“Баяраагийн Баярхүү” нэртэй фэйсбүүк хаягт энэ сарын 25-нд нийтэлсэн “СЕЛИН ДИОН “Хүүхдүүдийн цус ууж, иддэг байсан”-аа Олны өмнө буюу Камерийн өмнө хүлээн зөвшөөрөв” гэсэн агуулга худал мэдээлэл болохыг Монголын баримт шалгах төв(МБШТ) тогтоон Мета компаниас тэмдэглэгээ оруулжээ.
МБШТ-ийн шалгалтаар уг агуулгыг Монголд тархахаас өмнө Олон улсын баримт шалгах сүлжээний гишүүн “Lead Stories” баримт шалгах төвөөс энэ сарын 24-нд дараах байдлаар тайлбарлаж байсныг хавсаргасан.
Үүнд “олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн эвлүүлэг бүхий бичлэг нь Дионы уналт таталт өгч, дараа нь бие нь дээрдэж буйг харуулсан баримтат киноны хэсгээс авсан кадр юм. Эх бичлэг дээрээ тэрээр хүүхэд идсэн эсвэл тэдний цусыг уусан гэж огт хэлдэггүй” тухай дурдсан байна.
Түүнчлэн Селин Дионы арагшаа хараад сууж байгаа видео бичлэг нь мөн “I Am: Celine Dion” баримтат киноноос авсан кадр. Эх бичлэг дээр Дион “Би хүүхэд идсэн” эсвэл “цус уусан” гэж огт хэлдэггүй.
Хавсаргасан хүүхдийн зургийг Google lens ашиглан хайхад 2012 онд The Journal of Emergency Medicine сэтгүүлийн сайтад нийтлэгдсэн “Үсэрхийлсэн невробластома: Хүүхдийн суваг ясны хугарлыг сорилтод оруулж дуурайдаг өвчин” гарчигтай судалгаанд “Figures 4”-т оруулсан зураг байна.
Канадын дуучин, ая зохиогч, жүжигчин Сэлин Дион сүүлийн жилүүдэд ховор тохиолддог мэдрэлийн эмгэг болох “Stiff-Person Syndrome” гэх өвчинтэйгөө тэмцэж байгаа. Энэ талаараа олон нийтэд нээлттэй ярьж байсныг ийнхүү мушгин төөрөгдүүлж, хуурамч мэдээлэл болон тараажээ.
“Баяраагийн Баярхүү” нэртэй фэйсбүүк хаягийн хавсаргасан дүрс бичлэгийн Рамбл(Rumble) веб хуудаст байршуулсан байсан. Энэ нь бие даасан хэрэглэгчид контент байршуулдаг, ямар нэг редакцгүй, юутүб(youtube) зэрэг бусад сувгууд шиг хуурамч эсвэл зохисгүй агуулгыг бодлогоор хянадаггүй. Албан ёсны, баталгаатай мэдээний эх сурвалж гэж үзэх боломжгүй гэсэн үг юм.
Мөн дээрх хуурамч мэдээллийг Монгол Улсад тараасан хаяг өмнө нь гурван удаа ямар нэг байдлаар төөрөгдүүлсэн, бүрэн бус хуурамч мэдээллийг түгээж байсан ба энэ удаагийх дөрөв дэх нь болж байна.
Сэтгэгдэл үлдээх