УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил гуравдугаар сарын 5-ны өдөр
Уг төслүүдийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны гуравдугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг дэмжсэн.
Ерөнхийдөө хоёр хуулийн төсөл нь Үндсэн хуулийн цэцийг Үндсэн хуулийн шүүх болгох ерөнхий зарчмыг баримтлах аж. Энэ хоёр хуулийн төслөөс Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг уншиж үзвэл ҮХЦ-ийн гишүүн гэмт хэрэгт холбогдвол УИХ-ын гишүүн шиг бүрэн эрх эдлэх талаар тусгажээ.
Одоогийн хуульд Цэцийн гишүүний бүрэн эрхийг хэрхэн тусгав
Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 5.1-т “Цэцийн гишүүнийг Цэцийн зөвшөөрөлгүйгээр /түүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд/ баривчлах, албадан саатуулах буюу цагдан хорих, эрүүгийн хариуцлагад татах, эсхүл шүүхийн журмаар түүнд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах, орон байр, албан тасалгаа, биед нь үзлэг, нэгжлэг хийх, бичиг баримт, эд зүйлийг хураан авахыг хориглоно” гэж заасан байдаг.
Өөрөөр хэлбэл, Цэцийн гишүүн гэмт хэрэгт холбогдвол Цэцээс зөвхөн зөвшөөрөл л авна.
Хуулийн төсөлд хэрхэн тусгав
Тэгвэл Ц.Мөнх-Оргил гишүүний өргөн барьсан хуулийн төслийн 14.7-д “Цэцийн гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд Цэцийн гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүйгээр түүнийг баривчлах, саатуулах, цагдан хорих, эрүүгийн хариуцлагад татах, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах, орон байр, ажлын байр, унаа, холбооны хэрэгсэл, захидал харилцаа, биед нь үзлэг, нэгжлэг хийх, баримт бичиг, эд зүйлийг нь хураан авахыг хориглоно” гэж заажээ.
Бүр нэмж тодруулбал, Цэцийн гишүүн гэмт хэрэгт холбогдвол заавал түдгэлзүүлж байж шалгах болж байна.
Ингээд зогсохгүй хуулийн төслийн 20.1-д “Цэцийн дарга, гишүүнд холбогдуулан үүсгэсэн гэмт хэргийг мөрдөн шалгах явцад уг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагатай гэж үзвэл энэ тухай саналаа Улсын ерөнхий прокурор Цэцэд хүргүүлнэ” гэжээ.
Хуулийн төслийн эдгээр заалтыг уншвал, бидэнд маш танил дүр зураг харагдаж эхэлнэ. Энэ бол Цэцийн гишүүд яг л УИХ-ын гишүүд шиг бүрэн эрхтэй болж байна гэсэн үг юм.
УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдвол яг ийм журмаар шийдвэрлэдэг. Мөрдөн шалгалтын ажлын хүрээнд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагатай бол Улсын ерөнхий прокурор түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулж ирдэг. Тэгвэл өргөн барьсан хуулийн төслөөр өмнө зөвшөөрөл л авдаг байсан цэцийн гишүүд хууль батлагдсаны дараа гэмт хэрэгт холбогдвол Улсын ерөнхий прокурор түдгэлзүүлэх саналаа ҮХЦ-д гаргах аж.
УИХ-ын гишүүн болохоос илүү шоронд орохгүйн тулд, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг эдлэхийн тулд гишүүн болдог гэх яриа улс төрийн хүрээнд бий. Тэгвэл шоронд орохгүйн тулд, Цэцийн гишүүний бүрэн эрхийг эдлэхийн тулд Цэцийн гишүүн болохоор улайрах явдал газар авах вий.
Сэтгэгдэл үлдээх