд даргад хамаарахгүй харагдаж байна. Мөн УИХ даргаар ажиллаж дуусаад сонгуульд нэр дэвших эрхийг нь нээлттэй үлдээжээ.
Хууийн төслийг өргөн барьсан Х.Тэмүүжин хуулийн төслийн талаар тухайд үед ийн мэдээлж байжээ.
Монгол Улсын Их Хурал нь 126 гишүүнтэй, төрийн эрх барих дээд байгууллага боловч Улсын Их Хурлын чуулганы хуралдааны танхимд Улсын Их Хурлын бүрэлдэхүүнээс гадна Ерөнхий сайд хуралдаан даргалагчийн түвшинд тусгайлсан суудалтай байх нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, Улсын Их Хурлын үйл ажиллагааны үндсэн зарчимд үл нийцэж байна гэж үзжээ. Тиймээс парламентын ардчиллыг баталгаажуулахын тулд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдаан Улсын Их Хурал дахь олонх ба цөөнхийн тэгш мэтгэлцээнээр явагддаг, чуулганд гишүүд нь сонгогч иргэдээ төлөөлөн байр сууриа нээлттэй илэрхийлж, үгээ чөлөөтэй хэлдэг байхын сацуу хууль тогтоох, хуулийн биелэлтэд хяналт тавих УИХ-ын бүрэн эрх халдашгүй хэрэгжих үүднээс уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүссэн хэмээн танилцуулж байв. Парламентын нийтийн танхим дахь суудлын байршил нь олонхийн эрх мэдэл ба цөөнхийн хяналт, хариуцлагын илэрхийлэл болдог учраас улс төрийн соёл, шийдвэр гаргах арга барилд шууд нөлөөлдөг гэдгийг хууль санаачлагчид онцолж, уг хуулийн төслийг өргөн мэдүүлжээ. Уг хуулийн төсөлд УИХ-ын 40 гишүүн гарын үсэг зурсан байна.
Энэ хуулийг дагалдаж Монгол Улсын Их хурлын хяналт шалгалтын тухайхуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл орж иржээ.
1 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“56.1.Түр хорооны дотоод зохион байгуулалттай холбогдон гарах зардлыг түр хороонд орсон гишүүдийн төсөвөөс санхүүжүүлэх бөгөөд Түр хорооны тусгай шалгах үйл ажиллагаатай холбоотой зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.”
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2025 оны ... дугаар сарын ...-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс дагаж мөрдөнө.
Ийнхүү 4 сар дарагдан хэлэлцэх асуудлын жагсаалтад орж ирээгүй байсан хууль УИХ-ын даргын томилгоо гацаж, улс төржилт халах үеэр яаралтай горимоор хэлэлцүүлэгдэхээр болж байна. Ингэвэл түүхэндээ анх удаа парламентын спикер намаасаа татгалзаж УИХ-ыг даргалах үйл явц өрнөхөөр байна. С.Бямбацогт энэ хуулийг дэмжих нь зүйтэй. Үндсэн хуульдаа нийцсэн байдлаар ажиллахад цааргалах зүйлгүй хэмээн мэдэгдээд байгаа юм. Тус хуулийг УИХ-ын даргын томилгоотой зэрэгцүүлэн хэлэлцэхээр болж байна.
Сэтгэгдэл үлдээх