Төсвийн тодотгол: Өссөн зардлаа танаж чадсангүй, харин өөрчилж хуваариллаа

Г.Энэбиш
2026-08-20

Засгийн газар 2026 оны төсвийн тодотголыг ₮1.4 их наядын дүнтэйгээр УИХ-д өргөн барилаа. Гэвч энэ нь төсвийн зардлыг бодитоор хумих томоохон шинэчлэлээс илүүтэй өссөн урсгал зардлаа өөр зардал руу шилжүүлж, оны үлдсэн хугацааг аргацаах тохируулга болж байна.

Засгийн газрын танилцуулснаар төсвийн тодотголоор нийт ₮1.4 их наядын өөрчлөлт хийх бөгөөд үүнээс

  • урсгал зардлыг ₮433.4 тэрбум, 
  • нийслэлийн үнэт цаасыг ₮758 тэрбум, 
  • хөрөнгийн зардлыг ₮249.5 тэрбум төгрөгөөр бууруулахаар тооцжээ.

Гэхдээ энэ тоог шууд “₮433 тэрбумын таналт” гэж ойлгоход учир дутагдалтай. Учир нь Засгийн газар өөрөө үүнийг зардлын бодит бүтцийн таналт гэхээсээ илүү төлөвлөгдсөн байсан зардлыг өөр зардал руу шилжүүлэх зохицуулалт гэж тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл төрийн зардлын хэмжээ үндсээрээ хумигдаж байгаа бус, аль салбарт, ямар хэлбэрээр зарцуулахыг дахин эрэмбэлж байгаа хэрэг.

Өссөн урсгал зардлыг бууруулах улс төрийн шийдвэр гарсангүй

Төсвийн тодотголын хамгийн том асуудал нь урсгал зардал. Засгийн газар нэг талаас ₮433.4 тэрбумын урсгал зардал бууруулахаар төлөвлөсөн ч нөгөө талд цалин, тэтгэвэр, эрчим хүч, хүнсний нийлүүлэлтэд зориулсан шинэ зардлуудыг нэмэгдүүлж байна. Тухайлбал төрийн албан хаагчдын цалингийн арга хэмжээнд нийт ₮844.6 тэрбум шаардлагатай гэж тооцжээ. Үүнд боловсрол, эрүүл мэнд болон бусад төрийн үйлчилгээний салбарын ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх зардал багтсан байна. Үүн дээр арваннэгдүгээр сараас ахмадуудад суурь тэтгэвэр олгоход ₮196.3 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Зарлагын дахин хувиарлалт 1,4 их наяд төгрөгөөр хэмжигдэж байна. 

Ингэснээр төсвийн нэг удаагийн зардлыг танахаас илүү цаашид жил бүр давтагдах зардлын суурь нэмэгдэх нь тодорхой болж байна.  Энэ бол төсвийн бодит шинэчлэлийн хамгийн том эрсдэл байж болзошгүй. 

Татаас: Нэг халааснаас нөгөө халаас руу

Төсвийн тодотголын өөр нэг том хэсэг нь үнийн өсөлтийг төсвөөр шингээх бодлого. Улаанбуудай, мах, хүнсний ногоо болон эрчим хүчний нийлүүлэлтийг дэмжих арга хэмжээнүүд тусгагдсан. Эрчим хүчний тарифыг нэмэхгүй байхын тулд 2026 онд ₮107.3 тэрбумын татаас олгохоор тооцжээ. Засгийн газрын хувьд энэ нь иргэдэд ирэх инфляцын дарамтыг бууруулах арга хэмжээ.

Гэхдээ эдийн засгийн талаас нь харвал төсөв бол татвар төлөгчдийн мөнгө.Төр нэг талд татвар, уул уурхайн орлого зэрэг эх үүсвэрээр мөнгө төвлөрүүлээд, нөгөө талд татаас хэлбэрээр буцаан тарааж байна.

Ингэснээр хэрэглэгчийн төлөх үнэ богино хугацаанд нэмэгдэхгүй байж болох ч тухайн бараа, үйлчилгээний бодит өртөг алга болохгүй. Харин түүнийг төсөв, өөрөөр хэлбэл татвар төлөгч үүрч байна. Энэ нь инфляцыг дарах урт хугацааны шийдэл гэхээсээ илүү үнийн өсөлтийг төсвийн зардлаар түр дарж буй хэлбэр.

Орон нутгийн 2 их наядын орлого хаашаа явах вэ?

Төсвийн тодотголын хүрээнд дөрвөн орон нутгийн давсан орлого болох 2 их наяд гаруй төгрөгийн давсан орлогыг улсын төсөвт татан төвлөрүүлж, хэрхэн зарцуулах эрхийг УИХ-д өгөх асуудал мөн анхаарал татаж байна.Энэ нь төвлөрсөн төсвийн сахилга батыг сайжруулах зорилготой байж болох ч нөгөө талаас орон нутаг өөрийн давсан орлогоо хэр хэмжээнд бие даан захиран зарцуулах вэ гэсэн асуудлыг хөндөнө.

Өөрөөр хэлбэл орон нутагт орлого нэмэгдүүлэх урамшуулал бий болгох уу, эсвэл давсан орлогыг төв рүү татах замаар бүх шийдвэрийг улсын түвшинд төвлөрүүлэх үү гэдэг бодлогын сонголт гарч байна.Энд хамгийн чухал нь тухайн ₮2 их наядын хөрөнгө яг ямар үр ашигтай зардалд зарцуулагдах нь УИХ-ын шийдэх асуудал болж байна. Энэ ЗГ татан авсан орлогоороо дур мэдэн үрэхгүй. УИХ-тай хамаатай байдлаар шийдвэрлэх, хамтын үүрэг хариуцлага руу оруулж байгаа хэлбэр аж. 

Иргэдийн орлогыг уул уурхайн хувьцаагаар дэмжинэ 

Засгийн газар “Чингис хаан” баялгийн сангаар дамжуулан Эрдэнэс Тавантолгой тэргүүтэй уул уурхайн болон бусад төрийн өмчит компанийн хувьцааг нийлүүлж биржээр арилжих, 1072 хувьцааг иргэдэд өгөөжтэй болгох чиглэлд улс төрийн шийдвэр гаргаснаа мэдээлсэн.Энэ нь иргэдийг уул уурхайн баялгийн өгөөжөөс хүртээх боломжийг нэмэгдүүлэх давуу талтай.  Төрийн өмчит компаниудын хувьцааг зах зээлд гаргах нь нэг удаагийн орлого бий болгож болох ч төрийн урсгал зардлыг байнга санхүүжүүлэх эх үүсвэр болгож болохгүй.

Хэрэв уул уурхайн орлого, төрийн өмчит компанийн активыг цалин, тэтгэвэр, татаасыг санхүүжүүлэхэд байнга ашиглавал төсөв эдийн засгийн мөчлөг, түүхий эдийн үнээс улам хамааралтай хэвээр үлдэнэ.

Төрийн өмчит компаниудын шинэчлэл жинхэнэ таналт хаана байна?

Төсвийн тодотголд төрийн өмчит компаниудын шинэчлэлийн талаар тусгасан ч Засгийн газар төрийн бүтцийг үндсээр нь цомхотгох шийдвэр гаргасангүй. Харин төрийн өмчийн хөрөнгө оруулалтын сан байгуулж, төрийн өмчит компаниудын хувьцааны 20-иос доошгүй хувийг уг санд төвлөрүүлэн, цаашид олон улсын биржээр арилжаалах бэлтгэл хийхээр төлөвлөжээ. Энэ нь өмчийн удирдлагын шинэ механизм байж болох ч төрийн зардлыг өнөөдөр бууруулах шийдэл биш. Төсвийн асуудлын гол зангилаа нь төр хэдэн компанитай байх вэ гэдгээс гадна эдгээр компани, байгууллагаас жил бүр төсөвт ямар хэмжээний дарамт ирж байгаа, хэд нь ашигтай, хэд нь алдагдалтай, хэд нь төрийн үндсэн чиг үүрэгтэй давхцаж байгаад оршино.

“Хүйтэн өвлийг” давахын тулд гадаад зээл ашиглана

Төсвийн тодотголд Азийн хөгжлийн банктай байгуулах санхүүжилтийн хүрээнд 200 сая ам.долларын төсвийн дэмжлэгийн зээл, 250 сая ам.долларын гамшгийн үеийн нөхцөлт зээлийн шугам тусгасан байна. Төсвийн дэмжлэгийн зээл нь SOFR+0.75 хувийн хүүтэй, 15 жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс гурван жил чөлөөлөгдөх нөхцөлтэй. Өөрөөр хэлбэл өнөөдрийн төсвийн дарамтыг зөвхөн зардлын таналтаар шийдэх боломжгүй болсон учраас гадаад санхүүжилтээр амьсгаа авах орон зай гаргаж байна.Энэ нь богино хугацаанд санхүүгийн дарамтыг бууруулах боловч өрийн дарамтыг ирээдүйд шилжүүлж буйг мөн мартаж болохгүй.

Жинхэнэ таналтыг ирэх оны төсөвт тусгаж чадах уу? 

Энэ удаагийн тодотголын хамгийн том сул тал нь төрийн зардлын өсөлтийн шалтгаантай тэмцсэн шинэчлэл харагдсангүй.  Засгийн газар ₮433 тэрбумын урсгал зардал танасан гэж байгаа боловч үүний зэрэгцээ цалин, тэтгэвэр, эрчим хүчний татаас, хүнсний нөөц зэрэгт дахин их хэмжээний мөнгө зарцуулахаар төлөвлөжээ. Тиймээс үүнийг “том хэмжээний төсвийн таналт” гэхээс илүү “төсвийн тохируулга” гэж харах нь илүү бодитой.

Төрийн байгууллагын бүтэц, орон тоо, давхардсан чиг үүрэг, ТӨК-ийн алдагдал, үр ашиггүй хөрөнгө оруулалт зэрэг төсвийг жил бүр тэлдэг үндсэн шалтгаануудыг улс төрийн хувьд хөндөхгүйгээр урсгал зардлыг бодитоор бууруулах боломж хязгаарлагдмал хэвээр байна. Төрийн өмчит алдагдалтай компанийг бид цааш тэжээсээр байх уу? гэдэг гунигтай асуулт үлдлээ. Хоёр төрлийн хуулийн шинэчлэлийг өргөн барьсан ч хэзээ баталж, хэзээ хэрэгжиж эхлэх нь тодорхойгүй байгаа юм.

Монгол Улсыг айл гэж үзвэл энэ удаагийн төсөв нь өрхийн зарлагыг танасан төсөв гэхээсээ илүү төлбөрөө өөр карт руу шилжүүлж, энэ сарын эцсийг аргацаасан төсөвтэй адил байна. Гэтэл Монгол Улсыг төсөв улам тэлэхэд хүргэдэг хоёр дараалсан сонгуулийн мөчлөг мөн хүлээж байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe