Гаалийн ажилтнуудын 60 саяын хахуулийг үйлдэл дээр нь барьжээ

Ц.Чимэдцэеэ
2026-04-27

Хэд хэдэн гаалийн ажилтнуудын 60 сая төгрөгийн хээл хахуулийн үйлдлийг өнгөрсөн шөнө газар дээр нь барьж, саатууллаа. Үүний цаана улсад хэдэн тэрбумаар хэмжигдэх хохирол учруулсан болохыг олж тогтоосон байна.

БНХАУ-ын зарим иргэн, ААН-үүдтэй холбоотой, хөрөнгө оруулалттай компани, Монгол Улсын зарим иргэд, хил гаалийн байгууллагын албан тушаалтнуудтай үгсэн хуйвалдаж, сүлжээ байгуулжээ. Тэд сүүлийн жилүүдэд Монгол Улсын хилээр барааг татваргүйгээр нэвтрүүлсэн, хууль бус бараа нэвтрүүлсэн, мөнгө угаасан, авлига өгсөн, зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдсэн хэргийг хууль хяналтын байгууллагынхан хараандаа авч, шалгаж байсан.

Тухайлбал, ГЕГ-ын Хяналт шалгалтын байцаагч Ням-Осор тэргүүтэй хэд хэдэн гаалийн ажилтнууд оролцон барааг хууль бусаар улсын хил нэвтрүүлэх ажлыг зохион байгуулахдаа Замын-үүд дэх хилийн боомтод ажиллаж буй гаалийн албан хаагч нарт албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль бус тушаал чиглэл өгч,  өөрийнхөө танил этгээдүүддээ давуу байвал үүсгэж байсан байна.

Улмаар гаальтай машин, гаальтай карго нэрээр барааг татваргүй нэвтрүүлдэг сүлжээ байгуулан татвараас зугтахаас гадна өөрийн үүсгэсэн сүлжээгээр дамжуулан хориотой бараа хил давуулах, бараа тээврийн хэрэгслийг хурдан шуурхай, шалгалтгүйгээр хил нэвтрүүлэн гаргадаг байсан нь шалгалтаар нотлогдсон байна.

Энэхүү зохион байгуулалттай гэмт хэргийн үйл ажиллагаанд бараа, карго, Temu, Taboo, Alibaba зэрэг Хятадын интернет дэлгүүрийн барааг нэгтгэн Монгол Улс руу хил нэвтрүүлдэг БНХАУ-ын Тонда, Эрээн хотын Хятадын шуудан, Марин нью пост зэрэг компаниуд болон эдгээр компанийн удирдлага МУ-ын иргэн Ж, Т болон БНХАУ-ын иргэн Жү Жиа Фан, Ли Ченгуан,  зэрэг удирдлагууд оролцон олон удаагийн үйлдлээр Монгол улсын хил гаалийн ажилтнуудад удаа дараа авлига өгч, татвараас зайлсхийж, зохион байгуулалттай ажиллажээ.

Дээрх иргэд, компаниуд нь БНХАУ-аас барааны мэдүүлгийг Хятад улсын иргэдтэй хуйвалдаж, зохион байгуулалттайгаар хуурамч бичиг баримт бүрдүүлж өгдөг байсан.

Барааг Монгол Улсад орж ирсний дараа нь өөрсдийн үүсгэсэн гаалийн мэдүүлэгч компани болон иргэдээр дамжуулан тоо хэмжээ, нэр төрөл, үнийн дүнг зориуд багаар тогтоон гаальд мэдүүлснийхээ дараа хил гаалийн ажилтнууд, төрийн албан хаагчдыг авлигадаж, урт хугацааны туршид улсад төлөгдөх олон тэрбум төгрөгийн татвараас зайсхийсэн байж болзошгүй нөхцөл  байдалтай байна. 

Энэ хэрэгт Монгол улсын харилцаа холбоо зохицуулах хорооны албан тушаалтнууд ч мөн адил оролцож, өөрт олгогдоогүй эрх хэмжээгээр барааг хилээр татваргүй нэтрүүлж болох зөвшөөрлийг олгож, төрийн байгууллага дамнасан сүлжээг үүсгэсэн байжээ.

Уг үүсээд буй асуудлаар хуулийн байгууллагынхан Замын-Үүдэд үүссэн хууль бус үйлдлийг таслан зогсоож, хоёр улс дамнасан, төрийн байгууллагууд дамнасан нарийн зохион байгуулалттай сүлжээг илрүүлэн шалгаж эхэллээ.

Энэ оны эхээр ГЕГ-ын 26 албан хаагчийг хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа учраас гаалийн улсын байцаагчийн ажлаас түр чөлөөлсөн тухай мэдээлж байсан.

Мөн тус байгууллагын Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтсээс  өнгөрсөн онд 63 гаалийн улсын байцаагчид ажилдаа хариуцлагагүй хандсан, бусдад давуу байдал олгосон зэрэг шалтгаанаар сахилгын хариуцлага оногдуулжээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe