Цагдаа, Прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүх шинжилгээний ерөнхий газар зэрэг цөөнгүй байгууллага хамтран хар тамхитай тэмцдэгийг Хар тамхитай тэмцэх албаны дарга, цагдаагийн хурандаа Э.Товуудорж өнөөдөр хийсэн мэдээлэлдээ дурдлаа. Гэвч хууль хяналтын байгууллагууд хар тамхины бүлэглэлийнхний өмнө хүчин мөхөстөж байна уу даа гэмээр хөндүүр тоо баримтыг ч бас танилцуулав.
Тухайлбал он гарсаар энэ оны эхний есөн сарын байдлаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис буюу хар тамхитай холбоотой 463 холбогдогчтой 430 гэмт хэрэг илрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс гэмт хэрэг 2.1 дахин, хэргийн холбогдогч 1.8 дахин өссөн үзүүлэлт аж. Мөн дээрх цаг хугацаанд нийт 15 төрлийн 123,550 хүн нэг удаа хэрэглэх мансуурах хэмжээний бодисыг хууль бус зах зээлд нийлүүлэлт хийгдэхээс нь өмнө урьдчилан сэргийлж, 6.6 тэрбум төгрөгийн хууль бус эргэлтийг таслан зогсоосон аж.
Энэ жил гадаад улсаас нийлүүлэгч таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан бол Интерполын шугамаар 2024 оноос хойш эрэн сурвалжлагдаж байсан 22 этгээдийг тогтоожээ. Тэднээс хоёр иргэнийг шилжүүлэн авчирсан аж. Гадаад улсад энэ төрлийн гэмт хэргээр Монгол Улсын 43 иргэн хорих ял эдэлж байна.
Мэдээллийн төгсгөлд цагдаагийн хурандаа Э.Товуудорж цахимд орчинд гарсан “хураагдсан хар тамхийг устгалгүй худалдан борлуулсан” гэх мэдээлэл бол огт үндэслэлгүй мэдээлэл гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэв.
Сэтгэгдэл үлдээх