Ж.Дэлгэрсайхан: Тэлсэн төсөв эдийн засагт сайн үр дагавар авчирсан түүхгүй, төсвийн зарлагыг бууруулах хэрэгтэй

Д.Халиунаа
2026-10-20

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл  болон инфляцын зорилтын талаар Эдийн засагч, доктор, профессор Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.  

- Инфляц цаашид энэ хэвээр үргэлжилбэл биднийг ямар эдийн засаг хүлээж байна вэ, Монголын банкны холбооноос оны төгсгөлд 18 хувьд хүрэх эрсдэлтэй гэж тооцоолсон. Энэ биелэх боломжтой юу, хэрэв тэгвэл иргэд болон хувийн хэвшлийнхэнд хэрхэн нөлөөлөх вэ?

- Эдийн засаг, инфляцыг бид салгаж хараад байгаа нь гол асуудал юм. Эдийн засгийн өсөлт өндөр, гадаад худалдааны тэнцэл, төлбөрийн тэнцэл, валютын нөөц гэсэн хэдэн тоо хараад эдийн засаг сайн байна гэж үзэх нь үнэхээр өрөөсгөл. Инфляцыг эдийн засгийн хамгийн гол үзүүлэлт, салшгүй хэсэг нь гэж харах хэрэгтэй. Инфляцыг тусдаа мэт ойлгоод дан ганц Монголбанкны хэрэг хэмээн үзвэл бүр буруу. Та эдийн засаг гэж асуусан тул ингэж хэлж байгаа хэрэг. 

Инфляцыг нэг оронтой тоод барих зорилттой ч манай улсын хувьд сүүлийн зургаан сар орчим хоёр оронтой тоонд хүрсэн өндөр инфляцтай явж байна. 12.9 хувийн инфляц гэдэг бол мэдээж өндөр дүн бөгөөд үүний нөлөөгөөр иргэдийн бодит орлого 4.9 хувиар буурсан нь маш том тоо. Ялангуяа хүнсний барааны бүлгийн үнэ өндөр өсөлттэй байна. Эндээс таны асуултын хариулт гарна. Ийм өндөр инфляцтай байдал цааш үргэлжилбэл эдийн засгийн бүтэц нь гажуудалтай, хүн амын дийлэнх нь бага орлоготой буюу 30 орчим хувь нь ядуу гэдэг ангилалд орчихсон,  эдийн засгийн өсөлт нь иргэддээ хүрдэггүй ийм улсад иргэдийн амьдралд ихээхэн хүнд дарамт ирэх бөгөөд үргэлжлэх хандлагатай байна гэж хэлж болохоор нөхцөл байдал хүлээж байна. Инфляцын нөлөөлөл нь гинжин буюу шилжих нөлөөлөлтэй байдаг тул аж, ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчдэд мөн нөлөөлөх бөгөөд үүний эсрэг бүх бараа, үйлчилгээнийхээ үнийг нэмэхээс өөр аргагүйд хүрч, энэ нь эргээд иргэдийн амьдралыг хүндрүүлэх магадлал өндөр байна.

Оны төгсгөл гэхэд энэ тоо хаана очих талаар харилцан адилгүй таамаглалууд бий. Хамгийн өндөр таамаглалыг таны асуултад дурдагдсан банкны холбооны судлаачид 18 хувьд хүрнэ гэж таамагласан. Би хувьдаа хараахан энэ тоонд хүрэхгүй байх гэж харж байгаа. Одоогийн түвшнээ хадгалсаар энэ оныг үдэх байх гэж тооцоолж байна. Дараа жил ч инфляц өндөр түвшинд байх хүлээлттэй байна.

- Өнгөрсөн 15 жилийн хугацаанд инфляцын зорилтыг таван жилд л  хангаж чадсан байна лээ. Энэ юутай холбоотой вэ?

- Улс төр, эдийн засаг, нийгмийн  хүрээнд инфляц өндөр байгааг Монголбанктай холбон тайлбарладаг. Хууль, эрх зүйн хүрээнд байж болох ч инфляцыг Төв банк дангаараа барих боломжтой юу гэдгийг бодох хэрэгтэй. 15 жилийн хугацаанд таван жилд нь л инфляц тогтвортой байсан нь үнэн. Үүний шалтгааныг тогтоохын тулд энэ хугацаанд төсөв, мөнгөний бодлогын зөв хослол хэрэгжиж байсан уу гэдгийг эргэн харах хэрэгтэй болно. Инфляц бага хувьтай байсан 2012-2016 онд мөнгөний маш зөв бодлого зөв чиглэлтэй байсан нь үнэн. Мөн иргэдийн худалдан авах чадвар доройтсон гэх мэт эдийн засгийн бусад нөлөөлөл ч бий. Мөнгөний бодлого инфляцын зорилтоо хангаж чадахгүй байсны үндсэн шалтгаанууд нь төсвийн тэлэлт, бүтээмжтэй уялдаа муутай цалингийн өсөлт, төв банк төсвийн шинжтэй үйл ажиллагаанд оролцох байдал гэх мэт олон шалтгаантай. Би хувьдаа үндсэн шалтгааныг эдийн засгийн өрөөсгөл бүтэцтэй үед бүтээмжтэй уялдаагүй төсвийн тэлэлт, мөнгөний нийлүүлэлт гэж хардаг.  

- Монголбанкны өргөн барьсан мөнгөний бодлогын төслийг та юу гэж харж байна вэ, дунд хугацаанд инфляцыг 5 хувьд хүргэх боломжтой юу? 

- 2027 оны төрөөс баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг бид өмнөхөөс арай өөрөөр харах шаардлагатай болов уу. Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөл нь нэлээд өвөрмөц бөгөөд тодорхой зоримог шийдлүүдийг тусгасан байна лээ. Үүнд инфляцыг дунд хугацаанд (2026-2030) таван хувьд тогтворжуулах асуудал. Энэ нь өмнө ч бидний тавьж байсан зорилготой ойролцоо боловч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга зам нь нэлээд шинэлэг байдалтай санагдсан. Мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхэд юуны өмнө Төв банкны хараат бус байдлыг сайжруулах болон Төв банкны бодлогын зорилт буюу төгрөгийн тогтвортой байдлыг олон улсын жишгийн дагуу өөрчлөх зэргийг багтаасан байсан. Төв банкны зорилтыг өмнөх хуулийн өөрчлөлтөөр хийх гээд чадаагүй. 

Мөн Засгийн газрын үйл ажиллагааг нэлээд шахсанаас гадна үнэт цаас гаргуулах замаар Засгийн газартай хамтарч, Төв банкны алдагдал болон өөрийн хөрөнгийн дутагдлыг нөхөх зэрэг зоримог шийдлүүдийг санал болгосон. Энэ нь мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн гол анхаарах хэсэг. Учир нь  төв банк ашгийн төлөө байгууллага биш бөгөөд бодлогын зардал байх боломжтой субъект. Төв банк нь нийтийн эрх ашгийн үүднээс бодлого хэрэгжүүлж үр дүнд хүрэхийн тулд тодорхой эрсдэл хүлээх боломжтой. Харин мөнгөний бодлогын үндсэн чиглэлд байгаа арга хэмжээг миний хувьд төв банк төсвийн шинжтэй үйл ажиллагаанд оролцохгүй, төсвийн, улс төрийн шинжтэй үйл ажиллагааны зардлын Засгийн газар хариуцах ёстой гэж үзэж байгаа юм байна гэж ойлгосон. Энэ утгаар нь харвал зөв байж болох зүйл.

Гол нь тэр зүй бус зардлууд юунд гарч байна, тэрийг хаах боломж юу байна, Засгийн газрын үнэт цаасаар дамжуулан хэрэгжүүлэх эдийн засгийн боломж, механизм тал дээр илүү анхаарах хэрэгтэй. Мөн тэрхүү өрийг төсвийн гадуур байлгах тухай дурдсан нь төсвийн тогтвортой байдалд нөлөөлөх байдлыг гарцаагүй харах шаардлагатай.

Түүнчлэн мөнгөний бодлогыг батлахдаа төсвийн зарлагын өсөлтийг хамруулдаг тогтолцоотой болохыг дурдсан байсан. Миний ойлгосноор, дунд хугацааны төсвийн төслийг батлахтай зэрэгцээд мөнгөний бодлогоо баталдаг тойрогт орохыг санаачилсан байна. Ер нь өмнөх жилүүдийн мөнгөний бодлогын зорилтуудаас эрс өөр буюу нэлээн давшингуй шинжтэй төсөл гэж харсан. Хамгийн чухал нь Монголбанк төсвийн шинжтэй ажил хийхгүй буюу үүнээс бүрэн татгалзаж буйг тусгасан нь маш зөв юм. Төсвийн бодлогын дутагдалтай байдал буюу төсвийн тэлэлт инфляцад нөлөөлж буйг уг төсөлд хэд хэдэн удаа дурдсан байсан бөгөөд үүнийг Мөнгөний бодлоготой уялдуулах асуудлыг шийдвэрлэхийг зорьсон нь чухал. Мөн Төв банк нийлүүлэлтийн шинжтэй инфляцыг барих боломжгүй тул Засгийн газар үүн дээр анхаарахгүй бол дунд хугацааны зорилтдоо хүрч чадахгүй байх эрсдэлийг дурдаж өгсөн. Товчхондоо, төсөв, мөнгөний бодлого нэг чигт харсан цагт инфляцын зорилтот түвшинд хүрэхийг ойлгуулахад чиглэсэн бодлого гэж харлаа. 

Та инфляцыг 5 хувьд хүргэх боломжтой юу гэж асуулаа. Боломжгүй зүйл бол биш. Үүн дээр Төв банк голлох үүрэгтэй байх нь ч тодорхой. Учир нь дэлхий нийтээр төв банкны үндсэн үүрэг нь үнийн тогтвортой байдалд чиглэдэг. Үүнийгээ ч Монголбанк хийх ёстой. Гэхдээ бид эдийн засгийн бүтээмжийг нэмэгдүүлэх, төрөлжүүлэх, төсвийн хэт тэлсэн бодлогыг хязгаарлах, мөнгөний нийлүүлэлтийг эдийн засгийн өөрийн бодит боломжоос нэмэгдүүлэхгүй байх гэх зэрэг олон томоохон бодлогын цогц арга хэмжээний үр дүнд л хүрэх боломжтой. 

- Төсвийн сахилга бат макро эдийн засагт хэрхэн нөлөөлдөг вэ, нэг талдаа хатуу мөнгөний бодлого бариад нөгөө талдаа төсвөө хэт тэлээд байх нь асуудал болж байна уу? 

- Төсөв нь бодлогын томоохон хэрэгсэл тул эдийн засагт хүчтэй нөлөөлнө. Үүнийг ч бид харж байна. Өнөөдөр төсвийн сахилга бат хангалттай сайн байна гэж хэлэх боломжгүй. Шулуухан хэлэхэд Монгол Улсад төсвийн бодлого, стратеги дутагдаж байна.  Төсөв төсөв тодорхой зүй тогтолгүй тэлдэг, алдагдал нэмэгддэг, төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдал алдагдсан гэсэн олон сул талууд байна. Үүнтэй холбоотойгоор эдийн засаг дахь төрийн оролцоо өндөр байна. Холбогдох талууд буюу мэргэжлийн байгууллага, эдийн засагчид бол эдийн засаг дахь төрийн оролцоо буюу ДНБ-д эзлэх төсвийн зарлагын хувь хэмжээг бууруулах ёстой гэж үздэг. Би ч үүнтэй санал нийлдэг хүний нэг. Гэтэл улс төрийн хүрээнд төсвийн зардлыг тэлэх замаар эдийн засгийн өсөлт, нийгмийн асуудлыг шийдэх боломжтой гэж үзэж төсвийг тэлдэг. Энэ нь төсвийн бодлого, тогтвортой байдал, сахилга батад нөлөөлж буй гол хүчин зүйл болоод байна.  Хамгийн гол нь энэ тэлээд байгаа төсвийн зарлагыг улс төрийн шалтгаантайгаар үргэлжлүүлэн тэлсээр байвал Монгол Улс төсвийн зарлагаа гүйцэхээ больж, хувийн хэвшил болон мөнгөний бодлогын орон зай хумигдсаар байна гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Монголбанкны мөнгөний бодлогын төсөл сонгууль угтсан жилүүдэд төсөв тэлдгийг харуулсан байна лээ. Цаашид бид төсвийн бодлогоо эргэн харж, төсөв, мөнгөний бодлогын зөв хослол буюу уялдааг сайжруулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл төсөв, мөнгөний бодлого нэг чигт харж байж нөхцөл байдал сайжрах юм. Энэ тал дээр мөнгөний бодлогын үндсэн чиглэлд дурдсан нь сайн хэрэг. Харин үүнийг хэрхэн хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатай. Төсвийн хэт тэлэлт нь Монголбанкны мөнгөний бодлого, хэрэгжилтэд нөлөөлж Монголбанк бодлогын орон зайгаа алдаж байгаагаа байнга дурддаг. Жишээ нь Монголкбанк инфляцыг бууруулъя гэвэл бодлогын хүүг дахин 2-3 нэгж хувиар нэмэгдүүлэх шаардлагатай байх магадлалтай. Энэ нь хэдийгээр инфляцыг бууруулах нөлөөтэй ч сөрөг нөлөөллийг мөн тооцох шаардлагатай. 

- Инфляц 12 хувьд хүрсэн энэ нөхцөлд Засгийн газар төсвөө хэлэлцэх байна. Та манай уншигчдад ирэх оны төсвийн төслөөс анхаарах ёстой хамгийн чухал зүйл, гол шүүмжээ хэлж өгөөч? 

- Ирэх оны төсөв гэхээс илүү өнгөрсөн хугацаанд буюу уул уурхайн хамаарал өндөр болсноос хойш манай улсын төсвийн бодлого хэрхэн хэрэгжиж ирснийг эргэн харах ёстой. Ер нь бид нийтээрээ асуудлыг харахдаа зөвхөн өнөөдрийг харахаасаа илүү хаанаас бид алдаж эхэлсэн, өнгөрсөн хугацаанд ямар бодлого баримталж ирснийг нь харж, дүгнэх хэрэгтэй. Энэ нэлээд эртнээс улбаатай төсвийн бодлогын гажуудал бөгөөд үүнийг одоо ч үргэлжлүүлсээр байгаа нь харамсалтай.  Миний бодлоор манай улсад уул уурхайн хамаарал нэмэгдсэнээс хойш буюу 2008 оноос эхлэн улс төрийн амлалтууд эхэлсэн байдаг. Жишээ нь: 2008 онд Монгол Улсын төсөв 2.6 их наяд орчим эдийн засаг 6 их наяд гаруй байхад хоёр гол намын зүгээс 1 сая, 1.5 сая төгрөгийг иргэдэд амлаж сонгуульд оролцож байсан. Улсын төсвөөсөө давсан амлалтыг өгч байсан гэсэн үг. Үүнийгээ хэрхэн хэрэгжүүлэх асуудал болон үүний араас бий болсон олон төрлийн амлалт, халамж нь төсвийн тэлэлтийн нэг гол шалтгаан болсон. Үүнийг цаашид хэрхэн өөрчлөх төсвийн бодлого, стратегийг бид сонгох шаардлагатай. 

Төсөв тэлэхийн хэрээр мөнгөний бодлогын орон зай хумигдаж, Монголбанк мөнгөний хатуу бодлого баримлах хэмжээнд хүрдэг. Яг энэ хослол манай улсад удаан үргэлжилсэн нь зөв бодлого байсан уу гэдгийг л нэг эргэцүүлчих хэрэгтэй. Үүнийг би маш руу бодлогын хослол гэж харж байна. Төсөв нь тэлж, араас нь мөнгөний бодлого чангардаг энэ хослол гэх юм уу даа. Дээр дурдсанчлан ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлд төсвөө хязгаарлаж, мөнгөний бодлогын орон зайг нэмж, Монголбанк төсвийн шинжтэй үйл ажиллагаанд оролцохгүй буюу бие даасан хараат бус байдлаа бэхжүүлэхийг зорьж байгаа нь маш зөв бодлого юм. 

Ирэх оны төсвийн хувьд бид хоёр гурван зүйлийг онцлон анхаарах хэрэгтэй. Нэгдүгээрт, төсвийн тэлэлт нь эдийн засаг, нийгмийн ямар үр дүнд хүрэх боломжтой. Хоёрдугаарт, төсвийн тэлэх бодлогыг цааш үргэлжлүүлэх эдийн засгийн боломж, орлогын өсөлт байгаа эсэх, Гуравдугаарт, Энэ төсвийн бодлого нь хувийн хэвшлийн үйл ажиллагаа иргэдийн амьжиргаанд хэрхэн нөлөөлөх асуудал юм. 

- Тэгвэл одоогийн нөхцөлд төсөв, мөнгөний бодлого уялдаатай ажиллаж чадахгүй байна гэсэн үг үү?

- Би хувьдаа тийм гэж хэлнэ. Та түрүүн 15 жил гэж дурдсан. Энэ хугацаанд байнга л төсөв тэлсэн, мөнгөний бодлого чангарсан хослол хэрэгжиж ирсэн. Үүний эдийн засаг нийгмийн үр дагавар нь одоо бидний байгаа байдал. Учир нь энэхүү хоёр том макро эдийн засгийн бодлого нь хоёулаа эдийн засгийн өсөлтийг хангах, иргэдийн амжиргаа, ажилгүйдэл, инфляцид чиглэсэн байх ёстой. Бодлогын эдгээр зорилгыг агуулсан байдаг уу гэвэл тийм. Гэхдээ бид бодлогод хэрхэн дурдсанаар биш бодит үр дүн, нийгэм, эдийн засгийн эерэг өөрчлөлтөөр хэмждэг байх шаардлагатай гэж би боддог.  Тиймээс бидний хувьд зорилго нь зөв ч арга нь буруу явж ирсэн гэхээр байна. Бид наанаа иргэдийн амжиргаа, хувийн хэвшлийг дэмжих, төрийн цомхон болгох тухай яриад 20 гаруй жил болж байгаа байх. Миний харж буйгаар төсөв тэлж ирсэн бодлогын үр нөлөө эдийн засаг, нийгэмд хангалттай сайн үр дүн авчраагүй. Төсөв нь тэлж, мөнгө нь эдийн засгийг хумьсан энэ загвараа эргэн харж макро эдийн засгийн хөгжлийн бодлогын хувьд сонголтоо хийх цаг нь болсон.  Миний хувьд төрийн оролцоо, төсвийн зарлагыг бууруулж, хувийг хэвшлийг бүрэн дэмжсэн бодлогыг хэрэгжүүлэх нь зөв хувилбар гэдэгт үргэлж итгэлтэй байдаг. 

- Дэлхий даяар монгол улсад ч мөнгөний бодлого хатуурч, зах зээл дэх санхүүжилт үнэтэй болж байна. 2026 он гарснаар 50 гаруй Төв банк бодлогын хүүгээ өсгөжээ. Манай улс эдгээр улсын хаана нь яваад байна вэ?

- Бүгд мэдэж байгаа геополитикийн хүчин зүйлсийг дахин дахин дурдаад яахав. Гол нь өнөөдөр нийлүүлэлтийн сүлжээний доголдол, нефтийн бүтээгдэхүүний хомсдолтой холбоотойгоор дэлхий даяар үнийн өсөлт, нийлүүлэлтийн дарамттай нүүр тулж байна. Үүнээс үүдэн дэлхий даяар инфляц буюу үнийн өсөлт бий болсоор байна. Харин үүнийг дарахын тулд Төв банкууд бодлогын хүүгээ нэмэх чиг хандлага руу орж байна. Манай улсын хувьд ч бодлогын хүү 12.5 байгаа бөгөөд инфляц нь бодлогын хүүгээсээ давсан байдалтай байна. Ер нь сүүлийн зургаан сар орчим мөнгөний зөөлөн бодлогыг барьж ирсэн. Хэдийгээр бодлогын хүү 12 хувиас өсөж 12.5 хувьд хүрсэн ч энэ нь мөнгөний зөөлөн бодлого гэж ойлгогдож болохоор байна. Иймээс Монголбанкны зүгээс энэ тал дээр анхаарах шаардлагатай. Тэр ч санаагаар мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлд томоохон өөрчлөлтүүдийг санал болгосон болов уу. 

- Монголбанкны хараат бус байдал хэр чухал вэ?

- Төв банкны хараат байдлыг өдийг хүртэл шүүмжилсээр ирсэн. Монголбанк ч үүнийгээ мэддэг бөгөөд мөнгөний бодлогын үндсэн чиглэлдээ тусгасан байна лээ. Цаашид хараат бус, бие даасан байдлаа нэмэгдүүлж 66-т байгаа индексээ 75-д хүргэх зорилт тавьсан байсан. Төв банкны хараат байдал нь нь зөвхөн манай улсын бус дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй асуудал юм. Хараат бус байдлыг тодорхойлох хэд хэдэн хүчин зүйлс байдгаас гадна үүнийг тогтоодог индексүүд ч бий. Үеийн үед манай Төв банк хагас төсвийн буюу quasi-fiscal байдлаар үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Үнэ тогтворжуулах хөтөлбөр, ипотекийн хөтөлбөр, баялгийн сангаар дамжсан хуримтлалын сангийн үйл ажиллагаа зэрэгт Монголбанкны оролцоо их байна. Төв банк нь төсвийн шинжтэй үйл ажиллагаанд огт оролцох ёсгүй тул эдгээр оролцоог бууруулах шаардлагатай. Төв банкны хараат бус байдлыг тодорхойлохдоо дэлхий нийтээр хоёр хэв шинжээр тодорхойлдог. Онолын түвшинд бол “Төв банк нь өөрийн бие даасан байдлаар эдийн засгийн өсөлтийг хангаж, үнийн тогтвортой байдлыг бий болгох бодлогоо хэнээс ч хамааралгүйгээр тогтоох”-ыг хараат бус байдал гэж үздэг. Харин улс төрийн шинж чанартай тодорхойлолтод “Засгийн газартаа үгүй гэж хэлж чаддаг Төв банкийг хамгийн сайн Төв банк” гэж тодорхойлдог. Улс төрийн нөхцөл байдалтай холбон харвал манай улсад хоёр дахь тодорхойлолт нь илүү тохирох байх. Тэгэхээр Монголбанк төсвийн шинжтэй үйл ажиллагаанд хутгалдаж, алдагдал хүлээдэг байдлаа халах ёстой. Нөгөө талдаа Төв банк нь ашгийн төлөө байгууллага биш учир тодорхой хэмжээний алдагдал хүлээх орон зай үүсдэг. Иргэдийн амьжиргаа болоод нийгмийн сайн сайхны төлөө гаргасан бодлогын золиосонд Төв банк алдагдал үүрч болох ч Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой шууд болон шууд бус хамааралтай ажлуудад оролцож, алдагдал үүсгэж болохгүй. Төв банк цаашид үүн дээр л анхаарвал зүйтэй болов уу. 

- Улсын төсөв, мөнгөний бодлого, эдийн засгийн өсөлт, сайн сайхан байдалд иргэдийн эдийн засаг, санхүүгийн боловсрол нөлөөлөх үү?

- Шулуухан хэлэхэд иргэн бүр төсөв, мөнгөний бодлогыг ойлгодог байх албагүй. Харин эсрэгээрээ Засгийн газар болон Төв банкны хэрэгжүүлж буй бодлого нь иргэдийг энэ талаар бодохооргүй хэмжээнд амьдруулах ёстой. Иргэд тэдэнд итгээд төр засгийн эрх мэдлийг атгуулсан гэдэг утгаараа. Энэ итгэлийн хөсөрдүүлэхгүй хэмжээнд төр, төрийн байгууллагууд нь ажиллах ёстой. Тэрнээс хүн бүр төсөв, мөнгөний бодлогыг ойлгодог байх боломжгүйгээс гадна шаардлагагүй. Миний хувьд ч одоог хүртэл төсөв, мөнгөний бодлого дээр ойлгомжгүй, эргэлзээтэй зүйлс гардаг. Бидний гол зорилго бол иргэн бүр өөрийн хүссэн зүйлээ хийж, хүсэл, зорилгынхоо төлөө чөлөөтэй хөдөлмөрлөж, зорьсондоо хүрэх боломжийг л бий болгох ёстой. Үүний төлөө л төр байж, тэр олон татвар төлөгчдийн мөнгийг зарцуулж байгаа шүү дээ. Харин иргэдийн санхүүгийн боловсрол гэдэг бол өөр асуудал. Энэ нь тухайн иргэн өрхийнхөө түвшинд мөнгөтэй харьцах мэдлэгтэй байхыг хэлж байгаа юм. Иргэдийн өрхийн түвшиний санхүүгийн боловсрол, хэрэглээ, шийдвэр гаргалт нь эдийн засагт нөлөөлдөг үү гэвэл тийм гэж хариулна. 

- Ярилцсанд баярлалаа. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe