Швейцарын Лозанн хотод гарсан гал түймрийн үеэр Монгол Улсын иргэн С.Бодьгэрэл хоёр хүний амь аварчээ

.Graph
2026-10-15

Швейцарын Лозанн хотод амьдарч буй Монгол Улсын иргэн С.Бодьгэрэл энэ сарын 2-ны өдөр 13 давхар орон сууцанд гарсан гал түймрийн үеэр 12 настай охин, 85 настай өндөр настны амь насыг аварч, галыг шуурхай унтраан, олон хүнийг болзошгүй аюулаас хамгаалсан бахархалт үйл хэрэг бүтээжээ.

Мэргэжлийн гал сөнөөгчдийг ирэхээс өмнө өөрийн амь нас, эрүүл мэндийг үл хайхран галын голомтод орж, нөхцөл байдлыг зөв үнэлэн, галын хорыг зохистой ашиглаж, аюулыг таслан зогсоосон түүний эр зориг, авхаалж самбаа, хариуцлагатай үйлдлийг Швейцарын мэргэжлийн байгууллага өндрөөр үнэлж, талархал илэрхийлсэн байна.

Түүнчлэн Швейцар Улсын иргэн Оноре Антуан Беккер Монгол Улсаас Швейцар Улсад суугаа Элчин сайдын яаманд талархлын захидал ирүүлж, Монгол Улсын иргэн С.Бодьгэрэлийн энэхүү баатарлаг үйл хэрэгт талархал илэрхийлжээ.

Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг сошиал хуудаснаа “Монголчууд хаана ч явсан мэдлэг чадвар, эр зориг, хүнлэг энэрэнгүй сэтгэлээрээ бусдад тусалж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явдаг нь гайхамшигтай. С.Бодьгэрэлийн энэхүү үйл хэрэг монгол хүний сайхан чанар, бусдын амь насыг эрхэмлэх сэтгэл, иргэний үүрэг хариуцлагын тод илэрхийлэл төдийгүй Монгол Улсын нэр хүндийг олон улсын түвшинд өргөсөн бахархалт үйл явдал боллоо. Эрдэнэт хүмүүний амь насыг авран хамгаалж, монгол хүний эр зориг, хүнлэг сэтгэлийн илэрхийлэл болсон С.Бодьгэрэл Танд чин сэтгэлийн талархал илэрхийлж, халуун баяр хүргэе!” хэмээв.   

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe