Хүйтний улирал эхлэхтэй зэрэгцээд ханиад, томууны өвчлөл нэмэгдэж буй. Энэ оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний улмаас эрүүл мэндийн байгууллагад хандах иргэдийн тоо, хүүхдийн тусламж, үйлчилгээний ачаалал нэмэгдэх болжээ.
Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн дуудлага 2,249 болж, өмнөх оны мөн үеэс 56.72 хувиар нэмэгдсэн бол нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудад нийт 877 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа нь өмнөх оны 764 хүүхэдтэй харьцуулахад 14.79 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Өвчлөлийн үндсэн шалтгаан болон урьдчилан сэргийлэх зөвлөгөөг хүргэхээр Улсын гуравдугаар төв эмнэлгийн Уушги судлалын тасгийн их эмч Н.Алтанхуягтай ярилцлаа.
- Олны нэрлэж заншсанаар ханиад буюу томуу, томуу төст өвчний идэвхжилт эхэлсэн байна. Ер нь хэдээс хэдэн сарын хооронд энэ идэвхжилт эрчимждэг вэ?
- Томуу, томуу төст өвчний вирусийн халдвар нь улирлын шинж чанартай. Ерөнхийдөө 10-4 дүгээр сарын хугацаанд уг халдварын дэгдэлт идэвхэждэг. Энэ оны 16 дахь долоо хоногийн мэдээллээр томуу, томуу төст өвчний халдвар Улаанбаатарт 10 мянган хүн амд 26 хувьтай бүртгэгдэж байна гэх тооцоо гарсан. Энэ жилийн хувьд 2-4 настнууд уг халдвараар өвчлөх тохиолдол нэмэгдэж байна. Нийт өвчлөлийн 25 орчим хувийг энэ насны хүүхдүүд эзэлж байна. Харин 15-49 насны иргэд 15.9 хувьтай өвчилж байгааг Томуугийн үндэсний төвөөс мэдээлсэн.
- Томуу, томуу төст өвчнөөр өвчлөхөд юу нөлөөлж байна вэ, энэ жилийн хувьд дэгдэлт урьдын жилүүдээс арай эрт эхэлсэн ажиглагдаж байна.
- Энэ жил халдварын шинж тэмдэг есдүгээр сараас эхэлсэн бол аравдугаар сарын сүүл болон 11 дүгээр сарын эхээр халдварын тохиолдол нэмэгдэх боллоо. Хүмүүсийн ярьж заншсанаар ханиад буюу томуу, томуу төст өвчнийг үүсгэгч гол хүчин зүйл нь вирус байдаг. Томуу болон томуу, төст өвчний вирус нь ялгаатай. Томуугийн вирус нь А, B, C, D гэсэн дөрвөн хэв шинжтэй. Үүнээс А болон В вирус нь улирлын болон томуугийн цар тахлыг үүсгэх чадвартай тул нийгмийн эрүүл мэндийн анхаарал татсан вируст хамаарагддаг. Харин томуу төст өвчин нь амьсгалын замын өвчлөл үүсгэдэг 200 гаруй төрлийн вирустэй. Энэхүү вирусүүд нь ихэвчлэн 0-5 насныханд түгээмэл тархдаг. Зургаагаас доош насныханд улирлын томуугийн вакцин хийдэггүй нь өвчлөл үүсгэх гол хүчин зүйл болдог. Мөн бага насныхны дархлааны механизм насанд хүрэгчдийнхийг бодвол харьцангуй сул байдаг нь бас нэгэн эрсдэлт хүчин зүйл юм. Түүнчлэн 65-с дээш насныхан, амьсгалын замын архаг өвчлөлтэй, зүрх судасны өвчин болон чихрийн шижинтэй хүмүүс томуугийн хүрээний вирусээр өвчлөх эрсдэл өндөр байдаг. Түүнчлэн жирэмсэн, хөхүүл ээжүүдэд халдвар өргөн тархдаг.
- Насанд хүрэгчид мөн өвчилдөг шүү дээ. Энэ нь тэдгээр иргэдийн дархлаанаас хамаарч байна гэсэн үг үү?
- Дээр дурдсанчлан томуу болон томуу төст өвчний вирус нь хоорондоо ялгаатай. Тэгэхээр тухайн өвчлөгч томуугийн вирусээр өвчилж байна уу эсвэл томуу төст өвчний вирусээр өвчилж байна уу гэдгээс хамаарна гэсэн үг. Томуугийн үндэсний төвийн мэдээлснээр энэ жилийн хувьд томуугийн B хүрээний вирусийн тархалт өндөр байна. Энэ төрлийн вирусийн эм зүйн тэмдэг нь бусдыгаа бодвол илүү хурц илэрдэг. Үүний шинж тэмдэг нь өндөр халуурах, хоолой өвдөх, ханиалгах, цэр гарах, булчин үе мөчөөр өвдөх зэргээр илэрдэг. Мөн эм зүйн шинж тэмдэг нь илүү удаан хугацаагаар илэрдэг тул томуу төст өвчнөөсөө илүү хүнд байгаа юм. Энэ нь цаашилбал уушгины хатгаа өвчнийг хүндрүүлэх эрсдэлтэй. Тэгэхээр 2026 онд томуугийн B вирусийн тархалт өндөр байгаа учраас илүү хүнд, удаан хугацаагаар үргэлжилж байна гэсэн үг.

- Вирус үүсэхэд утаа болон хотын агаарын чанар хэр нөлөөлдөг вэ, орон нутагтай харьцуулсан судалгаа байдаг уу?
- Улаанбаатар болон орон нутгийн ялгааг бид юун түрүүнд тоон мэдээлэлд үндэслэн хүргэх нь зүйтэй. Гэхдээ одоогоор үүнийг баталж, үгүйсгэх ялгаатай тоон мэдээлэл хараахан байхгүй байна. Вирусийн гаралтай өвчлөлийг шууд газарзүйн байршилтай холбоотой гэж тайлбарлах боломжгүй. Мэдээж хүйтэн, сэрүүний нөлөөл болон агаарын бохирдол нь өвчлөл үүсгэх эрсдэлт хүчин зүйлд орно. Гэхдээ агаарын бохирдол дангаараа томууг үүсгэж байна гэж үзэж болохгүй. Харин агаарын бохирдол нэмэгдсэнээр амьсгалын замын архаг хууч өвчтэй хүмүүсийн өвчлөлийг хүндрүүлдэг.
- Өнөөдрийн байдлаар гуравдугаар эмнэлэгт томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүний тоо хэд байна вэ, ачаалал нэмэгдсэн үү?
- Одоогоор манай эмнэлгийн Уушги судлалын тасагт тус өвчлөл харьцангуй цөөн бүртгэгдэж байна. Гэхдээ энэ нь өвчлөгсдийн тоо бага байна гэсэн үг биш юм. Манайд хэвтэн эмчлүүлж байгаа амьсгалын замыг архаг өвчин туссан өвчтөнүүдийн дийлэнх нь томуу, томуу төст өвчнөөр өвчилж тэр нь явцдаа хүндэрсэн тохиолдлууд байгаа. Энэ тохиолдлын тоо аравдугаар сарын эхэн үеэс нэмэгдэх болсон.
- Цаашид хүйтний эрч улам чангарна. Та бүх насныханд зориулж урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгөөч?
- Аливаа халдварт өвчнийг бид өвчилснийхөө дараа эмчлэхээс илүү урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар авах ёстой. Томуу, томуу төст өвчний тархалт агаар дуслын замаар дамждаг. Өөрөөр хэлбэл нэгэнт өвчилсөн хүнээс ханиаж, найтаах үед гарах вирусүүд өвчлөл аваагүй эрүүл хүнд хүрснээр олон хүнд нэгэн зэрэг халдварладаг. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд бид нэн тэргүүнд амны хаалтаа заавал зүүх ёстой. Мөн өдөр тутамдаа спиртэн суурьтай гар ариутгагч биедээ авч явах хэрэгтэй. Түүнчлэн өдөр тутамдаа гараа тогтмол угааж, өрөө тасалгаандаа өдөрт 2-3 удаа агаар сэлгэлт хийх хэрэгтэй. Насанд хүрсэн өвчлөгчид вирусээ хүүхдүүддээ дамжуулах тохиолдол элбэг байдаг тул гэртээ ормогцоо давсны уусмал эсвэл содатай уусмалаар хоолойгоо зайлах хэрэгтэй. Эдгээрээс гадна томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх гол зүйл нь вакцинжуулалт байдаг. Тиймээс бага насны хүүхэдтэй өрхүүд болон насан хүрэгчид эсрэг заалтгүй бол улирлын томуугийн вирусийн вакцинжуулалтад заавал хамрагдах хэрэгтэй. Ингэснээр халдвар авсан тохиолдолд хүндрэхээс сэргийлдэг.
- Ханиад хүрмэгцээ шууд эмийн сангаас антибиотик аваад уучихдаг тохиолдол бий. Энэ нь эмчилгээний зөв арга болж чадах уу?
- Энэ бол маш буруу ойлголт. Өмнө хэлсэнчлэн томуу, томуу төст өвчнийг үүсгэгч гол зүйл нь вирус. Тэгэхээр бид вирусийн эсрэг эмчилгээ хийх ёстой. Харин вирусийн халдвар нь хүндэрч, үрэвслийн хэмжээнд очсон эсвэл уушгиний хатгалгаа туссан эрсдэлт бүлгийн хүн амд эмчийн заалтаар антибиотик эмчилгээг вирусийн эмчилгээтэй хавсарч хийдэг. Тэгэхээр ханиад хүрлээ гээд шууд антибиотик ууж болохгүй. Нэн түрүүнд өөрт ойр эмчид хандаж, вирусийн эсрэг эмчилгээ хийх нь зүйтэй. Мөн өвчилсөн тохиолдолд өдөр тутамдаа хангалттай хэмжээний халуун, бүлээн шингэн ууж, хоолоо сайн идсэнээр өвчлөлийг намжааж, тархаахгүй байх боломжтой.
- Ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл үлдээх