ШШГЕГ иргэн Ш.Бат-Ирээдүйн хувийн эзэмшлийн хоёр үл хөдлөхийг чөлөөлөн авчээ

.Graph
2026-10-07

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 5.1 тэрбум гаруй төгрөгөөр үнэлэгдсэн Ш.Бат-Ирээдүйн Баянгол дүүрэг дэх үйлчилгээний зориулалттай барилгыг газрын хамт  2026 оны есдүгээр сарын 30-ны өдөр албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж, чөлөөлжээ. Ийнхүү Ш.Бат-Ирээдүй нь тухайн хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар тогтоолгосон үнэлгээ болох 5.1 тэрбум гаруй төгрөгөөр тооцож улсын орлогод авч, 4.5 тэрбум гаруй төгрөгийг хурааснаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон гэж ойлгосон ч Баянзүрх дэх хөрөнгийг мөн албадан чөлөөлж авахаар мэдэгджээ. 

Өөрөөр хэлбэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хариуцсан дэд дарга Д.Сандаг болон Хан-Уул дүүргийн хэлтсийн дарга бөгөөд Ахлах шийдвэр гүйцэтгэгч Э.Ичинхорол нар нь тус тус үнэлэгдсэн (нийт  12,148,631,300 төгрөгийн үнэ бүхий) хоёр үл хөдлөх хөрөнгийг ямар ч хууль тогтоомжид байхгүй үндэслэлээр 4.5 тэрбум гаруй төгрөгийн төлбөрт тооцож авахаар хууль бус үйлдэл гаргаж байна гэж үзжээ. Иймд дээр дурдсан албан тушаалтнуудыг хуульд журмыг санаатайгаар зөрчиж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан эсэхийг шалгаж өгнө үү хэмээн Авлигатай тэмцэх газарт хандлаа. 

Тодруулбал, одоогоос 14 жилийн өмнө буюу 2010 онд “Зэлэм” компанийн захирал Ш.Бат-Ирээдүй "South Gobi Sands" гэх компаниас хайгуулын тусгай зөвшөөрөл хуулийн дагуу шилжүүлэн авсан хэргээр 2013 оны зургаадугаар сарын 13-ны өдөр түүнд Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлд зааснаар 5 жил 1 сарын хорих хорих ял оногдуулж, 4.5 тэрбум гаруй төгрөгийг улсад төлөх шийдвэр гарчээ.

Улмаар Ш.Бат-Ирээдүйн хувийн өмч болох Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 298 тоотод байршилтай хувийн сууц, үйлчилгээний зориулалттай барилга болон Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороололд байршилтай үйлчилгээний зориулалттай барилгын 4.5 тэрбум төгрөгт оруулж, тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

Уг хоёр үл хөдлөхийн нэг нь 5.1 тэрбум гаруй төгрөгөөр үнэлэгдсэн бол нөгөө нь 6.9 тэрбум гаруй төгрөгөөр үнэлэгджээ. Тухайн үнэлгээг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу 2 удаагийн албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй байна. Улмаар өрд шилжүүлэн суулгах үл хөдлөх хөрөнгийг худалдаж, 4.5 тэрбум төгрөгийн өрөө барагдуулах хүсэлт илгээсэн ч тухайн байгууллагаас зөвхөн үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх гэж байгаа нь хууль зөрчиж, иргэний хувийн эзэмшлийг өөрсдийн эзэмшил болгож авах гэж зүтгэж байна гэж өмгөөлөгч үзэж байна. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe