“The Wall Street Journal” пүрэв гарагт Женсен Хуаныг огцруулахад бэлтгэж байгаа тухай мэдээлжээ.
Женсен Хуантай холбоотой дуулиан гарснаас хойш Nvidia компанийн хувьцааны ханш огцом унаж, зах зээлийн үнэлгээ нь хоёрхон өдрийн дотор ойролцоогоор 430 тэрбум ам.доллароор буурчээ. 11 дүгээр сарын 9-нд хувьцааны ханш 4.3 хувь, дараагийн өдөр нь 5.5 хувиар тус тус унасан байна.
Мөн түүнийг огцруулахад бэлтгэж байгаа тухай мэдээлэл гарсны дараа хувьцааны ханш арилжааны дараах үеэр дахин 8.4 хувиар буурчээ.
Женсен Хуан 11 дүгээр сарын 8-нд ажилтнууддаа илгээсэн захидалдаа эхнэртээ үнэнч бус байснаа хүлээн зөвшөөрч, гэр бүлээсээ уучлалт гуйсан юм. Тэрээр өөрийн үйлдэл эхнэр, хүүхдүүдэд нь хүндээр туссаныг хүлээн зөвшөөрч, ямар ч шалтаг байхгүй хэмээн бичжээ.
Хамгийн ноцтой нь 10 дугаар сарын 29-нд “New York Times” түүний дотно харилцаа тогтоосон эмэгтэйг Хятадын тагнуул байх боломжтой гэж үзэж байгаа талаар нийтэлсэн юм.

Томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд дараагийн гүйцэтгэх захирлаар Nvidia-г хамтран үүсгэн байгуулагч Крис Малаховски томилогдох боломжтой гэж үзэж байна.
Нэр холбогдоод буй Алис Хуан нь Сингапурт төвтэй дата төвийн “Megaspeed” компанийн удирдах албан тушаалд ажиллаж байсан бөгөөд өмнө нь Хятадад телевизийн сэтгүүлчээр ажиллаж байжээ.
“The Japan Times” сонины мэдээлснээр, Бээжингийн Төрийн аюулгүй байдлын яам Алис Хуан гэх Хятадын бизнес эрхлэгч эмэгтэйг Nvidia компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуанаас мэдээлэл цуглуулах зорилгоор элсүүлсэн байна. Тус байгууллагын зорилго нь АНУ-ын хиймэл оюуны чипийн талаарх мэдээлэл олж авахаас гадна Nvidia компанийг хамгийн дэвшилтэт чипүүдээ Хятадад нийлүүлэхийг дэмжүүлэхэд нөлөөлөх явдал байсан гэж гэж үзжээ.
Женсен Хуан коллежид байхдаа танилцсан Лори Миллстэй 1985 онд гэрлэсэн бөгөөд тэд Мэдисон Хуан, Спенсер Хуанг хэмээх хоёр хүүхэдтэй.

Сэтгэгдэл үлдээх