Монгол Улсын 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэлд нүүрсний үнийг тонн тутамд 127.4 ам.доллар байхаар тооцсон нь хэт өөдрөг төсөөлөл байж болзошгүйг Төсвийн тогтвортой байдлын зөвлөл /ТТБЗ/ анхаарууллаа. Засгийн газар ирэх гурван жилд төсвийн зарлагыг үргэлжлүүлэн өсгөхөөр төлөвлөсөн ч орлогын суурь нь нүүрс, зэсийн өндөр үнэд хэт найдсан хэвээр байна.
Гэвч нүүрсний үнийн тооцоолол хамгийн их анхаарал татаж байна. Монголын нүүрсний экспортын сүүлийн 10 жилийн дундаж үнэ ойролцоогоор 103 ам.доллар байсан бол Засгийн газар үүнээс 20 гаруй доллараар өндөр үнээр төсөв тооцжээ.

Хэрэв нүүрсний бодит үнэ түүхэн дунджаасаа давж чадахгүй, 90 сая тонн экспортолно гэж үзвэл Монгол Улс 1.8 тэрбум ам.доллар буюу ойролцоогоор 6.5 их наяд төгрөгийн орлогын эрсдэлд орох тооцоо гарч байна. Тэр ч байтугай 90 сая тонн нүүрсийг бодитоор экспортолж чадах эсэх нь өөрөө эргэлзээтэй хэвээр байна. Иймээс нүүрний үнийг тооцохдоо олон жилийн тогтворжлуулсан үнээр тооцох нь бодитой тухай зөвлөжээ.
ТТБЗ-ийн дүгнэлтэд Монгол Улс сүүлийн жилүүдэд түүхий эдийн үнийн өсөлтөөс орж ирсэн түр зуурын орлогыг байнгын орлого мэтээр үзэж, төсвийн зарлагаа хэт тэлсэн гэжээ. Ялангуяа 2022-2023 онд нүүрсний үнэ огцом өссөн үед төсвийн зардлыг эрчимтэй нэмэгдүүлсэн нь дараагийн жилүүдийн санхүүгийн дарамтын суурь болсон гэж үзсэн байна.
Үүний үр дүнд 2024 онд төсвийн нийт зарлага өмнөх оноос 35.9 хувиар өссөн бол хөрөнгө оруулалтын зардал 53.6 хувиар нэмэгджээ. Харин орлого саарч эхэлмэгц Засгийн газар 2025 оны төсөвт тодотгол хийж, 1.9 их наяд төгрөгөөр бууруулах шаардлагатай болсон байна.
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Монгол Улс төсвөө бодитой төлөвлөж чадалгүй ирснийг хуульд ойр ойрхон өөрчлөлт оруулж ирсэнтэй холбон тайлбарлажээ. 2010-2025 оны хооронд Төсвийн тухай хуульд 71 удаа, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд 22 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Өөрөөр хэлбэл төсвийн хуулийг бараг жил бүр, зарим үед нэг жилд хэд хэдэн удаа засаж иржээ.
Мөн өрийн хэмжээ нэмэгдэж буй нь анхаарал татаж байна.
Засгийн газрын өрийг 2027 онд 57 их наяд төгрөгт хүрнэ гэж төсөөлсөн нь олон улсын байгууллагуудын таамаглалаас өндөр дүн болжээ. Энэ нь Засгийн газрын өр ДНБ-ий 50 хувьд ойртох эрсдэлийг нэмэгдүүлж байна. Монгол Улсын хуулиар Засгийн газрын өр ДНБ-ий 60 хувиас хэтрэх ёсгүй байдаг. Үүн дээр инфляцын дарамт нэмэгдэх эрсдэл давхацаж байна. Газрын тос болон импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалан 2026 оны хоёрдугаар хагасаас инфляц эрчимжиж, 2027 оны эхний хагаст үргэлжлэх өндөр магадлалтай гэж таамаглажээ.
Мөн төсөв болон төлбөрийн тэнцэл зэрэгцэн алдагдалтай гарах “хос алдагдал”-ын эрсдэлийг онцолсон байна. Ийм нөхцөл үүсвэл валютын нөөцөд дарамт өгч, төгрөгийн ханш болон эдийн засгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй юм.
Төсвийн хүрээний мэдэгдэлд эдийн засгийн өсөлтийг ирэх жилүүдэд тогтвортой хадгална гэж үзсэн ч ТТБЗ энэ төсөөллийг хэт өөдрөг гэж үзэж байна. Учир нь уул уурхайн үнэ буурах мөчлөг эхэлсэн үед төсвийн зарлагаа өндөр хэвээр хадгалж буй нь Монголын эдийн засгийг дахин эмзэг байдал руу түлхэж болзошгүй гэж анхааруулжээ.
Сэтгэгдэл үлдээх