Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болж, Трампын 5,000 долларын амлалт ялалт авчирсангүй

.Graph
2026-11-04

Трампын 5,000 долларын амлалт Бүгд найрамдах намд ялалт авчирсангүй

Дональд Трамп есдүгээр сарын 9-нд Далласт болсон намын чуулган дээр Бүгд найрамдах нам Сенат болон Төлөөлөгчдийн танхимд хоёуланд нь ялбал АНУ-ын иргэдэд “Трампын ногдол ашиг” нэрээр 5,000 ам.доллар олгоно гэж амлаж байсан билээ. Тус мөнгийг АНУ-ын нутаг дэвсгэрт зарцуулах нөхцөл тавьж байв. Энэ нь батлагдсан халамжийн хөтөлбөр бус, сонгуулийн үр дүнтэй холбосон мөнгөн олгох амлалт байжээ. 

Reuters агентлагийн мэдээлснээр, уг амлалтад насанд хүрсэн иргэдийг хамруулахад ойролцоогоор 1.2 их наяд ам.доллар шаардагдах бөгөөд хэрэгжихэд Конгрессын зөвшөөрөл дутсан юм. Гэвч мөнгөн амлалт сонгогчдын бухимдлыг намжаахад хүрэлцсэнгүй. Мөн сонгуулийн үр дүнд эргүүлж чадсангүй.

Ардчилсан нам Конгрессын Трампын эрх мэдэлд хяналт тавина

11 дүгээр сарын 3-нд АНУ-ын завсрын сонгууль болж, Ардчилсан нам Сенат болон Төлөөлөгчдийн танхимд олонх болох нь тодорхой болсныг AP, Reuters агентлаг мэдээллээ. Шинээр сонгогдсон Конгресс ирэх нэгдүгээр сард ажилдаа орсноор Ерөнхийлөгч Дональд Трамп бүрэн эрхийнхээ үлдсэн хоёр жилд сөрөг хүчин давамгайлсан парламенттай ажиллахаар болж байна. 

Австралийн ABC агентлагийн мэдээлснээр, Ардчилсан нам Бүгд найрамдах намын эзэмшиж байсан Сенатын долоон суудал, Төлөөлөгчдийн танхимын хорь гаруй суудлыг авчээ. Техас, Канзас зэрэг Бүгд найрамдах намын уламжлалт түшиц мужид ялалт байгуулсан нь энэ сонгуулийн онцлох үр дүн болов. 

Обама: Сонгогчид эв нэгдэл, бодит шийдэл хүсэж байгаагаа харууллаа

Ерөнхийлөгч асан Барак Обама сонгуулийн дараа X сүлжээнд байр сууриа илэрхийлж, америкчууд нийгмийг нэгтгэх улс төр, тулгамдсан асуудалд бодит шийдэл санал болгох удирдагчдыг хүсэж байгаагаа харуулсан хэмээн дүгнэжээ. Тэрбээр Трампын засаг захиргаа дахин хоёр жил ажиллахыг сануулаад, Ардчилсан нам эрх мэдлийнхээ хүрээнд өөрчлөлт хийж, цаашдын хохирлоос сэргийлэн, ирээдүйн суурийг тавих шаардлагатайг онцолсон байна. Обамагийн мэдэгдлийг "TheGrio" болон "The Economic Times" дамжуулжээ.

Д.Трамп: Ардчилсан намтай хамтарна, гэхдээ зарим хуульд хориг тавина

Дональд Трамп сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрч, Ардчилсан намтай хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ. Гэхдээ өөрийнх нь хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй хуулийн төслүүдэд хориг тавина гэж Fox News-т ярьжээ. Түүнчлэн Ирантай хийж буй дайн Бүгд найрамдах намын ялагдалд нөлөөлснийг хүлээн зөвшөөрөв.

Үүний зэрэгцээ Трамп Truth Social дахь нийтлэлдээ өөрөө нэр дэвшээгүйг онцолж, хэрэв саналын хуудсанд нэр нь байсан бол нам нь үнэмлэхүй ялах байсан хэмээн мэдэгдлээ. 

Конгрессын олонх солигдсоноор Трампын засаг захиргаанд тавих хяналт, шалгалт нэмэгдэж, түүний хууль тогтоох санаачилгууд Ардчилсан намтай зөвшилцөх шаардлагатай болно. Гэхдээ Конгрессын хоёр танхимд олонх болсон нь ерөнхийлөгчийн хоригийг автоматаар даван туулах хэмжээний суудалтай болсон гэсэн үг биш билээ. 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe