Импортын гурилын татварыг чөлөөлөх асуудлаарх ТАВАН эргэцүүлэл

Н.Саруулдөл
2024-03-20

Засгийн газраас импортын гурилын татварыг тэглэх саналыг гаргаж, УИХ-аар хэлэлцэж байна.

Эхний ээлжид УИХ-ын Төсвийн байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжлээ. 

Хуулийн төслийг Засгийн газраас өргөн барихдаа “Дотоодын гурилын үнэ дэлхийн зах зээл дээрхээс 2-3 дахин өндөр байна. Тиймээс хангамжаа бодсон ч, үнээ бодсон ч импортын гурилын татварыг тэглэх хэрэгтэй. Стратегийн бүтээгдэхүүн гэдэг утгаар нь гурил, улаанбуудай зэрэгт төр хамгаалалт болон дэмжлэгийг үзүүлж байгаа. Гэхдээ үр дүнд нь монополь тогтчихлоо” хэмээн тайлбарлаж байна.

Уг асуудлаар УИХ-ын түвшинд яригдаж буй байдал болон нийгмийн сүлжээнд гарч буй хэлэлцүүлгийг харвал дараах ТАВАН эргэцүүллийг хийж болохоор байна.

1.Анхнаасаа хүчээр үзэх нь

Гурил бол хүнс, хөдөө аж ахуйн салбарын салшгүй хэсэг. Тиймдээ ч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам энэ асуудлыг хариуцах ёстой. Гэтэл энэ галтай сэдвийг анхнаасаа ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан барьж авч, түүний хүрээний хүмүүс сэвж харагдана. 

Ингээд зогсохгүй УИХ-ын чуулганд ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун бус ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрыг төлөөлөн оруулж ирж, гишүүдийн асуултад хариуллаа. Өөрөөр хэлбэл, салбарын сайд Х.Болорчулуун энэ асуудалд Засгийн газрын гишүүний хувьд бус УИХ-ын гишүүний хувьд оролцож нь Засгийн газар эхнээсээ л аливаа асуудлыг яаж ийгээд аваад гарчихдаг хүний гарт буюу Д.Амарбаясгаланд хариуцуулжээ гэж харагдаж байна. 

Нөгөө талаар Х.Болорчулуун нь энэ асуудалд эрх ашгийн зөрчилтэй. Тэрээр “Дорнод гурил” ХХК-ийг эзэмшдэг бөгөөд төрийн тендерт есөн удаа шалгарч, тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлж байсан. 

2.Харилцан гомдлоо илэрхийлэх нь

Төр-Иргэн-Гурил үйлдвэрлэгч гэсэн гурван тал нэг нэгэндээ гомджээ. 

Төр нь та нарыг чадлаараа дэмжиж байхад үнээ нэмлээ гэж гурил үйлдвэрлэгч нартаа гомдож, иргэд нь үнэтэй гурил зараад байна шүү дээ гэж төрдөө гомдож, гурил үйлдвэрлэгч нар нь төр улаанбуудайн үнийг Оросынхоос үнэтэй тогтоодог биз дээ хэмээн харилцан нэг нэгэндээ гомдож явна. 

-УИХ-ын гишүүдийн хэлж буйгаар тэд тойрогтоо очихоор иргэд гурилын үнэ өсөж байгаа учир арга хэмжээ авч өгөхийг хүсдэг байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Идэрбат “Хоёр жилийн өмнөөс иргэдтэй уулзах уулзалт болгон дээр гурилын үнэ нэмэгдлээ гэж хэлдэг. Таныг гурван сарын өмнө ирснээс хойш дахиад л үнэ өслөө гэдэг. Энэ бол зөвхөн малчдад биш, бүтэн монголчуудад тулгарч буй асуудал” гэв. 

-Нөгөө талд гурил үйлдвэрлэгчид үнээ нэмж, иргэдийг сайхан амьдруулъя гэж зорьдог төрөө гомдоожээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Ганболд “ШӨХТГ-аас гурилын үйлдвэрт үнээ нэмлээ гэж торгууль тавьсны маргааш гурилын үйлдвэрийн захирал телевизээр торгуулийн мөнгийг хэрэглэгчид л төлнө шүү дээ. Тиймээс дахиад үнэ нэмнэ гээд үл тоосон шинж гаргаж байсан” хэмээн ярив. 

-Мөн гурил үйлдвэрлэгчдийн төлөөлөл болох Алтантариа ХХК-ийн захирал П.Цэнгүүн нэгэн лекцийнхээ үеэр “Гурилын түүхий эд болох улаанбуудайн үнийг төрөөс тогтоож бид худалдан авдаг. Энэ үнэ Оросын зах зээлээс 2.5 дахин өндөр байгаа юм. Та бүхэн гурилыг элдэв аргаар хилээр оруулж, татварыг чөлөөлж болно. Асуудалгүй. Бид намар хүртэл үйлдвэрлэлээ зогсоочихно. Бас асуудалгүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна. 

3.Гурилын асуудлыг газар авахуулж, УИХ хүртэл аваачсан ШӨХТГ

Гурилын үйлдвэрүүд монополь тогтоож, зохиомлоор үнээ нэмсэн тул импортын гурил оруулж ирье гэх саналыг Засгийн газраас гаргасан. Тэгвэл зохиомол үнийн хөөргөдөлд хяналт тавьж, арга хэмжээ авах ёстой газар бол Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар. 

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан “Гурилын үнэ өсөхөд ШӨХТГ юу хийж байв. Бүх аргаа барчихсан уу. Та нар ажлаа хийхгүй, та нарын ажил явахгүй байгаа учраас энэ асуудал хурцдаж орж ирлээ. Үнэхээр далд эдийн засаг яваад, үнэ хөөргөдөөд, хэт өндөр ашиг олоод, монополь байгаа бол танай газар, та нарт зориулсан хууль байгаа шүү дээ. Ийм хүнд байдал руу оруулахгүй шийдэж яагаад болдоггүй юм бэ. Ийм харамсалтай, хатуу шийдвэр рүү Засгийн газрыг ч тэр, УИХ-ыг ч тэр авчирдаг нь маш харамсалтай” хэмээн хатуухан үг хэлжээ. 

4. Монголын төр анхны концепцоосоо ухрах уу

Анх “Монгол Улс стратегийн бараа бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэх ёстой. Ямар нэгэн байдлаар импорт зогсоход бид дотооддоо хүнсээ бэлтгэж чаддаг байх ёстой” гэсэн концепцоор гурилын үйлдвэрлэгчид болон тариаланчдыг дэмжиж ирсэн. Гэвч одоо энэ концепцоосоо ухрах уу гэдэг асуудал хөндөгдөж байна. 

5.Гурилын татварыг чөлөөлснөөр Монгол Улс дайныг санхүүжүүлэх үү

Импортын гурилын татварыг тэглэснээр Оросоос гурил орж ирэх юм байна гэх хардлага нийгмийн сүлжээнд өрнөж байна. Үүнийг нь нотлох шиг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Боршоо боомтоор 5000 тонн импортын гурил орох зөвшөөрөлтэй. Цагааннуурын боомтоор мөн адил 5000 тонн, Арцсуурийн боомтоор 800 тонн гурил оруулах зөвшөөрөлтэй ажиллаж байна. Эдгээр нь бүх татвар, тээвэрлэлтийн зардлаа оруулаад Увс аймгийн Улаангом хотод 50 кг-ын нэгдүгээр гурил 80 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Гэтэл дотоодын 50 кг гурил 140 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм” хэмээн ярив. 

Боршоо, Арцсуурь, Цагааннуур бол бүгд ОХУ-тай хиллэдэг боомт. Өөрөөр хэлбэл, тэрээр оросоос гурил оруулж ирвэл ийм үнэтэй байна, нэмээд татварыг нь чөлөөлчихвөл улам хямдхан болно гэсэн агуулгыг хэлж байна. 

Дээрх хардлагаар зогсохгүй гурилын татварыг чөлөөлснөөр Монгол Улс орос гурил худалдан авч дайныг санхүүжүүлэх нь гэсэн хардлага мөн л нийгмийн сүлжээнд харагдаж байна. Орос-Украины дайнтай холбогдуулан Оросоос барууны улсууд руу нийлүүлж буй бараа бүтээгдэхүүний экспорт багассан. Тэр утгаараа Оросоос гурилын экспортоо Монгол руу чиглүүлж буй дүр зураг гуравдагч хөршүүдэд харагдаж болох юм. Энэ нь шууд утгаараа дайныг санхүүжүүлж буй нэг хэлбэр гэж ойлгогдохыг үгүйсгэхгүй. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe