АН-ын гишүүн П.Цагаан
Ямар хэрэгт шалгав: Эрүүгийн цагдаагийн албанаас Ачит Ихт ХХК-ийн үүсгэн байгуулагч П.Цагааныг Эрдэнэт үйлдвэрийн овоолгыг ашиглахдаа эхнэрийнхээ эзэмшдэг Сингапурын Fortune I-Trade PTE компанид 14.5 сая ам.долларын хөнгөлөлт үзүүлсэн байж болзошгүй хэрэгт шалгаж байна.
Яагаад шалгав: 2018-2023 онд 41.5 мянган тонн зэсийг тухайн үеийн ханшаар 960 тэрбум төгрөгийн зэсийг Сингапур улсад бүртгэлтэй "Fortune I-Trade PTE" компанид худалдан борлуулсан байна. "Fortune I-Trade PTE" компанид худалдан борлуулахдаа нууц гэрээгээр нэг тонн тутамдаа 330-350 ам.долларын хөнгөлөлт эдлүүлж, нийт 14.5 сая ам.долларын хөнгөлөлт үзүүлсэн.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж
Ямар хэрэгт шалгав: Эрүүгийн цагдаагийн албанаас П.Цагаан болон Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн чатыг дэлгэсэн. Уг чат Ачит Ихт ХХК-ийг эзэмшдэг Цаглавар ХХК-ийн дансанд байгаа 13.5 саяыг (цагдаа нар төгрөг биш ам.доллар байх гэж таамагласан) хөдөлгөе, сонгуульд ашиглая гэх агуулгатай байсан. Тиймээс тэд хоорондоо харилцан мөнгө солилцсон эсэхийг шалгаж байна.
Яагаад шалгав: Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2019 оны есдүгээр сарын 10-ны өдөр арилжааны банкинд ам.долларын хугацаатай хадгаламж болон цахим банкны үйлчилгээний гэрээ байгуулсан байна. Хугацаатай хадгаламжийн гэрээ болон цахим үйлчилгээний гэрээ байгуулахдаа Ц.Элбэгдорж нь Ачит-Ихт компанийн хувьцаа эзэмшигч гэж бүртгүүлж байжээ.
АН-ын дарга Л.Гантөмөр
Ямар хэрэгт холбогдов: АН-ын дарга Л.Гантөмөр нь Боловсрол соёл шинжлэх ухааны сайдаар ажиллаж байхдаа охин Г.Хуланг БЗС-гийн 127 мянган ам.долларын зээлээр АНУ-д сургажээ. БЗС-аас сайдын хүүхэд зээл авч сурч болохгүй гэсэн журам байхгүй ч 500 сая төгрөгийг охиныхоо хувийн дансад хийсэн нь холбогдох шалтгаан болсон байна.
АН-ын Тэргүүн дэд дарга С.Баярцогт
Ямар хэрэгт ял эдлэв: С.Баярцогтыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх Ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулсан нь Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэж үзэн 3 шатны шүүхээр дөрвөн жил найман сар хорих ял өгсөн.
Яагаад хоригдсонгүй вэ: Хоёр шүүгчийн тусгай саналыг үндэслэн түүний хэргийг хянан хэлэлцээд хэргийг мөрдөн байцаалтад буцааж, гурван шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон. Ингээд С.Баярцогтыг прокурорын захирамжаар сулласан.
МАК-ийн үүсгэн байгуулагч, бодлогын зөвлөх Б.Нямтайшир
Ашигт малтмалын тухай хуулиар төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болно гэж заасан. Тэгвэл стратегийн ордод тооцогддог Цагаан суваргын ордыг 2014 онд МАК ХХК-д 100 хувь эзэмшүүлжээ. Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордыг луйвардаж авсан П.Цагаан, МАК компаниуд одоо болих хэрэгтэй. 34 хувь нь Хуримтлалын сан руу шилжих эрхийг нь өгчих” гэсэн байдаг.
ХХБ-ны үүсгэн байгуулагч Д.Эрдэнэбилэг
Ямар хэрэгт шалгав: “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар хувьчилсан эрүүгийн хэрэгт шалгагдаж байна. 2023 оны хоёрдугаар сард эрүүл мэндийн зайлшгүй шалтгаантай хэмээн гурван тэрбум төгрөгийн барьцаа үлдээгээд Сингапур улсад 14 хоног эмчлүүлнэ хэмээн яваад, эргэж ирээгүй. 3 тэрбумыг одоо улсын орлого болгосон.
Яагаад шалгав: 2016 онд ОХУ-ын Ростек корпорацаас “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг “Монголын зэс корпорац худалдан авахдаа Үндсэн хуульд "УИХ олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах асуудлыг бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэнэ" гэснийг, Компанийн тухай хуульд “Төрийн өмчит компанийн өмчлөгч нь төрийг төлөөлж УИХ байна” гэснийг тус зөрчиж, УИХ-аар хэлэлцүүлээгүй тул хууль тогтоох дээд байгууллагын онцгой бүрэн эрхийг зөрчсөн.
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг
Ямар хэрэгт шалгав: 2014-2016 онд Ерөнхий сайдаар ажиллахдаа Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль зөрчиж Монголын Зэс корпорацад худалдсан, 4.4 тэрбум ам.долларын өртөгтэй Дубайн гэрээг байгуулсан зэрэг хэрэгт шалгагдаж байхдаа хил давж, 2018 оноос хойш ирээгүй.
Яагаад шалгав: Жилд 26 сая тонн хүдэр боловсруулж 530 орчим мянган тонн зэсийн баяжмал, 4.5 орчим мянган тонн молибдены баяжмал үйлдвэрлэдэг, улсын төсвийн орлогыг гол бүрдүүлэгч Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувьчлахдаа УИХ-аар хэлэлцүүлээгүй, Дубайн гэрээг байгуулахдаа “Оюутолгой”-оос Монголын талын хүртэх ашгийг 2037 он хүртэл хойшлуулсан.
УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ
Ямар хэрэгт шалгав: Д.Бат-Эрдэнийг 2012-2016 оны хооронд УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь / Хөрөнгө завших/ заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Яагаад шалгав: “Таван толгой” ХК, “Тавантолгой транс” ХК-иудын хувьцаа эзэмшиж байсан албан тушаалын байдлаа ашиглаж “Тавантолгой” ХК-д 18,478,856,284 төгрөгийн хохирол учруулан хөрөнгө завшихыг удирдан зохион байгуулсан хэмээн яллагдагчаар татаж, таслан сэргийлэх арга хэмжээ авсан.
ТЕГ-ын дарга асан Б.Хурц
Ямар хэрэгт ял эдлэв: ТЕГ-ын даргаар ажиллаж байхдаа төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн хэрэгт шалгагдаж байсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүх хэрэг хүлээлгэсэн нь тогтоогдож, 1 жил 6 сар хорих ял шийтгүүлсэн.
Яагаад шалгав: Яллагдагч Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хорьж байх үед хууль хяналтын байгууллагын нэр бүхий ажилтнууд эрүүдэн шүүж буй бичлэг ил болсноор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгасан.
Сэтгэгдэл үлдээх