Оюу толгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах асуудал дахин хөндөгдлөө. Энэ удаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгалийн баялгийн өгөөжийг иргэддээ хүртээх ёстой гэсэн байр сууриа илэрхийлээд байна. Гэтэл иргэдийн гар дээр их хэмжээний бэлэн мөнгө тараах, олгох нь макро эдийн засагт сөргөөр нөлөөлж, улсын хэмжээнд 12.9 хувьд хүрээд байгаа инфляцыг дахин өдөөх эрсдэлтэйг эдийн засагчид сануулж байна.
Энэ талаар Эдийн засагч Б.Лакшми:
Монгол Улс харьцангуй жижиг эдийн засагтай орны тоонд багтдаг. Ийм эдийн засагт их хэмжээний мөнгө нийлүүлэх нь инфляцыг өдөөж, дотоодын үйлдвэрлэлийн хүчин чадалд сөргөөр нөлөөлөн, иргэдийн худалдан авах чадварыг бууруулах эрсдэлтэй. Иргэдийн гар дээр бэлэн мөнгө тараах нь шууд болон урт хугацаандаа асар сөрөг нөлөөтэй. Шууд буюу богино хугацаанд гарах нөлөө нь инфляцын хөөргөдөл юм.
Оюу толгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар улс төрийн хоёр өөр байр суурь илэрхийлж байх шиг байна. Нэг талдаа иргэдэд бэлнээр тараах байр суурьтай байгаа бол нөгөө талд тодорхой салбаруудад хөрөнгө оруулалт хийж, улсын дэд бүтцийг дэмжих байр суурьтай байна. Энэ хоёр байр суурь нь хоёулаа эдийн засагт сөрөг үр дагавартай гэж харж байна. Эдийн засагт их хэмжээний мөнгө нийлүүлэх нь түрүүн хэлсэнчлэн нэгдүгээрт инфляцыг хөөрөгдүүлж, худалдан авах чадварыг бууруулна. Түүнчлэн эдийн засагт их хэмжээний мөнгөн урсгал бий болсноор төгрөгийн ханш өсөх эрсдэл үүсдэг. Ингэснээр үндэсний үйлдвэрлэгчид татан буугдах ч аюултай юм.
Мөн бэлэн мөнгөний нийлүүлэлт нь урт хугацаандаа үр ашигтай, бүтээмжтэй бизнесийг бий болгох бус, богино хугацаанд тодорхой салбарыг дэмжсэн үр ашиггүй хөрөнгө оруулалт бий болгох эрсдэлтэй. Тиймээс ногдол ашгийг иргэдэд тараах, эсвэл тодорхой салбарт шууд зарцуулахаас илүүтэйгээр Хөрөнгө оруулалтын сан, Баялгийн сан зэрэг хуримтлалын санд төвлөрүүлж, урт хугацааны хуримтлал бий болгох нь зүйтэй гэж үзэж байна.
Сэтгэгдэл үлдээх