Ман-ын удирдах ажилтнууд зүүн, говийн бүсийн нөөц боломжийг эдийн засгийн эргэлтэд оруулж, хамтын хөгжлийг эрчимжүүлэхэд санал нэгдлээ

.Graph
2026-11-07

Монгол Ардын Намын удирдах ажилтны Зүүн болон Говийн бүсийн зөвлөгөөн өнөөдөр (2026.11.07) Дорноговь аймгийн Сайншанд хотод болж, өндөрлөлөө.

Зөвлөгөөнд Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, Зүүн болон Говийн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Өмнөговь, Хэнтий аймгийн намын хороодын удирдах ажилтнууд, сум, багийн намын үүрийн удирдлага, Засаг дарга, ИТХ-ын дарга, дэргэдэх байгууллагын нийт 1000 орчим төлөөлөгч оролцлоо.

Мөн МАН-ын нарийн бичгийн дарга Ө.Золбаяр, Л.Дашдэмбэрэл, С.Мөнгөнчимэг, Хяналтын ерөнхий хорооны дарга П.Мөнхтөр, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, У.Отгонбаяр, Б.Хэрлэн, М.Мандхай, Б.Уянга, Д.Ганмаа, Н.Наранбаатар, С.Эрдэнэбат, Л.Соронзонболд, М.Бадамсүрэн, Ж.Галбадрах, Ч.Анар, М.Ганхүлэг нар зөвлөгөөнд оролцов.

Зөвлөгөөний эхэнд Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Н.Учрал “Эрх чөлөөний дөрвөн зам – Чөлөөлөлт-2030” хөгжлийн чиглэлээ танилцуулж, улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, үнийн өсөлтөөс хамгаалах арга хэмжээний талаар илтгэл тавилаа.

Тэрбээр төрийн зардлыг танаж, хэмнэсэн хөрөнгийг иргэдийн цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд чиглүүлэх бодлогын хүрээнд 2026 оны төсвийн тодотгол батлагдсаныг онцлов. Энэ дагуу арваннэгдүгээр сарын 1-нээс 413 мянга гаруй ахмад настанд 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр олгож эхэлсэн бөгөөд 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Мөн төрийн бүх албан хаагчдын цалинг 2027 оны эхний улиралд багтаан инфляцтай уялдуулан нэмэгдүүлэх зорилтыг танилцууллаа.

Түүнчлэн Оюутолгойн өгөөжийг иргэдэд хүртээх, тэтгэврийн шинэчлэлийг хэрэгжүүлэх, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, эмийн үнийн дарамтыг бууруулах, 16 мянган айлыг орон сууцтай болгох, орон сууцны урьдчилгаа төлбөрийг 15 хувь болгох зэрэг Засгийн газрын онцлох есөн шийдвэрийг танилцуулав. Мөн 2030 он гэхэд Баялгийн сангийн хуримтлалыг 25 их наяд төгрөгт хүргэж, өгөөжийг иргэн бүрд тэгш хүртээх зорилтыг дурдлаа.

Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Өмнөговь, Хэнтий аймгийн хөгжлийн уялдаа холбоог бэхжүүлж, эрчим хүч, мал аж ахуй, уул уурхай, боловсруулах үйлдвэрлэл, аялал жуулчлал, хил дамнасан худалдаа, тээвэр логистикийн боломжийг хамтран ашиглах нь бүс нутгийн төдийгүй Монгол Улсын хөгжилд стратегийн ач холбогдолтойг онцолсон юм.

Зөвлөгөөний хүрээнд Зүүн болон Говийн бүсэд хамаарах долоон аймгийн намын хороодын үйл ажиллагаа, хэрэгжүүлсэн ажил, цаашдын зорилт, орон нутгийн хөгжлийн асуудлаар тайлан, мэдээлэл танилцууллаа. Тодруулбал, Говьсүмбэр аймгийн МАН-ын хорооны дарга Г.Батсуурь, Дорнод аймгийн МАН-ын хорооны дарга, УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, Дорноговь аймгийн МАН-ын хорооны дарга, тус аймгийн Засаг дарга О.Батжаргал, Дундговь аймгийн МАН-ын хорооны дарга, Засаг дарга С.Мөнхчулуун, Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны дэд дарга С.Ганбат, Өмнөговь аймгийн МАН-ын хорооны дарга Л.Энхболд, Хэнтий аймгийн МАН-ын хорооны дарга, МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Г.Хэрлэнчулуун нар тус тус тайлан танилцуулав.

Мөн Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар намын 31 дүгээр Их хурлаас хойш хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, намын гишүүдийг чадавхжуулах сургалт, дэргэдэх байгууллагуудын ажлын талаар улс төрийн илтгэл тавилаа. Тэрбээр орон даяар зохион байгуулсан “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд намын анхан шатны гишүүдээс ирүүлсэн санал, хүсэлтэд үндэслэн эв нэгдлийг бэхжүүлэх, талцал хуваагдлыг арилгах, ажлын байр нэмэгдүүлэх, цалин, тэтгэврийг өсгөх зэрэг асуудлыг бодлого, шийдвэрт тусган ажиллаж байгааг онцлов.

Түүнчлэн бүсийн зөвлөгөөнүүдээр намын анхан шатны байгууллагыг дэмжих, УИХ-ын гишүүд, сайд нарыг сонгогдсон тойрогтоо эргэх холбоотой ажиллуулах, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, малчдын амьжиргааг дэмжих, залуусыг орон нутагт тогтвор суурьшилтай ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг асуудал хөндөгдөж байгааг дурдлаа. Зүүн болон Говийн бүсийн хувьд намын эв нэгдлийг хангаж, гишүүн бүрдээ хүрч ажиллах, анхан шатны байгууллагын оролцоо, идэвх санаачилгыг нэмэгдүүлэх шаардлагатайг онцлоод, гишүүдийн санал хүсэлтийг цаашдын бодлого, шийдвэрт тусгахын тулд бүх шатандаа хариуцлагатай, идэвхтэй ажиллахыг уриаллаа.

Зөвлөгөөний хүрээнд бодлогын хороодын салбар хэлэлцүүлгүүд зохион байгуулагдаж, оролцогчид салбар бүрийн хүрээнд санал, байр сууриа нэгтгэлээ.

Хэлэлцүүлгийн үеэр бүс нутгийн онцлог, нөөц боломжид тулгуурлан эрчим хүч, уул уурхай, мал аж ахуй, боловсруулах үйлдвэрлэл, аялал жуулчлал, тээвэр логистик, хил дамнасан худалдааны салбарын уялдаа холбоог сайжруулах, аймгуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг онцлон хэлэлцэв.

Мөн иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг өсгөх, ажлын байрыг нэмэгдүүлэх, орон нутгийн эдийн засгийн бие даасан байдлыг бэхжүүлэх чиглэлээр төрөөс хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийг орон нутагт үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлагатайг тэмдэглэлээ.

Ийнхүү МАН-ын удирдах ажилтны Зүүн болон Говийн бүсийн зөвлөгөөнөөр долоон аймгийн намын байгууллагын тайланг хэлэлцэж, бүс нутгийн хөгжлийн бодлого, эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцон, цаашдын зорилтоо тодорхойллоо. Түүнчлэн намын шинэчлэл, анхан шатны нэгжийн оролцоог нэмэгдүүлэх, гишүүдийн санал хүсэлтийг бодлого, шийдвэрт тусгах, бүс нутгийн нөөц боломжийг иргэдийн орлого, тогтвортой ажлын байр, өрсөлдөх чадвартай үйлдвэрлэл болгон хөгжүүлэхэд хамтран ажиллахын чухлыг онцолсноор зөвлөгөөн өндөрлөлөө.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe