Юу байна даа гэж мэндлэх их муухай гэж тэр нэг жил танил ахын оффист зочлох үед эвтэйхнээр надад хэлж байсан юм. Тэр хүнд юу байгаа эсэхээс нь хамаарч яриа чинь яаж үргэлжлэх юм шиг эвгүй гэж. Түүнээс хойш юу байна гэж аль болох мэнд мэдэхгүй байя гэж бодож явдаг ч амны уншлага болсон учраас заримдаа тархинаас түрүүлээд ам ажиллачхаад байдаг юм. Өнөө өглөө ажилдаа явах гээд автобусны буудал дээр хүн хаалгаар нь сагасан автобус хоёрыг өнгөрөөв. Уг нь миний сууж явах автобус л даа. Үнэхээр багтахгүй байгаа орон зай руу яаж дайраад байх вэ дээ. Дараагийнхаас нь сууя даа гэж зогсонгоо ер нь бидэнд юу байна вэ гэж гэнэт бодов. Өдөр, шөнөгүй л өндөр барилга энд тэнд босож, өчнөөн олон мега төсөл ярьсан энэ улсад бидний өдөр тутмын амьдрал яаж өрнөөд байна вэ. Өндийж харах завгүй ажил, сошиалд хов жив, төр, засгийнх нь хийж байгаа зүйл эрх мэдлийн төлөөх тэмцэл. Автобус нь хүрэлцэхгүй алхаад явъя гэхээр олигтой гишгэх газар ч олдохгүй. Арай гэж такси барихаар зам нь таг. Ажиллаж олсон хэдэн төгрөг нь амьдралд хүрэлцэхгүй. Төрөл төрлийн татвар данс хоосолно. Инфляцад нүдүүлсэн өргөн хэрэглээний барааны үнэ өдөрт хэдэн зуун төгрөгөөр байхаа болиод хэдэн мянгаараа нэмэгддэг болчихсон. Үгүй ээ үнэхээр Монгол Улсад амьдрахад ямар хэцүү юм бэ. Яаж ийм гажиг тогтолцоонд юмтай байж, баяр баясалтай амьдрах юм бэ. Юу болоод байгаа юм бэ эрх баригчид аа. Болдог бол та нарын чихэн дээр ямар новшоо хийгээд байгаа юм бэ ...даа гээд орилчихмоор л байх юм. Туйлдаж ядаж байгаа иргэдээ тэгш, сондгойгоор нь ялгаж улам яргална. Инфляц хоёр оронтой тоо руу ороод байхад л Засгийн газар нь татаас, мөнгө тараалтаар өөрсдийнхөө улс төр дэх хугацаагаа сунгаж байх жишээтэй. Энэ хооронд чинь дундаж давхарга чинь мөхөж улс чинь баян, ядуугийн хоёрхон давхарга руу шилжиж, монгол төгрөг цаас болон хувирч, иргэдийн амьдрал байж болох хамгийн муу түвшиндээ хүртэл доройтож байна.
Дундаж давхаргын мөхлийн үе...
Юунд ч юм мэдэхгүй гомдоод байгаа ч юм шиг эсвэл нэг тийм бууж өгмөөр ч юм шиг мэдрэмж төрөөд салахгүй байна уу. Гудамжаар алхах тогтвортой ажил эрхэлдэг насны 10 залуугаас яг энэ асуултыг асуувал ес нь тэгдэг гэж хариулах байх шүү. Хайр сэтгэл, сэтгэл гутрал гэх хүчин зүйл энд ямар ч хамаагүй. Зүгээр л сайхан болно доо гээд зүтгээд байхад юу ч өөрчлөгдөхгүй байх үеийн хогийн мэдрэмж юм. Эх орондоо ажиллаж, амьдраад явъя гэхээр болж өгөхгүй байгаа биз. Татвараа төлөөд зүтгээд байгаа бидний лав буруу биш. Энэ бол Монгол төрийн буруу бодлого. Тэднээс болж Энэтхэг шиг кастын систем албан бусаар аль хэдий нь монголд бий болчихжээ. Нэг бол хэт их баян, нэг бол таг ядуу. Улсыг нуруун дээрээ үүрч явдаг дундаж давхаргынхан шантраад ихэнх нь гадагшаа гэр бүлээ дагуулаад дүрвэж байна. Яг л 2010 оны дундуур монголчууд олноор гадагшаа явсан шиг. Хэт баячууд нь төрд ах, дүү, хамсаатан нь ажилладаг учраас төрийн тендер, хөрөнгө оруулалт, төсөл авч хөрөнгөжсөн. Хэт ядуус нь төрийн халамжид дасчихсан, хаашаа ч явах боломжгүй хайрцаглагдсан хэсэг бүлэг. Улс орон эдийн засгийн хувьд өсөж дэвших бодолтой л бол тогтвортой орлоготой, нийгмийн идэвхтэй дундаж давхаргыг хамгийн сайн дэмжиж байх төрийн бодлого байдаг. Гэвч өнөө цагийн эрх баригчид энэ нийгмийн давхаргыг татварын бодлогоор устгаж зөвхөн өөрсдийн тэжээсэн хэт баян, хэт ядуу нийгмийн систем рүү биднийг чирч байна. Аймшигтай судалгаа байгаа нь 2018 онд дундаж давхаргын нийгэмд эзлэх хувь 58 хувьтай байсан бол 2020 онд 16 хувь болон огцом буурчээ. Дээрх миний хэлээд байгаа хэт баян, хэт ядуу давхарга руу шилжиж эхэлсэн гэдгийг энэ статистик нотолж байгаа юм. Төрийн буруу бодлого биднийг өдөр тутамд яргалаад зогсохгүй бүхэл бүтэн нэг давхаргыг устгаж үзүүлж байна.
Цагаан цаасан дээр сараачсан шоглоом...
Төрийн эрхэнд ямар ч намаас гарсан ард түмнийг цагаан цаас гэж хардаг нь гарцаагүй үнэн. Ил болсон нь л М.Энхболд болохоос биш бүгд ижил биднийг тэнэг гэж боддог. Үгүй бас тэдний буруу ч биш юм шиг. Монгол Улсад сонгуулийн насны 2 сая гаруй иргэд байдаг. Үүнээс сонгуульд ирцээ бүртгүүлээд хээгээ уншуулдаг нь 1 сая дөнгөж гарна. Тэгээд судалгаагаар энэ 1 сая дөнгөж гарсан иргэдийн 400 мянга орчим нь улс төрчдийн яриад байдаг хар масс. Ерөнхийдөө энэ бүлгийн хүмүүсийг ойлгож байгаа байх. Улс төрд юу болоод байгаа гэдгийг мэддэггүй, сонирхох бодол ч байдаггүй. Өдрийнхөө хоолыг яаж аргалах вэ гэх бодолтой сэрдэг хүмүүс. Тэдний саналыг 100 мянган төгрөгөөр авах хамгийн амархан. Харин 100 мянга орчим нь аль ч нам, улс төрчдийг дэмждэггүй цагаан хуудас өгдөг хүмүүс. Үлдсэн 600 орчим мянган хүний талаас их хувь нь МАН болон АН, ХҮН гээд намуудын харьяалалтай. Хараар тооцоход үндсэндээ 100 гаруй мянган хүн л үнэнчээр сонгуульд оролцож сайхан ирээдүй төсөөлөн саналаа өгч байгаа юм. Үлдсэн цагаан цааснууд дээр улс төрчид дуртайгаа сараачна. Энэ үр дүнг яриад байгаа учир нь бид сонгуулийн дараа би энийг сонгоогүй байхад энэ яагаад гарчихдаг юм гэж бодоод байдгийн учир нь энэ юм аа. Эрх баригчид хар масс, намчдаа тэжээж л байвал сонгуульд ялсаар ирсэн нь эндээс харагдана. Өнөөдрийн байгаа байдал бол улс төрчдийн цагаан цаасан дээр сараачсан шоглоом. Ирэх жил Ерөнхийлөгчийн сонгууль, түүний араас УИХ-ын сонгууль болно.
Өнөөдрийн амьдралдаа дасаж цагаан цаас байсаар байх уу эсвэл өөрийн гэсэн үзэл бодолтой байж намчирхал, нэг удаагийн 100 мянган төгрөгөө орхиж итгэл үнэмшлээрээ сонголт хийх эсэхээ сайн бодохыг хүсье. Эсвэл тэгээд тэгш, сондгой гэдэг шиг хотоо туул голоороо хоёр хуваагаад урд талд нь төрөөс төрсөн баячууд нь тэжээсэн улс төрчидтэйгөө. Хойд талд нь сонгуулиар 100 мянган төгрөгөөр саналаа худалдсан, нам дагаж сайрхсан ч эцэст нь хоосон хаягддаг ядуус нь амьдарцгаая. Дундаж давхарга мэтийг бүр март. Тэд аль хэдий нь сүүлчийн хүн нь гэрлээ унтраагаад ниссэн байх болно.
Сэтгэгдэл үлдээх