Монголын баримт шалгах төв Х.Нямбаатарын аравдугаар сарын 29-нд цахим хуудсандаа нийтэлсэн мэдээлэлтэй холбогдуулан арваннэгдүгээр сарын 5-нд хариу мэдэгдэл гаргажээ. Тус төв хөндлөнгийн баримт шалгагчид хэрэглэгчийн нийтлэлийг устгах, хаягийг хаах эрхгүй гэж мэдэгдсэн байна.
Х.Нямбаатар нэр бүхий төрийн бус байгууллага Мета компанийн олгосон эрхийг хууль бусаар ашиглаж, үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж байна гэж бичжээ. Тэрээр байгууллагын нэрийг дурдаагүй ч нийтлэлдээ Монголын баримт шалгах төвийн логог ашигласан бөгөөд төвийн үйл ажиллагаатай холбоотой баримт, нотолгоо дурдаагүй гэж тус төв мэдэгдэлдээ дурдсан байна.
Тус төвийн тайлбарласнаар баримт шалгагчид олон нийтэд түгээсэн, баримтаар нягтлах боломжтой мэдээллийн үнэн зөвийг шалгаж, эх сурвалжид тулгуурласан тайлан нийтэлдэг. Харин нийтлэлийн түгээлтийг бууруулах, платформын стандарт зөрчсөн нийтлэлийг устгах эсэхийг Мета өөрийн журмаар шийддэг гэжээ.
Монголын баримт шалгах төв 2021 онд Олон улсын баримт шалгах сүлжээний (IFCN) баталгаажуулалт авч, жил бүрийн давтан үнэлгээгээр статусаа хадгалж ирсэн гэж мэдэгдэв. Тус төв улстөрчид болон олон нийтэд нөлөө бүхий хүмүүсийг баримт шалгах үйл ажиллагааны талаар мэдээлэл түгээхдээ нотолгоонд тулгуурлахыг уриалжээ.
Бүтэн мэдэгдлийг үзэх холбоос: https://www.facebook.com/share/p/1eCeZscNJT/
Сэтгэгдэл үлдээх