Цөлжилт, газрын доройтол, усны хомсдол зэрэг байгаль орчны тулгамдсан асуудлаар хэлэлцдэг “Коп-17” бага хурал манай улсад зохион байгуулагдаж байгаатай холбоотойгоор сүүлийн өдрүүдэд олон нийтийн дунд эдгээр сэдэв нэлээд хүчтэй өрнөлөө. Иргэд ч эмзэг байна.
Энэ оны нэгдүгээр сар хүртэл дэлхийн усны хомсдолын түвшин "Усны хямрал" (Water Crisis) хэмжээнд яригддаг байлаа. Гэтэл өнөөдөр "Дэлхийн усны дампуурал" (Global Water Bankruptcy) гэх хэмжээнд хүрчээ. Үүнийг нэгдүгээр сард НҮБ-ийн судлаачид тайландаа дурдсан юм.
Дэлхийн улс орнууд газрын гадаргын болон гүний усыг байгалийн нөхөн сэргэх хэмжээнээс нь хэт давуулан хэрэглэснээс болж экосистем эргэн сэргээгдэх боломжгүй болтлоо явжээ.
Иймээс ус ашиглалттай холбоотой хэдэн тоо харцгаая.
Монгол Улсын нөхцөл байдал
Манай улсын усны нийт нөөц 564.8 км3. Нийт усны нөөцийн ердөө хоёр хувийг газрын доорх ус эзэлдэг бол бидний хэрэглээний 70-80 орчим хувийг газрын доорх буюу гүний уснаас бүрдүүлж байна.
2025 оны судалгаанаас харахад Монгол орны ус ашиглалтыг дараах салбарууд бүрдүүлж байна.
Дээрх графикаас харж байгаачлан улсын хэмжээнд нийт ус ашиглалтын хамгийн их буюу 48 хувийг хөдөө аж ахуйн салбар эзэлж байгаа бол түүний араас уул уурхай, унд ахуйн хэрэглээ орж байна. Мөн 2024 онд нийт 677 сая м3 метр улс ашигласан нь өмнөх жилүүдтэй харьцуулахад өссөн үзүүлэлт юм.
Бидний дунд нэг ташаа ойлголт байдаг нь Монгол орны усны нөөцийг гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниуд дундалж байна гэх шүүмжлэл. Гэтэл бодит байдлыг тоо ийнхүү харуулжээ.
Мөнгөн урсгал
Манай улс жил бүр ус ашигласны төлбөр тооцон авдаг бол үүний 90 гаруй хувийг уул уурхайн салбар дангаараа бүрдүүлж байна.
Хүний биед ус амин чухал үүрэг гүйцэтгэдэгтэй адил, уул уурхайн салбарын үйл ажиллагаанд ч ус зайлшгүй шаардлагатай нөөц юм. Тус салбар нь усгүйгээр ажиллах боломжгүй билээ. Тоосжилт дарах, зүлэг, мод услах, тоног төхөөрөмжийн хөргөлт, угаалга цэвэрлэгээ, гал түймэр унтраах зэрэг ажлуудаас гадна хамгийн гол нь баяжуулах, боловсруулах технологид усыг өргөнөөр ашигладаг. Энэ хэмжээгээрээ ч улсдаа үр өгөөжөө өгч байна.
Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 26 хувь, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 75 хувь, нийт экспортын орлогын 95 хувь, гадаадын хөрөнгө оруулалтын 74 хувь, улсын төсвийн орлогын 27 хувийг энэ салбар бүрдүүлж байгаагаас харж болох нь.
Дэлхийн ихэнх улс усны хэрэгцээнийхээ 80 орчим хувийг гадаргын усаар хангадаг байхад Монгол Улс эсрэгээрээ усны хангамжийнхаа ердөө 10 орчим хувийг гадаргын уснаас авч байгаа нь бид газрын доорх усны нөөцдөө хэт их түшиглэж байгааг харуулж байна. Тиймээс гадаргын усыг хуримтлуулж, боловсруулан ашиглахын зэрэгцээ усыг нэг удаа хэрэглээд хаядаг бус, боломжтой бүх салбарт дахин ашигладаг тогтолцоонд шилжих шаардлагатай байна.
Эцэст нь бид асуудлыг өнгөц харж, хэн нэгэн рүү чичлэх бус аль аль талдаа хичээвэл зүйтэй болов уу. Усаа хаахгүй шүдээ угаадаг, ундны цэвэр усаар машинаа угаадаг нь ч алдаа шүү дээ. Тиймээс дор бүрнээ хариуцлагатай байя.
Сэтгэгдэл үлдээх