Үндсэн хуулийн цэц өнөөдөр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг дахин томилох замыг нээлээ. Түүний бүрэн эрхийн хугацаа ойролцоогоор сарын дараа дуусах байсан юм.
Цэцийн их суудлын хуралдаан 2021 оны нэгдүгээр сарын 15-нд баталсан Шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсгийг хянан хэлэлцсэн. Тус заалтад "Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно" гэж заасан байжээ.
Хуралдаанаар энэ заалтын дотроос "… зөвхөн нэг удаа …" гэсэн хэсгийг тусгайлан авч үзэж, түүнийг хүчингүй болгон 2026 оны 03 дугаар тогтоол гаргасан байна.
Улмаар зөвхөн давтан томилгоог хориглосон хэсэг хүчингүй болсон бөгөөд бусад нөхцөл болох зургаан жилийн хугацаа, Дээд шүүхийн санал, Ерөнхийлөгч 14 хоногийн дотор томилох гэх мэт) хэвээр үлдэж байна.
Шийдвэрийн гол үндэслэл нь Үндсэн хуулийн цэцийн өмнөх практикт тулгуурлажээ. Цэц 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 12 дугаар дүгнэлтээр Ерөнхий шүүгчийг нэг удаа томилох тухай ижил төстэй зохицуулалтыг Үндсэн хуульд нийцэхгүй гэж үзэн хүчингүй болгож байсан түүхтэй.
Цэцийн дүгнэлтээр хүчингүй болсон зохицуулалтыг эрх бүхий байгууллага шууд буюу агуулгаар нь дахин сэргээх нь хориотой. Харин 2016 оны дүгнэлтээр хүчингүй болсон зохицуулалтыг агуулгаар нь дахин сэргээсэн гэж дүгнэжээ. Энэ нь Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгтэй холбоотой маргаан байв.
Шүүхийн дээд удирдлагын бүрэн эрхийн хугацааг хязгаарлах асуудал нь Монголд олон жилийн турш маргаантай сэдэв байсаар ирсэн. Олон улсад Дээд шүүхийн Ерөнхий шүүгч зэрэг чухал албан тушаалтан дахин томилогдох нь нөлөөлөлд автах эрсдэл бий болгодог хэмээн үздэг. Харин хугацааны хувьд дунджаар 9 жил томилох жишигтэй байдаг байна.
Дээрх агуулгын хүрээнд Цэцийн энэхүү шийдвэр нь маргаан мэтгэлцээн дагуулсан, басхүү шүүмжит бай болсон түүхэн жишиг болж үлдэхээр байна.
Энэ маргаантай шийдвэрийн суурийг тавьсан хүн нь Их засаг их сургуулийн багш, Өмгөөлөгч Г.Нацагдорж ба хуульд заасан нийтэд хамаарах асуудлаар "мэдээлэл" гаргах эрхийн хүрээнд цэцэд ханджээ. Энэ нь "мэдээлэл гаргах" асуудлыг захиргааны шүүхтэй адил тодорхой шалгуураар ханддаг болох эрх зүйн зохицуулалт шаардлагатай байгааг харууллаа.
Сэтгэгдэл үлдээх