Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийг өнөөдөр чуулганы хуралдаанаар хэлэлцэн гишүүдийн олонх нь дэмжээгүй тул тус хуулийн төсөл батлагдсангүй.
Энэ хуулийн үйлчлэлд гадаад зээллэгийн эх үүсвэрээр хэрэгжүүлж буй доор дурдсан төсөл хамаарна:
Нэг удаагийн шинжтэй гэх тус хуулийн төсөлд Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөл болон Сэлбэ дэд төвд түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн гадаад зээллэгийн санхүүжилтийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх төслийг хууль санаачлагчид нь буцаалаа.
Эдгээр төслүүдийг нь бүрэн санхүүжүүлэх боломж нь төсвийн тухай хууль, өрийн таазтай холбоотой хязгаарлалтад ороод байсан юм. Үүнийг зээлсэн мөнгөөрөө төслөө санхүүжүүлж хурдан ашиглалтанд оруулахын тулд ийм хууль өргөн барьсан гэж санаачлагч гишүүд онцолж байв. Харин нэгдсэн төсөвтэй улс нэг удаагийн шинжтэй төсвөөс гадуурх “халаас” үүсгэх нь зарчмын хувьд буруу гэсэн байр суурийг сөрөг хүчний болон зарим гишүүд илэрхийлсэн юм.
2025 оны байдлаар Монгол Улсын Их Хурлаар соёрхон батлагдсан, хэрэгжилтийг Засгийн газар хэрэгжүүлж байгаа нийт 17.9 их наяд төгрөгийн амлалтын дүн бүхий гадаад зээлийн 72 төсөл хэрэгжиж байгаа бөгөөд үүнээс 5.3 их наяд төгрөг буюу 29.6 хувийг ашигласан, үлдсэн 12.6 их наяд төгрөг буюу 70.4 хувь нь одоогоор ашиглагдаагүй, үүнээс 2025 онд 1.5 их наяд төгрөгийг ашиглахаар 2025 оны төсвийн тухай хуульд батлагдсан.
Эдгээр төслүүдийн 82 хувь нь 2025-2028 онд хэрэгжиж дуусахаар гэрээ, хэлэлцээртэй байгаа нь гэрээний хугацаанд санхүүжилтийн ашиглалтыг нэмэгдүүлж, төслүүдийг ашиглалтад оруулах зайлшгүй хэрэгцээ, шаардлагыг бүрдүүлж байна.
Гадаад төслийн зээлийн нийт ашиглагдаагүй үлдэгдэл одоогийн байдлаар 12.6 их наяд төгрөг буюу үүний 53 хувь буюу 6.7 их наяд төгрөг нь Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих мега төслүүдийн санхүүжилт байна.
Газрын тосны үйлдвэрийн ашиглалтад оруулах хэрэгцээ ба шаардлага
Гадаад төслийн зээлийн ашиглалтыг 2025 оны түвшнөөр буюу дунджаар 1.5 их наяд төгрөг байхаар тооцвол зөвхөн уг 2 төслийг ашиглалтад оруулахад 10 гаруй жилийн хугацаа шаардагдахаар байгаа нь стратегийн 2 гол бүтээгдэхүүн болох газрын тос, цахилгаан эрчим хүчний импортын хараат байдал хэвээр байх эрсдэлийг нөхцөлдүүлж байна.
Газрын тосны бүтээгдэхүүний хувьд 2024 оны байдлаар Монгол Улс өнгөрсөн хугацаанд нийт 2.5 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлон, 1.9 тэрбум ам.доллар зарцуулсан бол Газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж, хугацаанд нь ашиглалтад оруулснаар зөвхөн нэг жилд 1.5 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэж 1.0 тэрбум ам.долларын борлуулалтын орлого олж, энэ хэмжээгээр валютын гадагшлах урсгалыг бууруулах боломж бүрдэх юм.
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын тухай
2024 оны байдлаар баруун бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 80 хувийг импортоор нийлүүлж байгаа бөгөөд үүнд жилд дунджаар 17.5 тэрбум төгрөг зарцуулж байгаа бол Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөл амжилттай хэрэгжиж, усан цахилгаан станц ашиглалтад орсноор 366.0 сая киловатт/цаг эрчим хүч үйлдвэрлэж, баруун бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг 100 хувь хангах төдийгүй жилд дунджаар 30.0 тэрбум төгрөгийн орлого олох боломжтой болно.
Олны хэл ам дагуулсан хотын логотой Сэлбэ дэд төв
“Сэлбэ дэд төвд түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодит нөлөө үзүүлэхээс гадна 10.000 – 12.000 айл, өрхийг орлогод нийцсэн аюулгүй, ая тухтай орон сууцтай болоход дэмжлэг үзүүлэх замаар иргэдийг орон сууцжуулах төрийн бодлого хэрэгжих боломж бүрдэнэ.
Гадаад зээллэгийн санхүүжилтийг богино хугацаанд үр дүнтэй ашиглах нь төсөвт учруулах дарамтыг багасгах, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, улмаар олон улсын хэмжээнд Монгол Улсын нэр хүндийг дээшлүүлж, зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой хэмээн онцолж байв.
Сэтгэгдэл үлдээх