Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Манай улс хаана явна вэ

Ц.Чимэдцэеэ
2024-05-03

Өнөөдөр дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна. Энэ өдөр хэвлэлийн эрх чөлөөний тухай, ямар зам туулж өдий хүрсэн тухай эргэцүүлэх нь зайлшгүй. Сэтгүүл зүйн үүсэл хөгжил, өнөөдөр хаана яваа тухай мэдээлэл бэлтгэн хүргэж байна.

Хэвлэл хэрхэн “эрх чөлөөтэй” болов?

  • 1440 онд Германы зохион бүтээгч Иоганнес Гутенберг анхны хэвлэх машиныг танилцуулсан нь чөлөөт хэвлэлийн суурь болов.
  • 1621 онд англи хэлээр анхны тогтмол хэвлэл "The Weekly News" сонин хэвлэгдсэн.
  • XVII зуунд Жон Локк тэргүүтэй философичид  хэвлэлийн эрх чөлөөг хүний үндсэн эрх, ардчиллын суурь хэмээн тунхаглаж байв.
  • 1791 онд  АНУ-д үг хэлэх эрх чөлөөнд халдахгүй байх тухай Үндсэн хуулийн хамгаалалтыг бэхжүүлсэн.
  • 1948 онд баталсан Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19 дүгээр зүйлд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг тунхаглав.
  • 1992 онд баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн 16.16-д үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хүний үндсэн эрх хэмээн баталгаажуулсан.
  • 1993 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей 5-р сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон зарлажээ.

Сэтгүүл зүй дөрөв дэх засаглал болох нь

  • Хэвлэн нийтлэх эрх чөлөө нь сэтгүүл зүйн салбарын үүсэл хөгжил, үүрэг хариуцлагатай салшгүй холбогддог.
  • Өнөөдөр дэлхий дахинаа чөлөөт хэвлэлийн тухай ойлголтыг ардчиллын тулгуур багана хэмээн хүлээн зөвшөөрсөн.
  • Ил тод, хариуцлагатай байдал, засаглалыг тэнцвэржүүлэхэд сэтгүүлчид чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг энэ өдөр батлан сануулдаг.

Хэвлэлийн эрх чөлөөний хязгаарлалтууд

  • Сэтгүүлчдийн бэлтгэн нийтэлсэн шүүмжлэл бүхий нийтлэл, мэдээллийн агуулгыг бүх хэлбэрээр хязгаарлах гэж оролдох, айлган сүрдүүлэх үйлдэл гарсаар байна.
  • ОХУ-д “цэргийн талаар худал мэдээлэл өгсөн, цэргийн нэр хүндийг гутаасан” хэрэгт 2-6 жилийн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль баталж, Украины дайныг шүүмжилсэн мэдээлэл түгээхийг хоригложээ.
  • Дээрх хэргээр хоёр сэтгүүлчийг шалгаж буй ба мөн сөрөг хүчнийг дэмжсэн хэмээн буруутгаж байгаа аж.
  • Энэ мэт хэвлэлийн эрх чөлөөнд халдах эрсдэлийг зогсоохын тулд тухайн улс орны эрүүгийн хуульд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэхийг хааж боосон зохицуулалт байх ёсгүй.

Манай улс хаана явна вэ?

  • Хил хязгааргүй сэтгүүлчид байгууллагаас манай улсыг хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр 109-д жагсаасан. Энэ нь өмнөх оноос 21 байраар ухарсан үзүүлэлт юм. 
  • Мөн хэвлэлийн эрх чөлөөг шалгуур үзүүлэлт болгодог ардчиллын индексээр 180 улсаас 81-т жагсаж, өмнөх оныхоос 5 байр ухарчээ.
  • Ийнхүү хэвлэлийн эрх чөлөөний өдөр сэтгүүлчид эрх чөлөөнийхөө төлөө цуглаан зохион байгуулж, үзэл бодлоо илэрхийлж байна.

Сэтгүүлчид юу хэлэв?

Нэрт сэтгүүлч агсан Г.Отгонбаяр "Хүн өөрөө өөрийнхөө хувь заяаны эзэн гэдэг шиг сэтгүүлч бид л өөрсдийнхөө алдааг олж залруулахгүй бол хэн ч хийхгүй. Улстөрчид, эзэд бол бүр хийхгүй"

Сэтгүүлч Ч.Лодойсамбуу "Зорилгогүй, зарчимгүй, хуульгүй, дүрэмгүй дураараа авирлах бүртээ бид өөрсдөө эрх чөлөөнийхөө суурийг ганхуулж, нурааж байдаг юм шүү"

IToim.mn сайтын Ерөнхий редактор Э.Мөнхцэцэг "Эрх мэдэлтнүүд  мэдээллийн урсгалыг өөрчлөх оролдлого байнга хийх болсон. Үүндээ сэтгүүлч, хэвлэлийг гар хөлөө болгож байна. Тархи угаах мэдээллийг түгээхгүй, хараат бус, хэрсүү байх сонголт сэтгүүлчдийн гарт бий"

LemonPress хамтран үүсгэн байгуулагч Э.Золбаяр "Баахан сэтгүүлчид төрд орчхоод буцаад хэвлэлийн эрх чөлөөгөө боомилоод байгааг ойлгодоггүй"

News.mn сайтын Ерөнхий редактор Ш.Оюунчимэг "Хэвлэлийн эрх чөлөө бол нийт ард түмний мэдэх эрх юм"

Сэтгүүлч О.Ариунбилэг "Хэвлэлийн эрх чөлөөний хамгийн бодит заналхийлэл бол төрийн байгууллагуудын дэргэдэх том том хэвлэл мэдээллийн байгууллагууд юм"

МҮОНРТ-ийн сэтгүүлч Ч.Гэрэлчулуун "Төр хэвлэл мэдээллийн хүний нөөцийг ховх сорж, өөрийнхөө өмнөөс дуугаргадаг сэтгүүлчдийг эрчимтэй угжиж байгаа эрх чөлөө хумигдсан сэтгүүл зүйн үе үргэлжилсээр байна. Гэхдээ бүгд биш юм, жаахан ч гэсэн найдвар энэ салбарт бий"

Сэтгүүлч А.Уянга "Сэтгүүлч бүр мэдээний сэтгүүлч байх албагүй. Сэтгүүлч бүр сенсацтай мэдээ бэлдэх албагүй. Сэтгүүлч бүр хүнд уурлаж, дээрэнгүй харьцах албагүй"

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe