Нийт нутгийн 20 орчим хувьд цас унажээ

.Graph
2026-11-03

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс хадлан тэжээл, хужир шүү бэлтгэж нөөцлөх, мал оторлуулахтай холбогдуулан  малчдад мэдээлэл өгөх зорилгоор нийт нутгаар орсон цасны хэмжээг тогтоожээ. Аравдугаар сарын 31-ний байдлаар хээрийн цасыг хэмжихэд нийт нутгийн 20 орчим хувьд цастай байна. Тодорхой хэлбэл, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 21 см-ээс их, Увсын Малчин, Завханы Тэсд 11 см, Дархан-Уулын ихэнх, Завханы зарим, Баян-Өлгий, Увс, Архангай, Хөвсгөлийн цөөн сумдын нутгаар 6-10 см, бусад нутагт 1-5 см зузаан цас унажээ.  

Цасны нөлөөгөөр сүүлийн өдрүүдэд нийт нутгийн 50 орчим хувьд олон жилийн дунджийн орчим болон түүнээс +1.1 градусаар дулаан байсан бол Баян-Өлгий, Говь-Алтай, Говьсүмбэрийн нийт, Ховд, Завхан, Баянхонгорын ихэнх, Хөвсгөл, Орхон, Дархан-Уул, Хэнтийн зарим, Увс, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын цөөн сумдын нутгаар -4.4...-1.1 градусаар хүйтрэв.  

Харин хур тунадас нийт нутгийн 80 гаруй хувьд дунджийн орчим болон түүнээс бага, Завханы ихэнх, Баянхонгор, Сэлэнгэ, Төв, Дорноговийн зарим, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Дундговь, Дорнодын ганц нэг сумдын нутгаар дунджаас ахиу орсон аж.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe