KDDI групп: Мобикомын ажилтнууд бусад хууль зөрчсөн үйлдэл гаргаагүйг баталгаажуулж байна

.Graph
2026-10-26

Дорнод аймгийн Халх гол сумын нутаг Нөмрөгийн дархан цаазат газарт 10 дугаар сарын 8-ны өдөр хээрийн түймэр гарсан харамсалтай хэрэг гараад байгаа билээ. Түймэрт тусгай хамгаалалттай газар нутгийн 79.8 хувь нь шатсаныг албанийнхан мэдээлсэн бөгөөд 8 хоногийн дараа бүрэн унтраажээ. Урьдчилсан дүнгээр нийт 528,765.5 га талбай түймэрт өртсөнөөс 468,965.7 га нь Нөмрөгийн дархан цаазат газрын нутаг дэвсгэр байжээ. Уг түймэрт Японы KDDI группийн охин компани болох Мобиком корпорацын удирдлагууд холбогдсон нь батлагдаж, улмаар Гүйцэтгэх захирал Очи Ясүхиро олон нийтийн өмнө уучлалт гуйсан юм. 

Нийт түймэрт өртсөн талбайн хохирлын нарийвчилсан үнэлгээг 30 хоногийн дотор гаргахаар БОУАӨГ-аас энэ сарын 20-ноос эхлэн ажиллаж байгаа аж. 

Японы KDDI групп 10 дугаар сарын 23-ны өдөр албан ёсны мэдэгдэл хийж, гүнээ харамсаж буйгаа илэрхийлэн уучлалт эржээ. Мэдэгдэлд, Мобиком корпорац нь 2018 оноос хойш Монгол Улсын алслагдсан болон хилийн бүс нутагт харилцаа холбооны дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд Хилийн боомтын захиргаа болон бусад байгууллагуудын хүсэлтийн дагуу хилийн цэргийн бааз бүрд 4G холбооны сүлжээг нэвтрүүлэх ажлыг хэрэгжүүлж ирсэн. Үүнтэй холбогдуулан 10-р сарын 6-8-ны хооронд хоёр жолоочийг хамруулсан нийт 7 хүн Мобикомын эзэмшлийн хоёр тээврийн хэрэгслээр Нөмрөгийн дархан цаазат газарт зөвшөөрлийн дагуу нэвтэрсэн байна. Тээврийн хэрэгсэлд Япон улсын ганцхан хүн байсан нь Мобикомын Гүйцэтгэх захирал Очи Ясүхиро байсан гэлээ. 

Түймрийн тухайд гэвэл тээврийн хэрэгслийн доод хэсэгт хуурай өвс хуримтлагдаж байсан  тул аюулгүй байдлаа хангах үүднээс 20-30 минут тутамд зогсож, аюулгүй байдлын арга хэмжээ авч, өвсийг цэвэрлэж байсан. Гэтэл өвсийг цэвэрлэхээр зогсож байх үед тээврийн хэрэгслийн доод хэсгээс утаа гарч байгааг ажигласан. Үүний дараа Хил, боомтын захиргаа болон Мобикомын ажилчид эрх бүхий байгууллагын зааврын дагуу галыг унтраахыг оролдсон боловч гал эргэн тойрны өвсөнд тархаж, унтрааж чадаагүй бөгөөд улмаар түймэр өргөн хүрээнд тархаж эхэлсэн гэв. Мобиком корпорацын толгой компанийн хувьд холбогдох байгууллагуудын явуулж буй мөрдөн байцаалтад хамтран ажиллахаа дурдав. 

Олон нийтийн сүлжээгээр дархан цаазат газарт нэвтэрсэн тухайн хүмүүсийг ховордсон зүйл болох загас барих зорилготой байсан эсэх талаар мэдээлж байсан бол KDDI групп дээрх мэдэгдлээрээ дамжуулан Мобикомын ажилтнууд хууль зөрчсөн бусад үйл ажиллагаа явуулаагүйг баталгаажуулсан гэлээ. 

Япон, Солонгосын хэвлэл мэдээллийн мэдээлж буйгаар түймэрт өртсөн хэсэг нь Сөүлийн нутаг дэвсгэрээс 8 дахин том, Токиогийн газар нутгаас 2 дахин том гэжээ.

Хятадын хэвлэл мэдээллээр Монгол талаас 600 орчим гал сөнөөгчид ажиллаж, Хятадын талаас 3,400 орчим онцгой байдлын ажилтан дайчилж, хил даван тархахаас сэргийлсэн гэв.

Нөмрөгийн дархан цаазат газар нь Монгол орны зүүн хязгаарт орших, ховор амьтан, ургамал, байгалийн өвөрмөц тогтцыг өөртөө хадгалсан онцгой бүс билээ. Тус газарт 69 овгийн 493 зүйл гуурст ургамал бүртгэгдсэн бөгөөд өөр хаана ч байхгүй гэгддэг Валерийн тарна ургадгаас гадна цагаан цээнэ, их саадган цэцэг, бавгар үрт агчаахай зэрэг нэн ховор ургамлын зүйлүүд байдаг байна. Мөн 251 зүйл шувуу, 46 зүйл хөхтөн, 5 зүйл хэвлээр явагч, 5 зүйл мөлхөгч, 24 зүйл загас бүртгэгдсэн байна.  Дагуурын зараа, евроазийн халиу зэрэг Улаан номд бүртгэгдсэн ховор амьтад хүртэл байдаг байна. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe