Орон сууцанд 22:00–06:00 цагийн хооронд бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах засвар хийхийг хориглож, автомашины дууг зориудаар нэмэгдүүлэх тоноглолын өөрчлөлтийг хязгаарлахаар төсөлд тусгажээ. Дуу чимээний тогтоосон хэмжээг зөрчсөн иргэнийг ихэнх тохиолдолд 50 мянга, байгууллагыг 500 мянган төгрөгөөр торгох саналтайгаар төсөлд тусгажээ.
УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн санаачилсан төсөл нь автомашин, барилга, үйлчилгээний газар, айл өрхөөс үүсэх дуу чимээг бууруулж, иргэдийн амрах, суралцах, ажиллах орчныг хамгаалахад чиглэжээ. Хуулийн хэрэгцээ шаардлагын тухайд
Дуу чимээний бохирдол хүний эрүүл мэнд, амьтдын амьдралд сөргөөр нөлөөлдөг
Дуу чимээний бохирдол нь сонсголд нөлөөлөхөөс гадна нойр алдагдуулах, стресс үүсгэх, анхаарал төвлөрөл болон ажлын бүтээмжийг бууруулах сөрөг нөлөөтэй. Мөн амьтдын харилцах, хоол тэжээлээ олох, үржих үйл явцад саад учруулдаг.Чанга дуу чимээнд удаан хугацаагаар өртөх нь сонсгол буурах, чих шуугих эрсдэлийг нэмэгдүүлдэг. Нөлөөллийн хэмжээ нь дууны түвшин, өртөх хугацаа, давтамжаас хамаарна.
Замын хөдөлгөөн, нисэх онгоц болон бусад эх үүсвэрийн байнгын шуугиан нь унтах, амрахад саад болж, ядрах, цочромтгой болох, анхаарал сарнихад хүргэж болно. Удаан хугацааны өртөлт нь цусны даралт ихсэх, зүрх судасны өвчний эрсдэл нэмэгдэхтэй холбоотой.
Орон сууцанд шөнийн цагаар чимээтэй засвар хийхийг хориглоно
Төсөлд орон сууцанд оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах засвар, үйлчилгээ, тохижилтын ажлыг 22:00–06:00 цагт хийхийг хориглохоор заасан байна. Өдрийн цагаар ч засвар, ахуйн төхөөрөмж, дуу өсгөгчөөс гарах чимээг зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шаардлага тавьжээ.Барилгын ажил эхлэхээс өмнө ойр орчмын оршин суугчдад ажиллах хугацаа, цаг, дуу чимээ бууруулах арга хэмжээ болон хариуцсан хүний холбоо барих мэдээллийг урьдчилан өгөхөөр тусгасан байна. Гүйцэтгэгч нь дуу тусгаарлах хаалт, чимээ багатай тоног төхөөрөмж ашиглаж, ажлын цагийг зохицуулах үүрэгтэй болно.
Автомашины дууг зориудаар нэмэгдүүлэхийг хориглоно
Автомашины эзэмшигч, жолооч дуу намсгах төхөөрөмжөө хэвийн байлгах бөгөөд дуу чимээг нэмэгдүүлэх зорилгоор салгах, өөрчлөхийг хориглохоор тусгажээ. Тээврийн хэрэгслийн чимээг техникийн үзлэгийн хүрээнд хянах саналтай байна.Мөн гэр хороолол, орон сууцны хороололд шөнийн цагаар дуут дохио ашиглахыг гамшиг, гамшгийн онцгой нөхцөлөөс бусад үед хориглох заалт оруулжээ.
Дагалдах төсөлд дуу чимээний бохирдол гаргасан иргэн, хуулийн этгээдэд тооцох торгуулийн харицлагаын тухайд
| Зөрчил | Иргэн | Байгууллага |
|---|---|---|
| Орон сууцанд засвар хийхдээ чимээг 40 дБА-аас хэтрүүлж, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах | 50,000₮ | 500,000₮ |
| Автомашины чимээг 88 дБА-аас хэтрүүлж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулах | 50,000₮ | 500,000₮ |
| Худалдаа, үйлчилгээний газрын шаардлагыг зөрчих, эсвэл 50 дБА-аас давсан чимээгээр оршин суугчдын тайван байдлыг алдагдуулах | 50,000₮ | 500,000₮ |
| Ажлын байрны стандарт, дуу чимээний шаардлагыг зөрчиж, эрүүл аюулгүй нөхцөл бүрдүүлэхгүй ажиллах | 50,000₮ | 500,000₮ |
| Орчны дуу чимээний стандартыг зөрчих, эсвэл 70 дБА-аас давсан чимээний бохирдлоор хохирол учруулах | 20,000₮ | 200,000₮ |
Эмнэлэг, сургууль, орон сууцны орчимд “чимээгүй бүс” тогтооно
Эмнэлэг, сургууль, цэцэрлэг, асрамжийн газар болон орон сууцны орчныг хамгаалах тусгай бүс тогтоож, дуу чимээний нэмэлт хязгаарлалт тавихаар төлөвлөжээ. Орон сууцтай нэг барилгад эсвэл залгаа байрладаг үйлчилгээний газрууд тоног төхөөрөмж, агааржуулалт болон барилгын хийцээр дамжих дуу, чичиргээг бууруулах шаардлагатай болно.
Иргэд гомдол гаргаж, хохирлоо нэхэмжлэх боломжтой
Иргэд дуу чимээний талаар гомдол гаргаж, хэрхэн шийдвэрлэснийг мэдэх, хэмжилтийн тайлантай танилцах, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхийг төсөлд тусгажээ. СӨХ болон орон сууцны ашиглалт хариуцсан байгууллага өөрийн тоног төхөөрөмж, үйлчилгээтэй холбоотой гомдлыг шийдвэрлэж, төрийн хяналт шаардсан асуудлыг холбогдох байгууллагад шилжүүлнэ. Чимээ зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн эсэхийг баталгаажсан багажаар хийсэн албан хэмжилтэд үндэслэн тогтоохоор заасан байна.
Сэтгэгдэл үлдээх