Монжура тарилгын эм эрсдэл ихтэй

.Graph
2026-11-13

Чингис хаан олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын ажилтнууд энэ онд улсын хилээр нэвтрүүлж буй ачаа, тээш, зорчигчийн гар цүнхийг шалгаж, 5,298.08 грамм мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрүүлжээ. Зарим зорчигч “Хүний дайвар авсан. Би мэдэхгүй” хэмээн хариулдаг ч энэ нь эрүүгийн хариуцлагаас мултрах үндэслэл болдоггүйг гаалийн хяналт шалгалтын ажилтан анхааруулав.

Мөн Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй “Монжура (Mounjaro)” нэршилтэй 3700 гаруй тарилгын эмийг улсын хилээр нэвтрүүлэхээр завдсан 100 гаруй тохиолдлыг илрүүлсэн байна. “Монжура (Mounjaro)” нь II хэлбэрийн чихрийн шижинг эмчлэх зориулалттай, гаднын улсуудад зөвхөн жороор олгодог тарилгын эм гэнэ. Уг эм цусан дахь сахрыг бууруулахаас гадна биеийн жинг мэдэгдэхүйц бууруулдаг тул олон улсад жин хасах зорилгоор өргөн ашигладаг аж.

Уг тарилгын эм Монгол Улсын эмийн бүртгэлд ороогүй тул дотоодын эмийн сангуудаар борлуулах боломжгүй. Хувь хүн болон цахим сүлжээгээр гар дээрээс зарагдаж буй бүртгэлгүй тарилгын эм нь хадгалалтын горим алдагдаж, хугацаа нь дууссан эсвэл хуурамч байх өндөр эрсдэлтэй.  Мөн хоол боловсруулах эрхтний хямрал, нойр булчирхайн үрэвсэл үүргэдэг хоруу чанартай аж. 

Үүний гадна иргэд утаат тамхийг хувийн хэрэглээнээс хэтрүүлэн олон зуун хайрцгаар нь зөөх зөрчил өсөх хандлагатай байгаа гэнэ. Тухайлбал он гарсаар гаалийн ажилтнууд 57 удаагийн үйлдлээр 2100 блок, 420 мянган ширхэг утаат тамхи хилээр оруулах гэсэн үйлдлийг илрүүлжээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe