Зэс хайлуулах үйлдвэрийг зөв тооцоолж хэрэгжүүлэх ёстой стратегийн төсөл
Монгол Улс 40 орчим жил ярьж мөрөөдөж ирсэн зэс хайлуулах үйлдвэрээ байгуулж, уул уурхайд тулгуурласан эдийн засгаа дараагийн шатанд гаргахаар сүүлийн жилүүдэд эрчимтэй ярьж ирсэн. 14 мега төслийн нэгд багтааж, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ыг түшиглэсэн Үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд байгуулахаар төлөвлөсөн Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлэгч шалгарахад тулж ирээд байна.
Тодруулбал, зэс, металлургийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч, долоон орны 13 компани уг төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах саналаа ирүүлснээс дөрвөн компани шалгарч үлдээд байгаа юм.
Сайн мэдээ биш гэж үү? Тийм. Гэхдээ…
Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортын орлогыг өсгөх, аж үйлдвэржилтийг дэмжих зэрэг олон давуу талтай энэ төсөл бодлогын хувьд зайлшгүй хэрэгтэй нь үнэн. Гэвч стратегийн ач холбогдолтой ийм том төслийг яаран хэрэгжүүлэх нь урт хугацаанд илүү их эрсдэл дагуулж болзошгүйг анхаарахгүй байж болохгүй.
Нэмүү өртөг ба бодит ашиг
Манай улс зэсийн баяжмалаа бараг тэр чигт нь түүхийгээр нь экспортолж байгаа. Баяжмалын үнэ дэлхийн зах зээлд хэлбэлзэлтэй, нэмүү өртөг харьцангуй бага байдаг бол катод зэсийн үнэ илүү тогтвортой, өндөр байдаг. Олон улсын жишгээр баяжмалыг дотооддоо боловсруулснаар экспортын орлого 2–3 дахин нэмэгдэх боломжтой гэж үздэг.
Тухайлбал, Оюутолгойн ордоос олборлож буй баяжмалыг дотооддоо боловсруулж чадвал Монгол Улс боловсруулах аж үйлдвэрийн суурьтай болж, орлогоо солонгоруулах боломж бүрдэнэ.
Гэвч энэ бол зөвхөн “үйлдвэр барих” тухай асуудал биш. Үүний цаана технологи, зах зээл, дагалдах үйлдвэрлэл, геополитикийн нөлөөлөл зэрэг олон хүчин зүйл хамарсан цогц бодлого юм.
Хүхрийн хүчил буюу стратегийн нуугдмал бүтээгдэхүүн
Зэс хайлуулах үйлдвэрийн хамгийн чухал дагалдах бүтээгдэхүүн бол хүхрийн хүчил. Хайлуулах явцад ялгардаг хүхрийн давхар ислийг боловсруулж чадвал хүхрийн хүчил гарган авах боломжтой. Орчин үеийн үйлдвэрүүд энэ хийг 95–99 хувьтай барьж, байгаль орчны бохирдлыг бууруулахын зэрэгцээ эдийн засгийн үр ашиг болгон хувиргах болжээ.
Хүхрийн хүчлийг зөвхөн дагалдах бүтээгдэхүүн гэж харж болохгүй. Үүнийг
Тухайлбал, өнгөрсөн онд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх гэж буй Зөөвч-Овоо ураны төсөл хүхрийн хүчил хэрэгтэй. Ураны төслийн хүрээнд олборлолт эхлэхэд жилд 250,000 – 400,000 тонн хүхрийн хүчил ашиглах тооцоотой байгаа.
Тэгвэл ТЭЗҮ-д тусгаснаар Зэс баяжуулах үйлдвэр жилд 560 мянган тонн баяжмал боловсруулж, 120 мянган тонн цэвэр зэс боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулах ба 800 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардах юм. Энэ үйлдвэр жилд 546 мянган тонн хүхрийн хүчил үйлдвэрлэх нөөц боломжтой буюу Зөөвч-Овоо төслийг бүрэн хангах нөөц байгаа гэсэн үг.
Иймд хүхрийн хүчлийн үйлдвэрлэл стратегийн хувьд ач холбогдолтой.
Гэтэл энэ салбараа гадаадын нэг улсын компани, ялангуяа Хятадын компанид атгуулбал:
Монгол Улсын экспортын 90 орчим хувь нь Хятад руу чиглэж байгаа өнөөгийн нөхцөлд дахин ийм төрлийн хамаарал нэмэгдэх нь эдийн засгийн аюулгүй байдлын хувьд анхаарах асуудал биш гэж үү?
Тендер: Чанар уу, хурд уу?
Дэлхийн жишгээс харахад зэс хайлуулах үйлдвэрүүдийг ихэвчлэн олон улсын туршлагатай, батлагдсан технологитой компаниуд хэрэгжүүлдэг. Хэрэв буруу сонголт хийвэл үйлдвэрийн үр ашиг буурах, засвар, зогсолтын зардал өсөхөөс гадна байгаль орчны илүү их эрсдэл хүлээх буюу хор уршигтай байх аюултай.
Хятад компаниуд бол дэлхийн зэс хайлуулах хүчийн чадлын талаас илүү хувийг эзэлдэг гэдгээрээ давуу талтай.
Хятад технологи муу биш ч стандартын хувьд Европоос ялгаатайгаас гадна хүнд металлын бохирдол, байгаль орчны асуудал тус улсад яригддаг. Хамгийн анхаарах асуудал нь бид хайлуулах үйлдвэр, хүхрийн хүчлийн үйлдвэр, худалдан авагч талдаа Хятад улсаас өндөр хамааралтай болох гэдгийг дахин сануулах хэрэгтэй.
Тийм учраас тендерийг яаралтай шийдэхийн оронд олон улсын түвшний ил тод, өрсөлдөөнтэй, шалгуур өндөртэй зохион байгуулах шаардлагатай. Нэгэнт л 40 жилийн мөрөөдлөө биелүүлэх гэж байгаа юм чинь ирээдүйгээ зөв тооцоолж, бүх талаас нь нарийн тооцоолж сонголт хийх нь хатуу шаардлага.
Гадаад нөлөөлөл ба геополитикийн эрсдэл
Зэс хайлуулах үйлдвэр нь зөвхөн эдийн засгийн ач холбогдолтой мега төслөөр хэмжигдэхгүй. Нөгөө талдаа геополитикийн хувьд ч ач холбогдолтой. Гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг манай улс чухалчилж ярьсаар ирсэн. Энэ утгаараа Glencore бол боломжит сонголт байж болно. Дэлхийн томоохон түүхий эдийн тус компани олон улсын зэсийн зах зээлд нөлөөтэй. Гэвч Оросын тэрбумтан гэгддэг Олег Дерипаскатай бизнесийн холбоотой байсан мэдээлэл олон улсын хэвлэлүүдэд гарч байсныг хайхрахгүй байж болохгүй. Энэ нь цаашдаа манай төсөлд санкцын эрсдэл, улс төрийн дарамт, төслийн санхүүжилт, хэрэгжилт саатах зэрэг ирээдүйд саад болохыг үгүйсгэх аргагүй.
Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, эдийн засгийн хориг арга хэмжээ өргөн хүрээнд хэрэгжиж энэ үед энэ бол урьдчилан тооцох ёстой эрсдэл мөн үү гэвэл мөн.
Монголд тулгарч буй бодит сорилтууд
Зэс хайлуулах үйлдвэр байгуулахад Монгол Улсын хувьд бүрэн шийдэгдээгүй хэвээр байгаа асуудлууд бий. Тухайлбал, эрчим хүч, ус, хүний нөөц, зах зээл гэх мэт хөвөрнө. Эдгээр асуудлаа бүрэн шийдэхгүйгээр үйлдвэр барих нь “хагас дутуу” төсөл болох эрсдэлтэй.
Ийм учраас бушуу туулай борвиндоо баастай гэдэгчлэн мега төсөл гэж хөөрч бас нэг хэрэгждэггүй гацаа үүсгэхгүй тулд ултай суурьтай хандах шаардлагатай байна. Монгол Улс зэс хайлуулах үйлдвэртэй болох нь зөв. Гэхдээ нэг удаагийн буруу шийдвэр олон арван жилийн алдагдал, хамаарал, байгаль орчны хохирол, зовлон дагуулж болзошгүй.
Тиймээс энэ төслийг улс төрийн богино хугацааны шийдвэр болгож, иргэддээ таалагдахын тулд яармааргүй байна. Үндэсний урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд нягт судалгаа, бодит тооцоонд тулгуурлан хэрэгжүүлэх, тэр тусмаа хэрэгжүүлэгчээ оновчтой сонгохыг хүсэж байна.
Сэтгэгдэл үлдээх