Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн уржигдрын дунд суудлын хуралдааны 07 дугаар дүгнэлтээр УИХ-ын гишүүн шүүхийн журмаар Зөрчлийн хуульд заасан хариуцлага ногдуулахыг хориглосон заалт Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзлээ.

Өмгөөлөгч Т.Пүрэвбазар болон Б.Номуундарь "УИХ-ын гишүүдэд хэт өргөн хүрээтэй, зүй бус давуу байдал олгосон" хэмээн үзэж, Цэцэд хандсан нь ийнхүү үр дүнд хүрэв.
2024 оны 05 дугаар сарын 16-нд баталсан Монгол Улсын Их Хурлын тухай тухай хуулийн 41 дүгээр зүлийн 41.7 дахь хэсэгт "...шүүхийн журмаар Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно" хэмээн хуульчилсан.
Зөрчлийн тухай хуульд тусгай ангийн 17 бүлэгт хэдэн зуун зөрчлийг тусгасан байдаг. Тухайлбал, бусдыг өдөөн хатгаж танхайрах, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг сэтгэл санааны хүчирхийлэл, эсхүл эдийн засгийн хүчирхийлэл үйлдэх, хууль бусаар зэвсэг эзэмших, мөрийтэй тоглоом тоглох зэрэг юм.

Хуульч, өмгөөлөгч Б.Мэргэн зөрчлийн хариуцлагаас УИХ-ын гишүүн ангид байгааг "...сонгууль болох гээд бүх анхаарал тийш хандаж, ид бужигнаж байхад УИХ-ын гишүүд өөрсдийгөө тэгш эрхтэй иргэдээс тусдаа илүү эрхтэй “гахай” болгосон хууль баталсан" хэмээн тодотгосон.
Цэц дээрх зохицуулалтыг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” хэмээснийг зөрчсөн гэв.
Уг 07 дугаар дүгнэлт гарснаар УИХ-ын гишүүд шүүхийн журмаар Зөрчлийн хуульд заасан хариуцлагаас зайлсхийсэн хуулийн зохицуулалт эцсийн шийдвэр гарах хүртэл түдгэлзэх учиртай.
Цэц дүгнэлтээ УИХ-д танилцуулж, хүлээн авсан тохиолдолд шийдвэр эцсийн хэвээр үлдэнэ. Харин УИХ хүлээн зөвшөөрөөгүй тогтоол гаргавал Цэц их суудлын буюу 7-9 гишүүний бүрэн бүрэлдэхүүнээрээ дахин хэлэлцэж, үндэслэл нь зөв болох нь нотлогдвол өмнөх дүгнэлтээ хүчингүй болгоно. Үндэслэл нь батлагдахгүй бол Улсын Их Хурлын тогтоолыг хүчингүй болгож, тогтоол гаргана.
Одоогоор УИХ-д танилцуулах 07 дугаар дүгнэлтийг бүрэн эхээр нь олон нийтэд нийтлээгүй. Мөн нэгдсэн чуулганы хуралдаанд хэдийгээр танилцуулахыг товлоогүй байна.
Сэтгэгдэл үлдээх