Намууд жагсаалтыг ил тод байлгах шаардлагыг Реформ клуб тавилаа

.Graph
2026-10-26

Реформ клуб залуусын улс төрд итгэх итгэлийг сэргээж, бодит оролцоог нэмэгдүүлэхийн тулд улс төрийн намууд шударга ёс, ил тод байдал, хариуцлагыг дотооддоо хэрэгжүүлэх ёстой хэмээн мэдэгдэл хийлээ. Тус клуб “Сонгуулийн жагсаалтын ил тод байдлын санаачилга” гаргаж, УИХ-д суудалтай намуудад зургаан шаардлага тавьж байна.

Залуус мэдлэг, хөдөлмөр, чадвараараа үнэлэгддэг, хууль дүрэм хүн бүрд ижил үйлчилдэг, шударгаар өрсөлдөх боломжтой нийгмийг хүсэж байна. Гэвч танил тал, албан тушаал, бүлэглэлийн эрх ашиг боломжийг тодорхойлдог гэх ойлголт газар авах тусам өөрийн оролцоогоор өөрчлөлт хийж чадна гэсэн итгэл нь суларч байгааг онцоллоо.

“National Opinion” үндэсний санал бодлын барометр судалгааны 2026 оны наймдугаар сарын дүнгээр оролцогчдын 37.5 хувь нь нийгмийн тулгамдсан асуудлыг аль ч нам шийдэж чадахгүй гэж хариулжээ.

Реформ клуб уг үзүүлэлтийг намуудад өгч буй итгэл, хариуцлагын тухай ноцтой дохио гэж үзэж байна. Залуусыг улс төрд оролцохыг уриалахын зэрэгцээ тэдний үзэл бодол сонсогддог, хөдөлмөр үнэлэгддэг, оролцоо нь шийдвэрт бодитоор нөлөөлдөг орчныг бүрдүүлэх шаардлагатай. Шударга ёсыг тогтоож, итгэлийг сэргээх эхний алхам нь улс төрийн намуудын шинэчлэл, ил тод байдал байх ёстой.

Энэхүү шинэчлэлийг бодит ажил болгох нэг тодорхой алхам болгон Реформ клуб сонгуулийн жагсаалт бүрдүүлэх үйл явцыг ил тод болгох санаачилга дэвшүүлжээ. Жагсаалтад хэнийг, ямар шалгуураар сонгож, хэрхэн эрэмбэлж байгаа нь намын дотоод шударга ёс, гишүүдийн оролцоо, хариуцлагыг харуулах чухал үзүүлэлт бөгөөд парламентын төлөөллийн чанар, сонгогчдын итгэлтэй шууд холбоотой юм.

Энэ хүрээнд УИХ-д суудалтай намуудад дараах зургаан шаардлагыг тавьж байна.

  1. Сонгон шалгаруулалтын журмыг урьдчилан нийтлэх. Нэр дэвшигчийг сонгох, үнэлэх, эрэмбэлэх шалгуур, үе шат, хугацаа, шийдвэр гаргах байгууллага болон гишүүдийн оролцооны хэлбэрийг үйл явц эхлэхээс өмнө мэдээлэх.
  2. Мэдлэг, чадвар, бодит үр дүнд тулгуурлан сонгох. Нэр дэвшигчдийг урьдчилан зарласан, бүгдэд ижил үйлчлэх шалгуураар үнэлж, мэргэжлийн мэдлэг, туршлага, ажлын үр дүн, бодлого боловсруулах чадавх, ёс зүй, хариуцлагыг харгалзах.
  3. Намын гишүүдийн бодит оролцоог хангах. Гишүүдэд нэр дэвшигч санал болгох, мэдээлэлтэй танилцах, хэлэлцүүлэгт оролцох, санал өгөх боломж бүрдүүлж, тэдний санал шийдвэрт хэрхэн туссаныг тайлагнах.
  4. Шийдвэр, эрэмбийн үндэслэлийг ил тод болгох. Хэрэглэсэн шалгуур, үнэлгээний аргачлал, эцсийн дарааллыг тогтоосон үндэслэлийг хуулиар хамгаалагдсан мэдээллийн нууцлалыг хадгалан олон нийтэд тайлбарлах.
  5. Ашиг сонирхлын зөрчил, гомдлыг шийдвэрлэх механизмыг бүрдүүлэх. Зөрчлийг мэдүүлэх, зохицуулах, гомдол гаргах, хянуулах журам болон хариуцах бүтцийг тодорхой болгож мэдээлэх.
  6. Хэрэгжилтийн тайлан нийтлэх. Жагсаалт батлагдсаны дараа гишүүдийн оролцоо, үнэлгээ, шийдвэр гаргалт, гомдол шийдвэрлэсэн байдал болон жагсаалтыг баталсан үндэслэлийг нэгтгэн тайлагнах.

Намууд шаардлагыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор дээрх зарчмуудыг хэрэгжүүлэх эсэх, авах арга хэмжээ, хариуцах бүтэц, төлөвлөсөн хугацаагаа бичгээр мэдэгдэж, олон нийтэд мэдээлэхийг хүсэж байна. Намуудаас ирүүлсэн хариу болон нийтэд нээлттэй мэдээллийг ижил шалгуураар нэгтгэн, баримтад тулгуурлан олон нийтэд танилцуулахаар төлөвлөжээ.

Тус санаачилга нь намуудын бие даасан байдал, холбогдох хууль тогтоомж, намын дүрмийг хүндэтгэн, бүх намд ижил зарчим үйлчлэхийг шаардаж байна. Үүний зорилго нь шударга өрсөлдөөний боломжийг нээж, гишүүдийн оролцоог нэмэгдүүлэн, улс төрийн шийдвэр гаргалтыг ил тод, хариуцлагатай болгоход оршино.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe