Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд Лайпцигийн их сургуульд зочилж, их зохиолч Д.Нацагдорж болон монгол судлаач Эрих Хэниш нарт зориулсан дурсгалын самбарын нээлтэд оролцлоо.
Д.Нацагдорж тус сургуульд суралцаж байсан бөгөөд “Монголын нууц товчоо”-г герман хэлнээ орчуулах ажилд оролцож байжээ. Түүний багш, нэрт монгол судлаач Эрих Хэниш нь Герман улсад Монгол судлалыг хөгжүүлэх үндэс суурийг тавьсан эрдэмтэн юм.
Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ:
“Одоогоос 100 жилийн өмнө эрдэм боловсрол эзэмшихээр Лайпцигт ирсэн залуусын нэг нь их зохиолч Дашдоржийн Нацагдорж байсан юм. Түүний энд өнгөрүүлсэн жилүүд зохиолчийн харах өнцөг, ертөнцийг үзэх үзэлд нь нөлөөлж, зохиол бүтээлд нь шингэсэн байдаг.
Лайпцигийн их сургуулийн Зүүн Ази судлалын тэнхимд нэрт монголч эрдэмтэн Эрих Хэнишийн туслахаар ажиллаж байхдаа Д.Нацагдорж герман, монгол хэлний толь бичгийн эхийг боловсруулахад оролцсон бөгөөд уг гар бичмэл нь өдгөө түүхийн чухал өвд тооцогддог” хэмээн онцоллоо.
Мөн Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийн нээлт болов.
Ёслолын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус сургуулийн хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа. Монгол Улсаас 13 оюутан энэ өвлийн хичээлийн жилээс Лайпцигийн их сургуульд суралцаж эхэлнэ.
Сэтгэгдэл үлдээх