“Хайрын хууль” гэж юу вэ
- “Хайрын хууль” нь Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль юм.
- Хуулийг УИХ-аар хэлэлцэж байх үед УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хайрыг сурталчилж, бусдыг энэрэх, ойлгох, хайрлах үзлийг түгээн дэлгэрүүлэх “Хайрын хууль” хэмээн нэрлэсэн.
- Уг хууль нь иргэдээс болон иргэний нийгмийн байгууллагаас боловсруулж, хууль санаачлагч эрх бүхий хүмүүст хүргүүлж дэмжлэг авч, УИХ-аар хэлэлцүүлж чадсан анхны хууль.
Асран хамгаалагч болох үндэслэл
- Гэрийн тэжээвэр амьтныг бусдаас хуульд заасны дагуу шилжүүлэн авах
- зэнгүй амьтныг асран хамгаалалтад авах
- Өөрийн гэрийн тэжээвэр амьтны үр төлийг асран хамгаалалтад авах.
Хүүхэд асран хамгаалагч болох боломжгүй
Асран хамгаалагч дараах шаардлагыг хангасан байна.
- 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай
- Гэрийн тэжээвэр амьтныг хоол, орон байраар хангах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулах орлогын эх үүсвэртэй байх.
- Нохой, муурын асран хамгаалагч сургалтад хамрагдсан байна.
Асран хамгаалагчийн эрх
- Бусдын эрхийг зөрчихгүйгээр гэрийн тэжээвэр амьтныг асран хамгаалах
- Гэрийн тэжээвэр амьтныг худалдахаас бусад хэлбэрээр шилжүүлэх
- Гэрийн тэжээвэр амьтан тэжээснийхээ төлөө аливаа ялгаварлан гадуурхалт, хүчирхийллээс ангид байх
- Олон нийтийн газар, орон сууцны орчны газар, гудамж, талбайд гэрийн тэжээвэр амьтантай чөлөөтэй зорчих
- Гэрийн тэжээвэр амьтны амь нас, эрүүл мэндэд бусдын учруулсан гэм хорыг арилгуулахаар шаардах.
Асран хамгаалагчийн үүрэг
- Олон нийтийн газар гэрийн тэжээвэр амьтантай зорчихдоо тухайн амьтны төрөл, биеийн хэмжээнд тохирсон хүзүүвч, хошуувч, цүнх, хөтөлгөө зэрэг зориулалтын хэрэгсэлтэй авч явах, бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх
- Гэрийн тэжээвэр амьтан ашиглан бусад хүн, амьтныг айлган сүрдүүлэхгүй байх
- Гэрийн тэжээвэр амьтныг хоол хүнс, байр, үүрээр хангах, халдварт өвчин, гэмтэл бэртэл авахаас урьдчилан сэргийлэх, орчин нөхцөлөөр хангах
- Гэрийн тэжээвэр амьтныг орон сууц, хашаанаас хараа хяналтгүй гарахгүй байх, бусад амьтан орохгүй байх нөхцөлийг бүрдүүлж, өвдсөн, бэртсэн тохиолдолд анхан шатны тусламж үзүүлж, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжид хандах, тусламж үйлчилгээ авах.
Нохой мууртай бол дээрх үүрэг дээр нэмээд үүрэг хүлээнэ
- Нохой, мууранд бичил чип суулгуулж, бүртгүүлж, галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад хамруулна.
- Үржил хязгаарлах мэс ажилбар хийлгэх
- Нохой, муурын хүзүүвч, эсхүл цээживчинд асран хамгаалагчтай холбоо барих мэдээлэлтэй пайз байршуулах
- Орчныг ялгадсаар бохирдуулахгүй байх, бохирдуулсан тохиолдолд орчныг цэвэрлэж, өтгөн ялгадсыг зориулалтын хогийн сав болон цэгт хаях
- Хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгийн талбайд салхилуулахгүй байх
- Нохой, муурыг эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхүйц хугацаагаар хараа хяналтгүй орхихгүй, нохойг уях тохиолдолд зориулалтын хүзүүвч, гурван метрээс багагүй урттай гүйлгээ уяа ашиглах
- Соёлын биет өв, түүх, соёлын үл хөдлөх дурсгалт болон соёлын өвийн дурсгалын газруудад дагуулж явахгүй байх.
Зөрчсөн тохиолдолд дараах хариуцлагыг хүлээнэ
- Нохой, мууранд үржил хязгаарлах мэс ажилбар хийлгэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
- Гэрийн тэжээвэр амьтны асран хамгаалагч, түр харагчийн нохой, мууранд бичил чип суулгуулж, бүртгүүлэх, үржил хязгаарлах мэс ажилбар хийлгэхээс бусад үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
- Гэрийн тэжээвэр амьтны тухай хуульд заасан хугацаанд нохой, муур тус бүрд бичил чип суулгуулж, бүртгүүлээгүй бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
- Нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүйгээр нохой, муур үржүүлсэн бол хууль бус үйл ажиллагааг зогсоож, хууль бусаар олсон орлогыг хурааж, хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Сэтгэгдэл үлдээх