Улс орнууд түүхэн удирдагчдынхаа нэрээр соёл, үнэ цэнээ дэлхийд сурталчилсаар иржээ

.Graph
2026-11-05

Их Эзэн Чингис хааны нэр төр, эш хөрөг, гэрэгэ, Монголын Нууц Товчоо болон Их Монгол Улсын бэлгэдэлд хамаарах зүйлсийг ашиглах асуудлыг журамлах, Их Эзэн Чингис хааны хөргийг согтууруулах ундааны шил болон тамхины сав, баглаа, боодолд аливаа төрлөөр ашиглахыг хориглох тухай хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн барих гэж буй. 

Нэг жишээ дурдъя. Танай гэрт эсвэл албан байгууллагат гаднын зочин төлөөлөгч хүрэлцэн ирлээ гэхэд биднээс барих бэлэг бол Монгол орны соёлыг тодорхойлох, сурталчлах бэлгэдэл бүхий зүйлс байдаг. Эдгээр нь ихэвчлэн үндэсний үйлдвэрлэгч брэндийн бүтээгдэхүүн, идээ ундааны дээж багтдаг. Үүгээрээ бид улс орноо сурталчилан таниулж, эргээд экспортын орлогоо бүрдүүлдэг. Улс орнууд ч энэ замналаар явж иржээ. 

Жишээ нь Францад XIII Людовик хааны нэрээр нэрлэгдсэн “Louis XIII”  тансаг зэрэглэлийн коньякийг 1874 онд бүтээж байжээ. Өдгөө уг бүтээгдэхүүн нь дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн алдартай, бүтээгдэхүүнд тооцогддог бөгөөд жил ирэх тусам үнэ цэн нь өсөн нэмэгдсээр буй. Үүгээр зогсохгүй Францад үе үеийн хаан, хатдын нэрээр нэрлэгдсэн олон тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн байдаг бөгөөд эдгээр нь үнэ цэнээ үргэлж хадгалсаар иржээ. 

Бас нэгэн жишээ гэвэл Шотландын хаан II Робертын нэрээр нэрлэгдсэн King Robert II виски юм. Тус бүтээгдэхүүн нь дэлхий даяар хамгийн их борлуулалттай вискиний нэгт багтдаг бөгөөд жилд ойролцоогоор 500 мянга гаруй шил зарагддаг гэх судалгаа байна. Эдгээр ёслол хүндэтгэлийн бүтээгдэхүүнүүд нь тухайн улсын соёл, үнэ цэнийг илэрхийлж, тухайн үеийн хатан хаадыг мөнхөлөх ач холбогдолтой юм. 

Харин Монгол Улсын түүх, соёл үндэстний бэлгэдэл бол Их Эзэн Чингис хаан билээ. 

Дээрх төсөлд хийсэн судалгаанд ийм зохицуулалт нь үндэсний үйлдвэрлэгчдийн барааны тэмдэг, савлагаанд оруулсан хөрөнгө оруулалт, экспортын бүтээгдэхүүний танигдсан байдалд сөргөөр нөлөөлж болзошгүйг анхааруулжээ. Мөн Монголд тогтоосон хориг гадаадын зах зээлд автоматаар үйлчлэхгүй тул дотоодын үйлдвэрлэгчдийн боломжийг хязгаарлах атлаа гадаад дахь хэрэглээг зогсоож чадахгүй байх эрсдэлийг дурдсан байна.

Дотоодын бүтээгдэхүүнээ хорьсноор бусад гаднын улс орнууд Чингис хааны нэрээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж, улс үндэстний нэгдмэл үнэт зүйл болон үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй тул уг төсөлд няхуур хандах ёстойг зарим гишүүд ч сануулж байна. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe