Netflix-ийн “KPop Demon Hunters” анимэйшн киноны “Golden” дууг хамтран зохиож, дуулсан солонгос гаралтай америк дуучин, дуу зохиогч EJAE удаан хугацаанд үерхсэн Сэм Кимтэй гэрлэлээ.
“Golden” дуу нь 2026 оны Grammy Awards-аас “Best Song Written for Visual Media” буюу дүрс бичлэгийн бүтээлд зориулан зохиосон шилдэг дуу шагнал, мөн Academy Awards-аас “Best Original Song” буюу шилдэг эх дуу шагнал хүртсэн юм.
Хуримын ёслол энэ сарын 17-нд буюу бямба гарагт БНСУ-ын Сөүл хотод болсон талаар Vogue сэтгүүл аравдугаар сарын 19-нд мэдээлжээ. Хосууд EJAE-ийн өвөө, эмээгийнх нь амьдарч байсан газарт хуримласан байна.
EJAE Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа бага насныхаа ихэнх хугацааг тус газарт өвөө, эмээтэйгээ өнгөрүүлж, цэцэрлэгт нь тоглож, өвөөтэйгөө арын толгодоор алхдаг байсан тухайгаа ярьжээ.
Түүний нөхөр Сэм Ким өмнө нь хөгжмийн продюсероор ажиллаж байсан бөгөөд одоо компьютер программчлалын чиглэлээр ажилладаг байна. Хосууд 2017 оны тавдугаар сард дуу зохиох ажлын үеэр танилцаж, 2025 оны зургаадугаар сарын 1-нд EJAE-д гэрлэх санал тавьж байжээ.
Хуримын ёслолд Сэм Ким Нью-Йоркийн Bhambi’s Custom Tailors брэндийн захиалгат хослолоор гоёсон бол сүйт бүсгүй Danielle Frankel брэндийн захиалгат даашинз болон гэр бүлийн үе дамжин өвлөгдөж ирсэн үнэт эдлэлээр гоёжээ.
Хосууд энэ оны 11-р сард АНУ-ын Калифорнид хуримлахаар төлөвлөж байсан ч эцэст нь БНСУ-д хуримаа хийхээр шийдэж, ёслолын товоо нэг сараар урагшлуулсан байна.
Сэтгэгдэл үлдээх