11 төрөлжсөн ахлах сургууль үйл ажиллагаагаа эхлүүллээ

.Graph
2026-11-12

2026-2027 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлаас эхлэн улсын хэмжээнд 11 төрөлжсөн ахлах сургууль үйл ажиллагаагаа эхлүүллээ. Эдгээр сургуулийн нэг нь Төв аймгийн Зуунмод хотод үйл ажиллагаа эхлүүлж  буй “Эрдэмт  ирээдүй” төрөлжсөн ахлах сургууль юм.

Төрөлжсөн ахлах сургууль нь сурагчдын авьяас, сонирхол, ирээдүйн мэргэжлийн чиг баримжаанд тулгуурлан ахисан түвшний сургалт зохион байгуулж, математик, байгалийн ухаан болон бусад чиглэлээр гүнзгийрүүлэн суралцах боломжийг бүрдүүлдэг. 

Уг тогтолцооны хүрээнд сурагчид чадварлаг багш нараар ахисан түвшний хөтөлбөрөөр хичээллэж, цаашид их, дээд сургуульд сонгосон мэргэжлээрээ үргэлжлүүлэн суралцах суурь мэдлэг, ур чадварыг эзэмших юм.

Энэ хичээлийн жилд нийтдээ улсын хэмжээнд 31 төрөлжсөн ахлах сургууль хичээллэж байна. Мөн орон нутагт 18 аймагт төрөлжсөн ахлах сургууль бий. Төрөлжсөн ахлах сургуулиудын ихэнх нь математик, байгалийн ухааны чиглэлээр хөтөлбөрөө сонгожээ.

Төрөлжсөн ахлах сургуулийн тогтолцоог хөгжүүлснээр хэд хэдэн чухал үр дүн гарна гэж үзэж байна.

Нэгдүгээрт, суралцагчдын хэрэгцээ, авьяас, сонирхолд тулгуурласан сургалт явуулах боломж бүрдэж, ирээдүйн мэргэжлийн чиг баримжаатай уялдуулан сонгосон хичээлээ гүнзгийрүүлэн судлах нөхцөл бүрдэнэ.

Хоёрдугаарт, суралцагчид дээд боловсролын сургалтын байгууллагад үргэлжлүүлэн суралцах академик бэлтгэлээ ахлах ангиасаа хангах, эзэмшсэн кредитээ дүйцүүлээд суралцах боломжийг нээж байна.

Гуравдугаарт, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн хүний нөөцийг бэлтгэхэд чухал хувь нэмэр оруулна.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe