Хууль бусаар хөрөнгөжсөн төрийн албан хаагчдын хөрөнгийг хурааж 100 сая төгрөгөөс дээш бол бүх насаар нь хорих тухай иргэн Б.Болдбаатарын санаачилсан цахим өргөдөлд 100 208 иргэн нэгдэж, гарын үсэг зурсан байна.
Иргэн цахим өргөдөлдөө “Төрийн албан хаагчид төрийн дээд, дунд, доод шат ялгаагүй, авлига албан тушаалын гэмт хэрэг хийсэн ч ялгүй үлдэж татвар төлөгчид болон улсыг маш их хэмжээгээр хохироож байна. Төрдөө үнэнчээр ажилладаг албан хаагч гэж байхгүй боллоо. Их хэмжээний авлига авсан ч 40 сая төгрөгөөр торгуулаад өнгөрөх нь энэ төрлийн гэмт хэргийг улам дэвэргэж өөгшүүлж байна” хэмээн онцолжээ. Өргөдөл санаачилсан нь төрөөс төрсөн тэрбумтан авлигач төрийн албан хаагчдын хууль бусаар олсон хөрөнгийг хурааж, улсыг хохиролгүй болгох, ийм төрлийн гэмт хэрэг дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх зорилготой аж.
Монгол Улсын төрд үнэнчээр зүтгэх хүн алга болж зөвхөн өөрсдийн амин хувийн эрх ашгийг хангахын тулд эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгож оронд нь мөнгө эд хөрөнгө хахууль болгон авдаг байдал төрийн бүх шатанд даамжирч иргэдийн бухимдлыг асар ихээр төрүүлээд буй. Цахим өргөдөлд 100 208 хүн нэгдсэнээр ийн нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг санаачлах, боловсруулах, хэлэлцүүлэх боломж бүрдлээ.
Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн өнөөдөр Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж дууссан, хэлэлцүүлэхэд бэлэн болсон хэмээн мэдээллээ.
Сэтгэгдэл үлдээх