Ойрх Дорнодын мөргөлдөөн дахин хурцдаж болзошгүй гэсэн болгоомжлолын улмаас дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өсөв. Мөргөлдөөн эхэлснээс хойш савлагаатай байсан дэлхийн жишиг Брент төрлийн газрын тосны үнэ лхагва гарагийн байдлаар нэг хувиар өсөж, баррель нь 115 ам.долларт хүрсэн бол АНУ-ын WTI төрлийн газрын тосны үнэ 2.9 хувиар өсөж, 102.78 ам.доллар болжээ.
Мягмар гарагт Йемений хуситууд Саудын Арабын өдөрт 550 мянган баррель газрын тос боловсруулах хүчин чадалтай Рас-Танура газрын тос боловсруулах үйлдвэр рүү пуужин харвасан тухай мэдээлсэн нь газрын тосны нийлүүлэлт тасалдах эрсдэл үүсэж, үнэ өсөхөд нөлөөлсөн гэж үзэж байна.
Түүнчлэн ирэх долоо хоногт болох АНУ-ын завсрын сонгуулийн дараа АНУ-Израил Иранд цохилтоо үргэлжлүүлэх магадлалтай гэх таамаглал үүссэн нь газрын тосны зах зээлд нөлөөлжээ. АНУ-ын хэд хэдэн судлаачид ч 11 дүгээр сараас АНУ Иран руу цохилтоо үргэлжлүүлж магадгүйг сануулж байна. Хэрэв АНУ-Израилийн хооронд Ираны эсрэг шинэ дайралт эхэлбэл Тегеран Персийн булангийн бүс дэх газрын тосны байгууламжууд, далайн доорх кабель, мэдээллийн төвүүд болон хиймэл оюун ухааны байгууламжуудад халдахаа мэдэгджээ.
Өнгөрсөн хоёрдугаар сард АНУ-Израилын Ираны эсрэг эхлүүлсэн мөргөлдөөн өдгөө гурван улсыг хамрах бус дэлхий нийт тэр дундаа газрын тосны салбарыг хүндхэн байдалд оруулаад байгаа билээ. Мөргөлдөөн эхэлснээр Персийн булангаас газрын тос тээвэрлэдэг гол далайн зам болох Ормузын хоолой олон удаагийн цохилт, дайралтад өртсөнөөр Персийн булангаас газрын тосны бүтээгдэхүүн татдаг ихэнх улс шатахууны хомсдол, үнийн өсөлттэй нүүр тулсан юм.
Мөргөлдөөн эхлэхээс өмнө хоёрдугаар сард Брент төрлийн газрын тосны үнэ баррель нь 72 орчим ам.доллар байсан бол дөрөвдүгээр сард 126 ам.доллар хүртэл өссөн юм. Энэ нь 2022 оноос хойших хамгийн өндөр түвшин байв.
Эдгээрээс гадна Орос-Украины дайн эрчээ авч, Украин Оросын томоохон газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг онилох болсон нь газрын тосны салбарт сөргөөр нөлөөлж байна. Өнөөдөр Улаанбаатарын иргэд өнөжин шөнөжин шатахуунд оочирлож байгаа нь олон нөхцөлөөс хамаарч байна.
Сэтгэгдэл үлдээх