Францад нэг сар үргэлжилсэн эсэргүүцэл хурцдаж, 1,200 гаруй хүнийг баривчилж, түүхэн барилгууд галд өртжээ

.Graph
2026-10-18

Францад амьжиргааны өртөг нэмэгдэж, боловсролын салбарын нөхцөл байдал муудсаныг эсэргүүцсэн жагсаал аравдугаар сарын 17-нд улс даяар өрнөж, зарим хотод хүчирхийлэл, галдан шатаалт, дээрэм болж хувирлаа. Нэг сар орчим үргэлжилж буй эсэргүүцлийн үеэр олон мянган хүнийг саатуулж, төрийн байгууллага, сургууль, худалдааны газруудад олон сая еврогийн хохирол учраад байна.

Олон улсын Reuters, AFP, Associated Press агентлагуудын мэдээлснээр, Францын 110 орчим байршилд зохион байгуулсан жагсаалд Дотоод хэргийн яамны тооцоогоор 550 мянга, зохион байгуулагчдын мэдээллээр 800 мянга орчим хүн оролцжээ.

Жагсагчдын олонх нь тайван замаар шаардлагаа илэрхийлсэн боловч зарим хотод бүлэг этгээдүүд төрийн байгууллагад халдаж, автомашин шатаан, худалдааны төв, дэлгүүрүүдийг дээрэмдсэн байна.

Францын Ерөнхий сайд Себастьен Лекорнюгийн мэдээлснээр, аравдугаар сарын 17-ны үймээний үеэр 1,200 хүнийг баривчилж, 150 цагдаа гэмтжээ. 

 Үймээний улмаас учирсан гол хохирол, баримтууд 


 1. Лимож хотын 143 жилийн настай захиргааны барилга шатжээ.

1883 онд ашиглалтад орсон түүхэн барилгад баг зүүсэн этгээдүүд нэвтэрч гал тавьснаар дээвэр нь нурж, барилгын ихээхэн хэсэг сүйдсэн байна. Энэ нь аравдугаар сарын 17-ны үймээний хамгийн ноцтой хохирлын нэг болжээ. 


 2. Парис хотод автомашинууд шатаж, олон арван дэлгүүр дээрэмдүүлжээ.

Худалдааны байгууллагуудын цонх, хаалгыг эвдэн бараа бүтээгдэхүүнийг нь авч, гудамжны байгууламжуудыг сүйтгэсэн байна. Парисын хотын дарга Эммануэль Грегуар зарим гудамж их хэмжээгээр сүйдсэнийг мэдэгджээ. 


 3. Марсель хотын захиргааны барилгад халджээ.

Жагсаалын үеэр хэсэг этгээд хотын захиргааны байранд нэвтэрч, хана, эд хөрөнгийг эвдэн сүйтгэсэн. Мөн худалдааны газрууд болон хотын цагдаагийн нэгэн байранд хохирол учирсан байна. 


 4.  Лион хотод аялал жуулчлалын байгууллагын байр шатжээ.

Тус хотод 20 мянга орчим хүн жагссан бөгөөд үймээний үеэр аялал жуулчлалын мэдээллийн төвд гал гарчээ. 


 5. Бордо хотод дэлгүүрийн гал барилгад тархжээ.

Худалдааны гол гудамж болох Сент-Катринд дэлгүүрүүдийг дээрэмдсэн бөгөөд Decathlon дэлгүүрт гарсан гал барилгын бусад хэсэгт тархсан байна. Мөн цагдаагийн байгууллагын эзэмшилд халдсан тохиолдол бүртгэгджээ. 


 6. 17 настай жагсагч гарын хүнд гэмтэл авчээ.

Сент-Этьен хотод цагдаагийн хэрэглэсэн гранаттай холбоотойгоор өсвөр насны нэг иргэн баруун гараа алдсан хэрэг гарч, цагдаагийн үйл ажиллагаанд хяналт тавих байгууллага шалгалт эхлүүлжээ. 
Нэг сарын хугацаанд 6,877 хүнийг саатуулжээ

Францын Хууль зүйн яамнаас аравдугаар сарын 9-нд гаргасан албан ёсны мэдээллээр, сурагчдын эсэргүүцлийн хөдөлгөөнтэй холбоотой хүчирхийлэл эхэлснээс хойш аравдугаар сарын 8-ны байдлаар:

  • 6,877 хүнийг цагдан саатуулсан бөгөөд 86 хувь нь насанд хүрээгүй хүүхдүүд байжээ.
  • 2,376 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн.
  • 21 хүнийг урьдчилан хорих шийдвэр гаргасан.

Сургууль, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн эвдрэл, сүйтгэлийг засварлах зардал хэдэн сая еврод хүрсэн байна. Эдгээр нь аравдугаар сарын 17-ны томоохон жагсаалаас өмнөх албан ёсны тоо бөгөөд тухайн өдрийн баривчилгаатай шууд нэгтгэн тооцох боломжгүй юм. 

Эсэргүүцэл яагаад эхэлсэн бэ?

Францад есдүгээр сарын дунд үеэс сурагч, оюутнууд боловсролын байгууллагуудын нөхцөл, багшийн хүрэлцээ, сургалтын орчны асуудлаар эсэргүүцэл илэрхийлж эхэлсэн. Улмаар амьжиргааны өртөг, инфляц, төрийн үйлчилгээний чанарт сэтгэл дундуур иргэд, үйлдвэрчний эвлэлүүд жагсаалд нэгдсэн байна.

Түүнчлэн 2018 онд шатахууны татвар болон амьжиргааны өртгийг эсэргүүцэн эхэлсэн “Шар хантаазтан” хөдөлгөөнийг дахин сэргээх уриалга цахим орчинд тархсан нь аравдугаар сарын 17-ны жагсаалын оролцоог нэмэгдүүлэхэд нөлөөлжээ. 

Францын Засгийн газар ямар арга хэмжээ авах вэ?

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон төрийн байгууллага, худалдааны газарт халдсан, эд хөрөнгө сүйтгэсэн болон дээрэм хийсэн этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэдгээ мэдэгдсэн.

Ерөнхий сайд Себастьен Лекорню хүчирхийллийг буруушааж, төр засаг ийм үйлдлээс айж ухрахгүй гэж мэдэгджээ. Эрх баригчид үймээнийг хэт зүүний радикал бүлэглэлүүд болон гэмт хэрэгтнүүдтэй холбон тайлбарлаж байгаа ч жагсагчдын дийлэнх нь тайван замаар үзэл бодлоо илэрхийлсэн болохыг олон улсын хэвлэлүүд онцолж байна. 
 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe