Д.Энхтүвшин: Татварт төлөх ёстой мөнгөөр улстөрчид хийгээд компаниуд буянтны дүрд тоглож байна

Г.Энэбиш
2026-11-06

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Б.Жаргалан нар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлсэн. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинтэй ярилцсанаа хүргэе. 

-Та Б.Жаргалан гишүүнтэй хамтран Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд хариуцлагын заалт бүхий төсөл санаачилж оруулж ирсэн. Үүнийгээ тодруулахгүй юу?

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 18-д  хариуцлагын заалт бий. Энд хоёр гол зүйл заалттай. Нэгдүгээрт, тусгай шаардлагыг хангаагүй бол Засгийн газарт буцаана. Хоёрдугаарт, хэрвээ гүйцэтгэл төсвийн тусгай шаардлагыг хангаагүй бол Засгийн газрыг огцруулах үндэслэл болно гэсэн заалтууд юм.  Гэтэл дээрх заалтууд амьгүй. Тиймээс Б.Жаргалан гишүүнтэй хамт хариуцлагын заалтыг дагаж мөрдөнө шүү, үгүй бол  ийм хариуцлага тооцно гэсэн агуулгаар төсөл өргөн барьсан. Засгийн газрын огцруулах үндэслэл болно гэсэн заалтыг Үндсэн хуулийг  2019 онд өөрчлөхдөө 43-р зүйлд дөрвөн зүйл заалттай байсныг хоёр болгож өөрчилсөн. Тэнд 43.3 гэдэг зүйл заалтыг эшилсэн. Тэр нь Үндсэн хуульд байхгүй заалт. Өөрөөр хэлбэл, хариуцлага тооцох нь хууль зүйн хувьд боломжгүй болчихсон. Сая төсвийн тодотгол орж ирэхэд үүнийг дагаад төсвийн тусгай шаардлагууд өөрчлөгдөж байна. Гүйцэтгэл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг биелүүлээгүй. Одоогийн хуульд энэ зүйл заалт нь зөв байсан бол Засгийн газрыг огцруулах хэмжээний асуудал ярих үндэслэл болно. Хууль зүйн ийм хүчтэй заалтыг Үндсэн хуульд байхгүй заалтаар эшилсэн. Тиймээс Үндсэн хуульд нийцүүлж зөв болгох саналыг бид гаргасан. Төсвийн тусгай шаардлагыг хангаагүй бол Засгийн газарт буцаах заалтыг нь бас өөрчлөх шаардлагатай. Үүнийг дахиад өргөн барья гэсэн бодол бий. Төсвийн тусгай шаардлагыг хангаагүй бол буцаах заалтыг материаллаг хуульд заасан байхад процессын шинжтэй буюу УИХ-ын дэгийн, болон хяналт шалгалтын тухай хуулиуд дээр үүнийг яаж буцаах вэ гэдэг л зүйл заалт байх ёстой болохоос биш шаардлагатай гэж үзвэл, эсвэл санал хураалтаар буцааж болохгүй. Ийн дордуулж оруулж ирсэн заалтыг өөрчлөхгүй бол төсвийн тодотгол болон 2027 оны Төсвийн тухай хууль хоёулаа хууль зөрчсөн болно. 2026 оны төсвийн тодотгол гэхэд төсвийн тусгай шаардлагуудыг хангаагүй нь аудитын тайланд тодорхой байхад гар өргөөд л шууд шийдсэн. Хоёрдугаарт, Төсвийн тухай хуульд ашигласан төсвийн тусгай шаардлагуудыг хууль зөрчиж өөрчилсөн. Үүнийг албажуулахад хугацаа шаарддаг. Ерөнхийлөгчийн хоригоос авхуулаад Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж албажсаны дараа мөрддөг. Гэтэл дээрх хугацааг хүлээхгүй хүчин төгөлдөр болоогүй байхад  болоогүй байхад ашиглаж 2027 оны төсвийг оруулж ирсэн. Энэ агуулгаар хууль хоорондын зөрчил байна. Ялангуяа хариуцлагатай холбоотой зүйл заалтыг нэг мөр болгохгүй бол хариуцлагаас зугтах гээд байна. Тиймээс бид ийм хуулийн төсөл оруулж ирлээ. Хууль хэрэглээний хувьд тодорхойгүй, салаа утгатай, мөн хариуцлагаас зугтаах гээд байгаа учраас хуулийн төсөл өргөн барьсан юм. 

-Төсвийн орлого, зарлага зохистой байж чадаж байна уу?

-Орлого, зарлага хоёулаа өөр шинжтэй төсөв орж ирсэн. Зарлага талаас нь эхэлж ярья. Уг нь төсвийн бүтцийг өөрчлөөд эрс өөрчлөлтийн шинжтэй бодлогын арга хэмжээ авах бололцоо байсан ч чадсангүй. Тэгээд цалин хөлстэй холбоотой өмнөх тулгамдсан асуудлаа шийдэхийн тулд байгаа зүйлээ л үргэлжлүүлэх хандлагатай явж байна. Орлого талд сайн зүйл байна. Өнгөрсөн хаврын чуулганаар батлагдсан Татвар болон Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуультай холбоотойгоор ХАОАТ, Хөрөнгийн татваруудын орлого тодорхой хэмжээгээр буурч орж ирсэн. Жижиг аж ахуйн нэгжүүдтэй холбоотой орлогын албан татваруудын хувь хэмжээ буурсан үзүүлэлт бий. Дээр нь  өмнө нь төсвийн түүхэнд бараг байгаагүй үзүүлэлт нь татварын бус орлогоор татварынхаа орлогынхоо 20 хувийг буюу ⅕ хувь бүрдүүлэх хуулийн төсөл оруулж ирсэн. Энэ нь эрх баригч засаг Ерөнхий сайдын хувьд ч юм уу хоёрдогч төсөв байдлаар   ашигладаг байсныг улсад оруулж илүү хяналттай, цэгцтэй болгосон нь сайн тал. Нөгөө талдаа  төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг орлого нь бодитойгоор мөнгөн урсгал талдаа биелэх үү гэдэг нь асуултын тэмдэг. “Эрдэнэс таван толгой”, “Эрдэнэт” зэрэг цөөхөн хэдэн аж ахуйн нэгж бэлэн мөнгөгүй учраас санхүүгийн зах зээлээс зээлэх магадлал бий.  Өөрөөр хэлбэл, энэ хэмжээгээр аж ахуйн нэгжүүдэд олдох зээлийн хэрэгцээ багасна. Тэгэхээр хүүгийн хувьд нэлээд дарамт бий болох эрсдэл харагдаж байна.  

-Нэг хувийн татвараа нийгмийн сайн сайханд зарцуулна гэсэн хуулийн хэрэгжилт ямар байна. Анхны агуулгын дагуу хэрэгжиж байна уу?

-2027 оны төсвийн хуулийг дагалдуулж, оруулж ирсэн нэг зөв хандлага бол Төрийн өмчит компаниудын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.9 дэх заалт буюу нэг хувийн татварын хөнгөлөлт нь нийгмийн чиглэлээрх үйл ажиллагаанд хандив тусламж үзүүлээд чөлөөлдөгт төрийн өмчит байгууллагуудыг хамруулахгүй хуулийн төсөл өргөн барьсан. Үүнд зарчмын зөрүүтэй санал гаргаад үүнтэй холбоотой мэдээлэл авах гэтэл нууц гээд огт авч чадаагүй. Энэхүү 22.9 дэх заалтаар аж ахуйн нэгжүүд юу юу төлөөд байна гэдэг мэдээллийг авъя, төрийн өмчит компанийг, хувийн хэвшлийг нь ч гэсэн авъя, ил тод болгоё гэсэн заалт, зарчмын зөрүүтэй санал гаргаад дэмжигдээд явж байна. Дээр нь нийгмийн хариуцлага гэдэг нэр байсныг хасъя. Өөрөөр хэлбэл, татварт төлөх байсан мөнгийг төлөлгүйгээр авч үлдээд захиран зарцуулах эрх мэдэл нь төсөл, төсвийн хэлэлцүүлэг рүү ороод гүйцэтгэлийг нь аудитаар хянаад тэр мөнгө юунд зарцуулсныг  хянагддаг байсныг аж ахуйн нэгжүүд өөртөө авч үлдээд тэгээд тодорхой төсөл хөтөлбөрүүдэд зарцуулахаар хуулийг төсөл байгаа юм. Гэтэл үүнийг хэд хэдэн зорилгоор буруу ашиглах үндэслэлүүд харагдаж байна. УИХ-ын гишүүн нь гишүүнээс өөр давхар ажил хийж болохгүй зохицуулалттай. Гэтэл спортын холбоод, ТББ-уудын  ерөнхийлөгч хийдэг. Хуралдаа суухгүй, уралдаан тэмцээнүүд үзээд явчихдаг.  Тэрэнд нь чөлөө олгож л байдаг. Энэ нь улстөрчид өөрийн удирддаг холбоодууддаа  татварын нэг хувийн хөнгөлөлт гэх байдлаар аж ахуйн нэгжүүдийг нь дарамталж, янз бүрийн байдлаар шахаж, өөрсдийн холбоондоо санхүүжүүлэх нь улстөрчийг санхүүжүүлж буй нэг хэлбэр.  Сонгуулиар жишээ нь хориглодог хязгаар байдаг. Тэгэхгүй дөрвөн жилийн туршид өөрсдийн нэр хүндийг өсгөх тэр үйл ажиллагааг нь дэмжих, сонгуулийн хандив маягтай өгөх үүд хаалга нь нээгдсэн.  Манай гишүүд улстөрчид дундаас цөөнгүй спортын холбоодуудын удирдлага байна. Жүдо бөх, чөлөөт бөх, волейбол, бокс, хоккейн  холбооны ерөнхийлөгч гэх мэтчилэн улстөрч удирдлагатай.  Одоо бүр аль ялсан намын дарга тэр холбооны ерөнхийлөгч болно.

-Өөрөөр хэлбэл, спортын холбоод олимпын хороо нь улс төрийн хэрэгсэл болсон гэсэн үг үү.

-Та бүхэн олимпын хорооны хурал үзсэн бол улс төрийн чуулган шиг л зүйл өрнөдөг. Энэ нь нөгөө талдаа дээрх дэд бүтцийг санхүүжүүлэх эх үүсвэр болох гээд байна. Үүнийг ил тод болгоё гэдэг  санал оруулсан. Энэ бол нийгмийн хариуцлага биш. Татвараа төлөөд бий болсон цэвэр ашгаасаа  сайн сайхны төлөө гээд хандив тусламж үзүүлбэл энэ нь  нийгмийн хариуцлага.  Гэтэл татварт төлөх ёстой байсан мөнгийг авч үлдээд улстөрчид үүнийг өөрсдийнхөө зорилгодоо ашиглах боломж бололцоо харагдаад байгаа учраас үүнийг хязгаарлах ёстой. Аж ахуйн нэгжүүд ч гэсэн хэмжээ хязгаартай байх ёстой. Олон улсад дээр хэлсэнчлэн Татвараа төлөөд бий болсон цэвэр ашгаасаа нийгмийн чиглэлийн үйл ажиллагаануудад оролцож, сайн дурын үндсэн дээр хандивладаг.  Харин манай зарим компаниуд өөрийн хайртай дуучин бөхдөө хэдэн тэрбумаар нь зарцуулж өөрсдийгөө сурталчилж байна. Энэ нь өөрөө зарим нэг спортын салбарыг хөгжүүлэх биш, тоглогч нар хэтэрхий өндөр үнэтэй байна гэдэг ч юм уу нийгмийн гэхээсээ илүү аливаа зүйлийг туйлшруулах хандлага байна. Өмнө нь бид улстөрчид төсвийн мөнгөөр өөрсдийгөө рекламдаж байна гэж бид шүүмжилж ирсэн. Одоо том компаниуд татварт төлөх байсан мөнгөө өөртөө авч үлдээд буянтны дүрд тоглоод нийгмийн сайн сайхны төлөө би ингэлээ гэж үүгээрээ дамжуулан бараа бүтээгдэхүүнээ сурталчилж байна. Үүнийг ил тод болгоод ирэхээр хэн нь яг нийгмийн хариуцлагын хүрээнд ажил хийгээд байна, хэн татвар төлөх мөнгөө  үрээд байна, аль улстөрч холбоодоор дамжуулан санхүүжилт хаанаас татаад байна гэдэг дүр зураг ил болно. Төсвөөр явбал энэ зүйл иргэдийн хяналтад очно. Том зургаар яривал нэг хувийн татвар 10 жилд бараг таван их наяд төгрөг болохоор дүн байна. Үүнийг хяналтаас гадуур байлгаж болохгүй. Төрийн өмчит компаниудыг харахаар төсвийн мөнгийг сургалтын төлбөрт зарцуулж, урлаг соёлд хандивласан байна. Улстөрчийн хэрэгжүүлсэн том төслийг санхүүжүүлсэн байна. Үүнийг ил тод тодорхой болгох зайлшгүй шаардлага бий. Ер нь аж ахуйн нэгжүүд татварын нэг хувийн хөнгөлөлтөөр хийсэн үйл ажиллагаагаараа өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг борлуулж, компаниа сурталчлахгүй, ашиглахгүй байх нь ёс зүйн хувьд зөв. 

-Үүнийг яаж ил тод зөв болгох вэ?

-Зөвхөн төсөв дээр биш УИХ хууль хэлэлцээд явж байгаа хэлэлцүүлгийн явцын мэдээлэл хангалтгүй байна. Жишээлбэл, парламентын сайт руу ороод үзэхээр өргөн мэдүүлсэн хуулийн төсөл гэж булантай. Тэр явцад нэгдүгээр, хоёрдугаар, гуравдугаар хэлэлцүүлэг, зарчмын зөрүүтэй саналууд нь ил тод биш байдаг.  Тэгэхээр харьяалах байнгын хороонд байдаггүй гишүүд огт мэдээлэлгүй. Ялангуяа чуулган дээр зарчмын зөрүүтэй саналууд гээд орж ирэхээр тэрийг бүтэн томьёоллоор нь харах боломжгүй, бүрэн мэдээлэлгүй, юу мэдэхгүй санал хураалтад оролцдог. Энэ бол нийтлэг сайжруулах ёстой зүйл. Тиймээс сайтад явцууд нь сайн мэдээлэгддэг байх ёстой. Төсөв ч үүнтэй адил. Өмнөх сайдаас авч чаддаггүй байсан мэдээллээ энэ жил төсөв дагуулаад бид ехсэл файл авч чадсан. Ажлын хэсэг сайн ажиллаж мэдээллэвэл, тооны цаана ямар амьдрал байгааг сайн ойлгож авч чадна. Ганц тоо файл хангалтгүй. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe