Rio Tinto 18 тэрбум ам.долларын зэсийн уурхайн төсөлтэй холбоотой санхүүгийн шинэ нөхцөлд Монгол Улстай тохиролцлоо

.Graph
2026-07-01

Financial Times Оюу Толгойн шинэ хэлэлцээрийг зөвхөн Rio Tinto ба Монголын Засгийн газрын хоорондын ээлжит тохиролцоо гэж бус, харин дэлхий даяар ажиглагдаж буй “ресурсын үндсэрхэг бодлого” (resource nationalism)-ын тод жишээ гэж дүгнэжээ.

Нийтлэлийн гол санаа нь энгийн. Зэсийн үнэ түүхэн дээд түвшинд ойртож, стратегийн ашигт малтмалын эрэлт өссөн энэ үед баялгийн эзэн орнууд уул уурхайн төслүүдээс илүү өгөөж шаардах болсон. Монгол ч энэ давалгааны нэг хэсэг болсон гэж FT үзсэн байна.

Хэдэн сарын хэлэлцээний үр дүнд Rio Tinto менежментийн төлбөрөө 50 хувиар бууруулж, Монголын Засгийн газрын олон тэрбум ам.долларын хувьцаа эзэмшигчийн зээлийн хүүг 2.5 нэгж хувиар бууруулахаар тохиролцов.

FT үүнийг компанийн сайн дурын шийдвэрээс илүүтэйгээр өндөр зэсийн үнэ, Монгол дахь улс төрийн шахалт, олон нийтийн дарамт нийлсэн үр дүн гэж тайлбарлажээ. Монголын Ерөнхий сайд энэ хэлэлцээрийг “санхүүгийн бүрэн эрхээ хамгаалсан атлаа гадаадын хөрөнгө оруулалтын таатай орчныг хадгалж чадсан” гэж үнэлсэн бол Rio Tinto-ийн зэсийн бизнесийн тэргүүн Кэти Жэксон төслийн эрсдэл буурсантай холбоотойгоор зээлийн хүүг бууруулсан гэж тайлбарласан. Гэвч FT энэ хэлэлцээрийг эцсийн шийдэл болсон гэж үзээгүй. Монгол Улс Оюу Толгойн 34 хувийг эзэмшдэг ч ногдол ашиг хэзээнээс авах нь тодорхойгүй хэвээр байна.

Анх 2017 оноос ногдол ашиг хүртэнэ гэж тооцож байсан бол өртөг өсөж, хугацаа хойшилсны улмаас энэ хугацаа ойролцоогоор 2037 он болж шилжсэн. Rio ногдол ашгийг урагшлуулах талаар дурдсан ч тодорхой хугацаа амлаагүй байна.

Мөн Rio Tinto Монголд 2021-2022 оны татварын тооцоололтой холбоотой 450 сая ам.долларын татварын маргаантай байгаа бөгөөд энэ асуудал шүүхийн шатанд үргэлжилж байгааг нийтлэл сануулжээ. RBC Capital Markets-ийн шинжээч Бен Дэвисийн хэлснээр энэ хэлэлцээр нь Rio-ийн хувьд нийт дүнгээрээ бага зэрэг эерэг боловч Монголын улс төр хурдан өөрчлөгддөг учраас Засгийн газар ирээдүйд уурхайн эдийн засгийн өгөөжөөс илүү их хувь дахин шаардах эрсдэл бодит хэвээр байна.

Өөрөөр хэлбэл, Financial Times-ийн гол дүгнэлт нь: Монгол тодорхой санхүүгийн нөхцөлөө сайжруулж чадсан нь үнэн. Гэхдээ энэ нь зөвхөн нэг уурхайн тухай асуудал биш, харин стратегийн ашигт малтмалын үнэ өсөх үед баялгийн эзэн орнууд илүү ашигтай нөхцөл шаардах болсон дэлхийн чиг хандлагын нэг илрэл бөгөөд Оюу Толгойн ногдол ашиг, татварын маргаан зэрэг суурь асуудлууд бүрэн шийдэгдээгүй хэвээр байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe