Монгол орны нийт газар нутгийн 7.9 хувийг ой эзэлдэг нь дэлхийд ойн сангийн нөөц багатайд тооцогддог үзүүлэлт.
Ой мод бол манай орны мөнх цэвдэгийг хадгалахад чухал, гадаргын болон гүний усны тэнцвэрийг хадгалагч, хөрсний элгэдлээс хамгаалагч, бэхжүүлэгч, салхи шуургыг тогтоон барих хүч, нөмөр.
Ойн экосистемийг хамгаалснаар орчны доройтол, цөлжилтөөс сэргийлэх, ус ургамал, бэлчээрийг хамгаалах чухал ач холбогдолтой.
Зургаар үзэх бол энд дараарай.
2022 он
16 аймгийн 109 сумын 732.7 мянган га ой шавжийн хөнөөлд нэрвэгдэн 2 тэрбум мод дахин сэргэхгүйгээр өгөрч хатах аюулд ороод буйг судалгаагаар тогтоосон.
2022.06.24
БОАЖЯ болон Рио Тинто Монгол ХХК “Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх чиглэлд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулсан.
2022.09 сард
Байгаль орчин аялал жуулчлалын яам, Рио Тинто Монгол ХХК, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэг хамтран “Эрүүл ой” төслийг есдүгээр сараас албан ёсоор хэрэгжүүлж эхлэв.
Төслийн эхний шатанд шавжтай тэмцэх үр ашигтай технологийг нэвтрүүлэх, шавж устгах бодисын туршилт судалгаа, талбайн туршилт зэргийг гүйцэтгэж цаашдын арга хэмжээний зөвлөмж боловсруулсан байна.
Мөн ICCF-ийн ойн эрүүл мэндийн шинжээчдийг урин ажиллуулж, АНУ-ын Ойн алба болон их сургуулиудтай хамтын ажиллагаа үзэглэв. Ингэснээр ойн эрүүл мэндийн урт хугацааны хөгжилд дэмжлэг үзүүлэх техникийн суурийг тавилаа.
2023 он
Шавжийн эмэгчин нь нэг удаад 250-1000 өндөг гаргах ба тэдгээр нь авгалдай, хүрэнцэр болмогцоо модонд үүрлэн шавж, хэдэн зуун мянгаараа модноос мод, ойгоос ойд цөлмөн давшиж, модыг хуйгаар нь хатааж орхидог.
Зарим нь эргэн тойрондоо 100км нүүдэллэн нэг сарын дотор олон га талбай модыг хувхайруулах чадалтай.
2023 он
Тавдугаар сараас эхлэн NFA болон Thomas Air LLC -тэй хамтран нисэх онгоц түрээслэн, агаарын цацалтын ажлыг зохион байгуулж, Архангай, Завхан, Өвөрхангай, Төв, Хөвсгөл аймаг болон Горхи Тэрэлжийн ДЦГ зэрэг нийт 150 мянган га талбайд агаарын болон механик аргаар тэмцэв.
ICCF-ийн ойн эрүүл мэндийн шинжээч, доктор Том Ийгэрээр ахлуулсан мэргэжлийн хамтарсан баг Хэнтий, Тэрэлж, Архангай болон Улаанбаатарт талбайн үнэлгээ хийж, туршилт судалгааг гүнзгийрүүлсэн.
Мөн үндэсний өгөгдлийн сан, алсын зайн тандан судалгаа, хортон шавжийн хяналт, шинжилгээний аргуудыг сайжруулахад зөвлөн ажиллав.
Дэлхийн 50 гаруй улс орны 180 гаруй дархан цаазат нутаг дэвсгэрт ашигладаг, хиймэл оюун ухаанд суурилсан EarthRanger программыг хөгжүүлэн, ой хамгаалалд нэвтрүүлж, технологийн дэвшлийг байгаль хамгаалалд ашиглах суурийг тавив.
2024-2025 он
Шинжлэх ухааны академи, их сургуулиудтай хамтран ойн чиглэлээр дутагдаад буй залуу боловсон хүчин бэлтгэхэд анхаарч, судлаач оюутнуудад тэтгэлэг олгох ажил зохион байгуулав.
2024 оны эхний хоёр улиралд Архангай, Өвөрхангай аймгуудын ойн бүсүүд болон нийслэлийн Ногоон бүсүүдэд (Горхи–Тэрэлж, Богдхан уул) 100 мянган га талбайд агаарын аргаар, 50 мянган га талбайд механик аргаар шавжтай тэмцэх ажил зохион байгуулсан.
АНУ, Канадын ойн шинжээчид хөнөөлт шавжтай тэмцэх Монгол Улсын үйл ажиллагаанд мэргэжлийн үнэлгээ хийж, хяналт- шинжилгээ, дээжлэлт, шийдвэр гаргалтын сул талыг тодорхойлж, стандартчлал тогтоох, сургалт, аюулгүй байдлыг хангах, үйл ажиллагааг боловсронгуй болгох тал дээр зөвлөмж өгч ажиллав.
Ойн салбарын 8 мэргэжилтнийг АНУ-д туршлага судлах хөтөлбөрт хамруулж, ойн эрүүл мэндийн дэвшилтэт менежмент, тогтолцоотой танилцууллаа.
Үр дүн
Ойн хөнөөлт шавжтай тэмцэх арга, үр дүн, бэлэн байдал сайжирч, Монгол Улсын ойн хортонтой тэмцэх тогтолцоог бэхжүүлэхэд хувь нэмрээ орууллаа.
Мөн үндэсний ойн менежментийн чадавх, мэдлэг туршлага нэмэгдэж, ойн нөөцийн тогтвортой байдлыг хадгалах зорилгоор ойн тэсвэртэй, эрүүл байдлыг хамгаалах арга хэмжээний урт хугацааны цогц стратеги боловсрууллаа.
Төсөл хэрэгжүүлэгч байгууллагууд
Рио Тинто Монгол ХХК: Монгол Улс дах урт хугацааны түншлэл хамтын ажиллагаа, нийгмийн хариуцлагын хүрээнд эдийн засаг бизнесийг дэмжсэн төсөл хөтөлбөрүүдийг дэмжин ажилладаг. Мөн байгаль орчин, ногоон хөгжлийг дэмжих чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар: “Эрүүл ой” төслийн хэрэгжилтийг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, бодлогын болон техникийн талаас дэмжлэг үзүүлэх, үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөтэй уялдуулж, гүйцэтгэлийг хянан ажиллав.
Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэг: Хөнөөлт шавжийн хэт олшролыг бууруулах, олон улсын жишигт нийцсэн аргуудыг нэвтрүүлэх, мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр гурван жилийн хугацаанд ажиллав.
Сэтгэгдэл үлдээх