Чехийн нийслэл Прага хотод ням гарагт олон мянган хүн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн санхүүжилтийн тогтолцоог өөрчлөх Засгийн газрын төлөвлөгөөг эсэргүүцэн жагсжээ. Засгийн газрын төлөвлөгөөнд олон нийтийн радио, телевизийн санхүүжилтийг бүрдүүлдэг өрхийн төлбөрийг цуцалж, улсын төсвөөс санхүүжүүлэх тогтолцоонд шилжүүлэхийг тусгажээ.
Жагсагчид Ерөнхий сайд Андрей Бабиш тэргүүтэй эрх баригч намын санал болгож буй уг шинэчлэлийг хэвлэлийн эрх чөлөө, редакцын хараат бус байдалд заналхийлж байна гэж үзсэн аж.
Мөн сэтгүүлчид уг шинэчлэлийг эсэргүүцэн арваннэгдүгээр сарын 3-нд ажил хаяхаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна.
Чехийн парламентын доод танхим аравдугаар сарын 24-нд хуулийн төслийг хэлэлцэх ажиллагааг хурдасгахыг дэмжжээ. Харин сөрөг хүчнийхэн уг төслийг түргэвчилэн хэлэлцсэнд шүүмжлэлтэй хандаж, Үндсэн хуулийн шүүхэд маргахаа мэдэгдээд байна.
Хуулийн төсөл хүчин төгөлдөр болохын тулд парламентын дээд танхимын зөвшөөрөл шаардлагатай байдаг аж.
Ерөнхий сайд Андрей Бабиш шинэчлэлийн зорилгыг хэвлэл мэдээллийн хэрэгслийн бие даасан байдалд халдах бус, санхүүжилтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх явдал гэж тайлбарлажээ.
Харин шүүмжлэгчид хэвлэл мэдээллийн байгууллага улсын төсвөөс хамааралтай болох нь эрх баригчдын нөлөөнд орох магадлалтайг анхааруулсаар байна.
Сэтгэгдэл үлдээх