Нийслэлийн багш нарт ачааллын нэмэгдэл олгох асуудлыг хэлэлцэж байна

.Graph
2026-10-16

Улаанбаатар хотын багш нарын ажлын ачааллыг үе шаттай бууруулж, ачааллын нэмэгдэл олгох асуудлыг хэлэлцэж байна. Мөн залуу багш нарыг дэмжих, нийт багш нарын нийгмийн баталгаа, мэргэжлийн үнэлэмжийг дээшлүүлэх шаардлагатайг хуралдаанд оролцогчид онцолжээ.

Энэ хичээлийн жилд нийслэлд 24,302 багш ажиллаж байгаагийн 30 орчим хувь нь ажилласан жилээрээ эхний таван жилдээ яваа залуу багш нар байна. Нийт багш нарын тал орчим хувийг 25–40 насныхан бүрдүүлж байна. Жил бүр 500 орчим багш жирэмсний болон амаржсаны амралт авч, 300 гаруй багш тэтгэвэрт гардаг бол их сургууль төгссөн 1,500 гаруй багш шинээр ажилд орж байна.Хуралдаанд танилцуулснаар, нийслэлийн багш нарын долоо хоногт хичээл заах дундаж хугацаа 23 цаг байгаа бол улсын дундаж 25 орчим цаг байна.

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад нийт 12,525 бүлэг хичээллэж байгаагаас 9,374 нь төрийн, 3,151 нь хувийн сургуулийн бүлэг юм. Төрийн сургуулиудын 4,000 орчим бүлэг 36 болон түүнээс цөөн сурагчтай бол 1,089 бүлэг 46 болон түүнээс олон сурагчтай байна.

Энэ хичээлийн жилд “Гэрт ойр сургууль” зохицуулалтын хүрээнд хотхоны 21 бага сургууль ажиллуулснаар өндөр ачаалалтай бүлгүүдийн тоог 70 орчим хувиар бууруулсан гэж мэдээлжээ. Цаашид анги дүүргэлт, багш нарын ачааллыг үе шаттай бууруулахаар ажиллаж байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe