Пол Маккартнигийн цэвэр хөрөнгө 1.4 тэрбум ам.долларт хүрснийг даваа гарагт Forbes-оос мэдээллээ. Ингэснээр тэрээр хөгжмийн салбарын хамгийн чинээлэг гурав дахь хүнээр тодроод байна.
Уг жагсаалтыг реппер Jay Z 2.8 тэрбум ам.доллар хөрөнгөөр тэргүүлдэг бол түүний араас поп од Тэйлор Свифт бичигддэг билээ. Түүний цэвэр хөрөнгө 2 тэрбум ам.доллар юм.
Forbes сэтгүүлийн мэдээлснээр Пол Маккартнигийн хөрөнгийн дийлэнх хувийг 1969 онд үүсгэн байгуулсан өөрийн болон бусад уран бүтээлчдийн дууны зохиогчийн эрхийг эзэмшиж, удирддаг "MPL Communications" компани бүрдүүлдэг байна.
Тус компани Бадди Холли зэрэг уран бүтээлчдийн дууны каталог, Бродвейн мюзиклийн хөгжмийн бүтээлүүд болон Зул сарын баярын алдартай дуунуудын эрхийг худалдан авсан нь түүний хөрөнгөд ихээхэн хувь нэмэр оруулжээ. Эдгээр нь ойролцоогоор 250 сая ам.долларт хүрдэг байна.
Түүнчлэн Маккартни “The Beatles” хамтлагийн дөрвөн гишүүний нэг байсны хувьд “Apple Corps” компанийн орлогын 25 хувийг эзэмшдэг. Тус компани стриминг үйлчилгээ, пянзны борлуулалт зэргээс жилд 50 сая ам.долларын орлого олдог аж.
Эдгээрээс гадна түүний хөрөнгөд дэлхийг тойрсон аялан тоглолтууд, үл хөдлөх хөрөнгүүд болон урлагийн бүтээлийн цуглуулга багтдаг гэнэ. Маккартни сүүлийн жилүүдэд уран бүтээлээ үргэлжлүүлсээр байгаа бөгөөд өнгөрсөн тавдугаар сард “The Boys of Dungeon Lane” хэмээх бие даасан 20 дахь цомгоо гаргажээ.
Сэтгэгдэл үлдээх